Мөнхийн залуу насыг хүн төрөлхтөн эртнээс мөрөөдөж ирсэн. Үлгэр домогт залуу насыг буцаан авчирдаг шидэт ундааны тухай гардаг бол бодит амьдрал дээр ч эрүүл мэндийг дэмжиж, хөгшрөлтийн явцыг удаашруулахад туслах ундаанууд бий. Энэ удаад амт чанараас гадна найрлага дахь антиоксидант, амин дэм болон бусад ашигтай бодисоороо ялгардаг 10 ундааг танилцуулж байна.
1. Ус – эрүүл мэндийн үндэс
Арьсаа толигор, чийглэг байлгахын тулд бие махбодоо хангалттай усаар хангах хэрэгтэй. Ус нь арьсны хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна биеийн шингэн, электролитийн тэнцвэрийг хадгалж, тархины үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Өдөрт уух усны хэмжээ нь биеийн жин, хөдөлгөөн, цаг агаар болон эрүүл мэндийн байдлаас шалтгаална.
2. Кофе – эсийг хамгаалахад тусална
Кофе нь олон хүний өдөр тутмын хэрэглээ төдийгүй антиоксидантын эх үүсвэр юм. Судалгаануудаар кофе тогтмол хэрэглэх нь зарим төрлийн өвчний эрсдэл буурахтай холбоотой болохыг тогтоожээ. Гэхдээ хэт их кофе уух нь нойр, зүрхний цохилт болон даралтанд сөргөөр нөлөөлж болзошгүй. Иймээс хэмжээг нь тохируулах нь чухал.
3. Архи, дарс – бага хэмжээгээр ч эрсдэлтэй
Дарс нь антиоксидант, ялангуяа улаан дарсанд агуулагддаг полифенолын нэгдлүүдээрээ онцлог. Эдгээр бодис нь эсийг исэлдэлтийн стрессээс хамгаалах, судасны үйл ажиллагааг дэмжих зэрэг нөлөөтэй. Мөн зарим судалгаанд дарсны найрлага дахь полифенолыг зүрх судасны эрүүл мэндтэй холбон судалсан байдаг. Гэхдээ эдгээр боломжит ашиг тус нь архи хэрэглэхийг зөвтгөх үндэслэл биш бөгөөд эрүүл мэндээ хамгаалахын тулд дарс ууж эхлэх шаардлагагүй.Эрдэмтдийн үзэж байгаагаар эмэгтэй хүн өдөрт нэг хундага, эрэгтэй хүн хоёр хундага дарс уух нь эрүүл мэндэд тустай гэнэ.
4. Ногоон цай – хүчтэй антиоксидантын эх үүсвэр
Ногоон цай нь катехин хэмээх хүчтэй антиоксидантаар баялаг. Эдгээр бодис нь эсийг исэлдэлтийн стрессээс хамгаалахад тусалдаг. Мөн ногоон цайг тогтмол хэрэглэх нь зүрх судасны эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байж болохыг судалгаанууд харуулдаг. Өдөр тутмын хооллолтдоо чихэргүй ногоон цай нэмж хэрэглэж болно.
5. Какао – зүрх судасны эрүүл мэндэд тустай
Какао нь флавоноид хэмээх антиоксидантаар баялаг. Эдгээр нэгдэл нь судасны үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтэд эерэг нөлөө үзүүлж болзошгүй. Мөн цусны даралт болон бодисын солилцоотой холбоотой зарим үзүүлэлтэд ашигтай нөлөөтэй. Элсэн чихэр багатай, цэвэр какаогоор бэлтгэсэн ундаа сонгох нь хамгийн зөв.
6. Шар буурцгийн сүү – арьсны уян хатан чанарыг дэмжинэ
Шар буурцгийн сүү нь изофлавон хэмээх ургамлын гаралтай нэгдлээр баялаг. Эдгээр бодис нь эстрогентэй төстэй бүтэцтэй бөгөөд эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн зарим зовиурыг бууруулахад тусалж болно. Мөн уураг агуулдаг тул арьс, булчингийн хэвийн үйл ажиллагааг дэмжихэд тустай.
7. Улаан бэрсүүт жүржийн шүүс – арьсыг хамгаална
Улаан бэрсүүт жүрж нь ликопин хэмээх антиоксидант агуулдаг. Энэ бодис нь чөлөөт радикалуудын нөлөөг бууруулж, эсийг хамгаалахад оролцдог. Мөн арьсны хэвийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой. Гэхдээ бэрсүүт жүрж нь зарим эмийн үйлчлэлд нөлөөлдөг тул эм хэрэглэдэг хүмүүс эмч, эм зүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
8. Луувангийн шүүс – тархины үйл ажиллагааг дэмжинэ
Луувангийн шүүс нь бета-каротин болон бусад антиоксидантын эх үүсвэр юм. Бета-каротин нь биед А аминдэм болж хувирдаг бөгөөд хараа, дархлаа, арьсны хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Мөн лууванд агуулагдах лютеолин зэрэг ургамлын нэгдлүүдийг тархины эрүүл мэндтэй холбоотойгоор судалж байна. Боломжтой бол шүүсийг хэтрүүлэлгүй, бүхэл луувантай ээлжлэн хэрэглээрэй.
9. Жүржийн шүүс – харааг хамгаалахад тусална
Жүржийн шүүс нь С аминдэм болон бусад антиоксидантаар баялаг. С аминдэм нь нүдний эд эсийг хамгаалах, коллаген үүсэхэд чухал үүрэгтэй. Харин нүдний торлог бүрхэвчийг хамгаалахад лютеин, зеаксантин зэрэг бодис онцгой ач холбогдолтой. Элсэн чихэр нэмээгүй, шинэхэн шүүсийг бага хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна.
10. Хүрэн манжингийн шүүс – цусны эргэлтийг дэмжинэ
Хүрэн манжингийн шүүс нь байгалийн нитрат болон антиоксидант агуулдаг. Нитрат нь биед азотын ислийн нийлэгжилтийг дэмжиж, судас тэлэх, цусны эргэлтийг сайжруулахад оролцдог. Зарим судалгаагаар хүрэн манжингийн шүүс цусны даралтыг бууруулахад тусалж болохыг тогтоожээ. Мөн тархины цусан хангамжтай холбоотой нөлөөг нь судалж байна.
















































