Угаарын урхаг буюу хотжилтын шинэ өвчин

Угаарын урхаг буюу хотжилтын шинэ өвчин

 

Монголд ядуурлаас үүдсэн гэхээсээ илүүтэй авлига, хээл хахуул, ханаж цадахаа мэдэхээ байсан сувдаг зан, шунахай сэдлээс улбаатай нэгэн шинэ төрлийн өвчин бий болсон нь угаарын хийн хордлого юм. Бид саяхныг хүртэл угаартах, түүнд хордож нас барах тухай ойлголтгүй л байлаа. Учир нь угаарын хордлого бага бүртгэгддэг байсантай холбоотой л доо. Харин эдүгээ, ялангуяа утааны улиралд өглөө сэрэх бүрд шахам хотын хаа нэгтээ ээж нь охинтойгоо, аав нь хүүтэйгээ, эмээ, өвөө нь ач, зээтэйгээ угаартаж амиа алджээ гэсэн гашуун мэдээ сонсдог болсон. Найман хүн угаартаж нас барсны тав нь нэг гэр бүлийн гишүүн гэхэд нийгмээрээ ер айж цочирдохоо больсон нь бүр ч аймшигтай. Өөрөөр хэлбэл, одоогоос 20 хүрэхгүй жилийн өмнө огт бүртгэгдэж байгаагүй шахам угаарын хийн хордлогын тохиолдол өдгөө эрүүл мэндийн статистикт “дээгүүр байр” эзэлж, цэс болон нэмэгдсэн байх аж.

ЧИМЭЭГҮЙ ҮХЭЛ

Бид угаарын хийн хордлогын талаар сүүлийн жилүүдэд олонтоо ярьж буй ч энэ талаарх мэдлэг, ойлголт төдийлөн муутай. Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)- ийнхний тодорхойлсноор нүүрстөрөгчийн дан исэл (CO) буюу угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, амтгүй, маш хортой бөгөөд түлш (нүүрс, мод)-ний дутуу шаталтын үед үүсдэг. Энэ нь амьсгалын замаар биед ормогцоо цусны улаан эс дэх хүчиртөрөгч зөөвөрлөгч гемоглобинтой нэгдэн карбоксигемоглобин үүсгэдэг байна. Ингэснээр цус хүчилтөрөгч зөөвөрлөх чадвараа алдаж, оронд нь нүүрсний хорт хий тээвэрлэн тархи, зүрх зэрэг эрхтнийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж гэмтээдэг аж.

Хөнгөн хордлогын үед толгой өвдөж, дотор муухайран, бөөлжиж, ядарч сульдана. Харин хүнд хэлбэрийн хордлогын явцад ухаан балартах, амьсгал давчдах, зүрх дэлсэх, таталт өгөх, ухаан алдах, улмаар үхэлд хүргэх аюултай. Машины яндангийн утаа (гарааш, битүү орчинд), генератор, плитк, халаагуур, зуух буруу ашиглах үед ч хордох эрсдэлтэй. Гэхдээ Монголын нөхцөлд энэ юу ч биш, нийслэл хотын нийт хүн ам утааны улирлын туршид угаарын хийгээр амьсгалж, чимээгүй үхэж байгаа нь хатуу ч гэсэн үнэн билээ. Заавал гэнэтийн хордлогод өртөж байж угаартана гэсэн үг биш байх нь. Агаар дахь нүүрстөрөгчийн дутуу исэл нь хүнийг шууд үхэлд хүргэхгүй ч удаан хугацаанд ингэж “мэрдэг”, урхаг ихтэй, аажимдаа ноцтой үр дагаварт хүргэдэг гэсэн үг.

