Энэ долдугаар сарын эхээр урьд нь зүв зүгээр байсан 21 настай залуу амьсгал нь боогдож эмнэлэгт хүргэгджээ. Түүний өвчлөл маш түргэн хурц шатандаа орж, нисдэг тэргээр Юта мужийн Солт Лейк хотын эрүүл мэндийн төв рүү илгээв. Эмч нар гайхаж хоцров. Залуугийн уушги хүнд ханиад, хатгалгаа туссан мэт бүхэлдээ цайрсан байжээ. Ид зун учир ханиад биш. Шинжилгээ хийхэд халдвар илэрсэнгүй. Ганц хэвийн бус зүйл нь залуу ТНС цахим тамхи болон никотинтой бүтээгдэхүүн хэрэглэдэг аж.
Эмч нар амьсгалын аппарат залгаж, дээд хүчээр нь ажиллуулсан боловч хүчилтөрөгч дутагдсан хэвээр байгааг ажиглав. Ютагийн их сургуулийн доктор Шон Каллахан “Үнэндээ маш их айсан шүү. Маш залуухан өвчтөн үхэх гэж байгаа мэт санагдсан” хэмээв. АНУ даяар хэдэн зуун эрүүл байсан залуус гэнэт амьсгалын замын доголдолд орж, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол бүртгэгдээд байна. Тэдний уушги хүнд өвчинд нэрвэгдсэн буюу химийн бодист хордсон мэт харагдаж байв. Гэхдээ тэднийг холбож буй зүйл нь вейпинг буюу цахим тамхи хэрэглэдэг явдал юм.
Олонх нь ТНС хэмээх олсны ургамалд суурилсан сэтгэцэд нөлөөлдөг орцтой цахим тамхи хэрэглэж байжээ. АНУ-ын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвийн мэдээгээр 450 гаруй хүнд тохиолдолд бүртгэгдсэнээс нэлээд хэд нь үхэлд хүргэсэн аж. Уг өвчлөл эрүүл мэндийн албаныхны анхаарлыг татаж, орон даяар эмч, судлаачид учир шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн. Ютад анхны өвчтөнг цусанд нь шууд хүчилтөрөгч тарих замаар аварсан боловч дахиад олон тохиолдол гарчээ. Эмч нар өвчтөний уушгины эд эсэд тос хуримтлагдсан байгааг илрүүлсэн нь цахим тамхины зарим орц тунаж улдсэнээс үүссэн байх гэж таамагласан байна. Ганц Юта муж улсаар тогтохгүй бусад газруудад ийм өвчин бүртгэгдээд буй. Висконсины их сургуулийн эмнэлгийн радиологич Жеффри Канне “Уушгины өвчин түргэн хүндэрдэг. Сканаар харахад аж үйлдвэрийн ослын үед хортой химийн бодисоор амьсгалсантай адил уушги хүнд шархадсан мэт үзэгддэг” хэмээн ярилаа.
Юта мужийн эрүүл мэндийн төвийн уушгины мэргэжилтэн Скотт Аберегг “Бидний бодлоор газар сайгүй ижил зүйл илэрч байх шиг байна. Залуусын хувьд энэ нууцлаг өвчин аймшигтай эрсдэл. Өвчтөн чичирч халууран, хөлс нь урсан амьсгалж чадахгүй, цээж нь давчдах шинж үзэгддэг” гэсэн юм. Эрүүл мэндийн албаныхан өвчлөл ба үхлийн тохиолдлуудыг судлахын хамт вейпингийн хэрэгсэл, цахим тамхийг хориглох асуудлыг авч үзэж байна. Нью-Йорк мужийн судлаачид Е амин дэмийн ацетат ийм хөнөөлд хүргэж байж болзошгүй гэж таамаглажээ.
Энэ бодисыг хүнсний нэмэлтээр ашиглахад хоргүй боловч амьсгалаар хэрэглэхэд аюултай байж магадгүй гэж үзэж буй. Гэвч Bloombergийн холбогдсон эмч нар өвчин үүсгэгчийг тогтоож амжаагүй байна гэж хариулсан. АНУ-ын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвөөс баасан гарагт гаргасан мэдэгдэлд уушгины шархлаа голдуу ТНС агуулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүст тохиолдож байгааг тэмдэглэжээ. Гэхдээ хүмүүс янз бүрийн вейпинг бүтээгдэхүүн хэрэглэдэг учир чухам алинаас нь уушгины шархлаа үүсдэгийг тогтооход бэрхтэй. Ямар ч гэсэн эмч нар вейпингийн улмаас хүндээр өвчлөн ирсэн өвчтөнд түргэн тусламж үзүүлэхийн сацуу бусад эмч мэргэжилтнүүдтэй мэдээллээ хуваалцаж, учир шалтгаан ба эмчилгээг тогтоохоор ажиллаж байна.
ЗГМ сонин