
Нян, вирус, мөөгөнцрийн эсрэг эмийг шаардлагагүй үед хэрэглэх, буруу тунгаар болон хэтрүүлэн хэрэглэх нь бичил биетний тэсвэржилт (ББТ) үүсэж, тархахад нөлөөлдөг. Үүний улмаас халдварт өвчнийг эмчлэхэд хүндрэл учирч, эмчилгээний үр дүн буурах эрсдэлтэй.
Бичил биетний эсрэг эм гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчээс үүдэлтэй халдварыг эмчлэхэд хэрэглэдэг эмүүд багтана. Тухайлбал, антибиотик нь нянгийн халдварын эсрэг хэрэглэдэг эм юм.
Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэхийн тулд эмч нар бичил биетний эсрэг эмийг зөвхөн шаардлагатай үед, үндэсний эмнэлзүйн зааврын дагуу жороор бичих хэрэгтэйг зөвлөж байна.
Мөн эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдэд эмийн зохистой хэрэглээг тайлбарлаж, эмчилгээг эмчийн зааврын дагуу хийх нь яагаад чухал болохыг ойлгуулах шаардлагатай юм.
Эмийг зөвхөн шаардлагатай үед, зөв тунгаар, эмчийн зааврын дагуу хэрэглэх нь бичил биетний тэсвэржилтээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг














