НЭМҮТ-ийн судалгаагаар, угаарын хий нь архаг ядаргаа, сульдаа өвчин үүсгэж, эсийн нөхөн төлжилтийг удаашруулах замаар дархлаа муутгадаг. Цаашлаад тархины эсийг гэмтээснээр анхаарал төвлөрөх чадвар доройтох, ой тогтоолт сулрах, толгой байнгын өвдөх, нойрмоглох, сэтгэл гутрах, зарим тохиолдолд тархины хүчилтөрөгчийн дутагдлын хам шинж ч үүсгэж болзошгүй гэнэ. Ялангуяа хүүхэд, өсвөр насныхны тархи хөгжлийн ид үедээ байдаг тул сөрөг үр дагавар ихтэй байж болно. Түүнчлэн нүүрс¬төрөгчийн дан исэл нь зүрхэнд очих хүчилтөрөгчийн хэмжээг бууруулснаар булчин ачааллуулж цусны даралт ихэсгэх, цусан хангамжийн дутмагшил, шигдээсийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Угаарын чимээгүй хордлого нь мөн амьсгал давчдах, ханиалгах, уушгины эсийг гэмтээх, тэр дундаа хүүхдэд амьсгалын замын архаг өвчин (бронхит, астма) үүсгэдэг. Жирэмсэн эмэгтэй, ургийн хөгжилд хүртэл аймшигтайгаар нөлөөлж, хүүхдийн тархины хөгжил саатах, жингийн дутагдалтай төрөх, хүчилтөрөгчийн хомсдолоос үүдэлтэй мэдрэлийн эмгэгийн эрсдэлийг нэмэгдүүлдэг нь олон улсын цөөнгүй судалгаа, шинжилгээгээр ч батлагдсан байдаг. Ерөнхийдөө удаан хугацааны туршид угаарын хийд өртөх нь ажлын бүтээмж бууруулж, оюуны чадвар сулрах, сэтгэл санааны тогтворгүй байдал бий болгон, нийгмийн эрүүл мэндийн нийт үзүүлэлтийг муутгадаг аж.

НАС БАРАЛТ ДЭЛХИЙН ДУНДЖААС 10 ДАХИН ӨНДӨР

Эрүүл мэндийн хөгжлийн төв (ЭМХТ)-ийн үзүүлэлтээс харвал 2014 оноос өмнө угаарын хийд хордож нас барсан тохиолдол гараагүй, 2020 оноос өмнө эл шалтгаанаар гэртээ эндсэн хүн бүртгэгдээгүй байгаа юм. Тэгвэл угаарын хийн улмаас 2020-2024 онд л гэхэд жилд дунджаар 60, 70 хүн гэртээ амиа алдсаны олонх нь нийслэлийн иргэн байжээ. Гэр орон бол хүний амьдралын хамгийн тав тухтай, стресс, айдас, дарамтгүй, эрүүл, аюулгүй, сэтгэл зүйн хувьд ч тааламжтай орчин байдаг. Улмаар өрх гэрийн ахуйн нөхцөл, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал зэрэг нь нийгмийн хөгжлийн суурь болдог. Гэтэл монголчууд галлагааны улирал эхлээд дуустал хэдэн зуу, мянгаараа нүүрстөрөгчийн дутуу исэлд хордоцгоодог. Цаашлаад амгалан тайван байх ёстой гэр орондоо хүртэл унтаад сэрэхээ болилоо. Эмч нар үүнд дасаж, эрх баригчид бүр тоохоо ч больсон байна лээ. Иргэдийн эрүүл мэнд энэ мэт зүгээр л нэг статистик болчихсон нь даанч харамсалтай. Халдварт өвчин тархсан бол давагдашгүй хүчин зүйл гэх сэн. Гэтэл 100 хувь сэргийлэх боломжтой өвчнөөр хэдий болтол хэчнээн иргэнээ алдаж байж ухаарах вэ.

Шинэ зууны Монголын нийслэлд айл өрхүүдийн дийлэнх нь хөлдөж үхэхгүйн тулд гал түлж амьдардаг. Гэвч бидний цөөхөн монголчууд амьдралын төлөөх эл тэмцлийнхээ хариуд дээр хэлсэнчлэн эрүүл мэнд, амь насаа “өргөж” байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Угаарын хийд хордох, үүний улмаас амиа алдах тохиолдол сайжруулсан түлш хэрэглэж эхэлснээс хойш эрчимтэй нэмэгдсээр байгааг графикт үзүүлэв. Тодруулбал, эрх баригчдын сайжруулсан хэмээн пиардаж, 2019 оноос гэр хорооллынхны галлагаанд шахсан “муужруулсан” түлшнээс болж 2024 он хүртэл 604 хүн угаартаж нас барсныг ЭМХТ-ийн судалгаанд дурджээ. 2025 он гарснаас хойш эхний арван сарын байдлаар 110 хүн угаарын хийн хордлогоор амиа алдсаныг ХЭҮК-оос саяхан мэдээлсэн билээ. Энэ нь шүүх шинжилгээний байгууллагаар батлагдсан баримт гэдгийг ч тэд нэмж тодотгосон. Он дуустал уг тоо хэд болж нэмэгдэхийг үнэндээ таашгүй.

