Засгийн газрын шийдвэрээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв (ХАБЭМТ)-ийн дэргэд Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг шинээр барихаар болж, ажлыг нь 2023 оноос эхлүүлжээ. Тэгвэл тус эмнэлгийг найман давхар, 3500 ам метр талбайтайгаар барьж дуусган, ХАБЭМТ-ийнхөнд энэ сарын 12-нд хүлээлгэн өгчээ.
Чингэлтэй дүүргийн III хороонд байрлах тус төвийн 1-3 дугаар давхарт эмнэлгийн амбулаторийн хэсэг, дөрөвдүгээр давхарт Эмнэл зүй, химийн лаборатори, 5-6 дугаар давхарт Сэргээн засах эмчилгээний тасгийнхан үйл ажиллагаа явуулах гэнэ. Харин 6-8 дугаар давхарт ХАБЭМТ-ийн оффис байрлана. Эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тусламж, үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй үйлчлэх боломж бүрдсэн байна.
ХАБЭМТ-ийг 1967 онд Улсын мэргэжлийн өвчний диспансер нэртэйгээр байгуулж, хоёр давхар, 800 ам метр талбай бүхий хуучирч муудсан, стандартын шаардлага хангахгүй барилгад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж иржээ. Энэ нь өвчний тархалт, үйлчлүүлэгчдийн өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байсан тул өргөтгөх саналыг төвийн удирдлага, эмч, ажилтнууд эрх баригчдад 2012 оноос хойш удаа дараа тавьсны эцэст ийн шинэ байртай болсноо дуулгав.
















