Дэлхийн хэмжээнд угаарын хийн хордлогын нас баралт ч цөөнгүй бүртгэгддэг. Гэхдээ жилд дунджаар нүүрстөрөгчийн дан исэлд хордож нас барах тохиолдол 100 мянган хүн тутамд 0.3 байх юм. Тэдний 70 хувь нь эрчүүд байдаг нь үйлдвэрийн осол, ахуйн шалтгаантай нь холбоотой. Тэгвэл Монголд зөвхөн өнгөрсөн жилд угаарын хордлогоор 139 хүн нас барсан. Үүнийг 100 мянган хүн тутамд харьцуулбал 3.97 гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манайд энэ тооны хүн тутамд тохиолдож буй угаарын хийн хордлогын нас баралт дэлхийн дунджаас 10-11 дахин өндөр байгаа юм.

НҮҮРСЭЭ СОЛИОД Ч НЭМЭР БОЛСОНГҮЙ

Нүүрстөрөгчийн дутуу ислээс үүдсэн хордлогын шалтгаант өвчлөл ч 2019 оноос хойш огцом нэмэгдсэн байна. Угаартсаны улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан хүний тоо 2019 онд 468 байсан бол өнгөрсөн жил 1058 болж нэмэгджээ. Тэгвэл энэ оны эхний есөн сард угаарын хийн хордлогод 1499 хүн өртөж, эмнэлгийн тусламж авчээ. Нийслэлчүүдийг угаарын хий ийнхүү хоморголон устгаж байна гэхэд хилсдүүлсэн болохгүй. Утааны улирал эхлээ ч үгүй байхад буюу өнгөрсөн есдүгээр сард ганцхан өдрийн дотор 80, 100-гаараа угаартаж, хоёр хоногт таван хүн нас барсныг НЭМҮТ-өөс мэдээлсэн. Гэвч дүлийдээ найдаж унгараг болсон бид хэсэг шуугиад л мартсан даа.

Нийслэлд аравдугаар сарын 1-нээс хагас коксон түлш борлуулж буй. Уг түлшийг ШУАийн Хими, химийн технологийн хүрээлэн болон бусад лабораторид шинжлүүлэхэд “сайжруулсан шахмал түлшнээс 45-50 хувиар бага бохирдол, 25 хувиар бага угаарын хий ялгаруулна. Уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор нь хүртэл 80 хувиар багасна. Ингэснээр хотын агаарын бохирдол 50 хувиар буурна” хэмээн албаныхан айхавтар сурталчилсан. Гэсэн ч нүүрсээ солиод угаарын хийн шалтгаант хордлого буурсангүй, нас баралт нэмж бүртгэгдсэн хэвээрээ. Харин нийслэлийн удирдлагууд үүнийг тайлбарлахдаа “Аргал, мод, цаас, сайжруулсан түлш түлсэн ч угаарын хий ялгарна. Тиймээс иргэд зуух, яндангийн аюулгүй байдлаа сайн хангах ёстой. Цас, бороотой үед түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээх зэргээр өөрсдийгөө эрсдэлд оруулсан тохиолдол ч гарсан” хэмээн бүх бурууг иргэд рүү чихсээр л байгаа.

ИРГЭДИЙН АМЬД ЯВАХ ЭРХИЙГ ХАМГААЛЖ, БАТАЛГААЖУУЛЖ ЧАДАХГҮЙ НЬ

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтаар иргэн бүрийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулсан байдаг. Гэвч Улаанбаатарын утаа эдгээр заалтыг “хүчингүй болгоод” удав. Хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Өдий болтол нүдэн балай чихэн дүлий байсаар буй нь хачирхалтай. Төр иргэдийнхээ амьд явах эрхийг хамгаалж, баталгаажуулж чадсангүй.

Хүн гэр орондоо галаа түлж суухдаа, унтахдаа ч үхэлтэй нүүр тулна гэдэг нийгмийн хамгийн хүнд хэлбэрийн зөрчил. Иргэний язгуур эрхийн ноцтой зөрчил мөнөөс мөн. Энэ нь хувь хүний сонголт гэхээсээ илүүтэй аюулгүй орчин, чанартай түлш, стандартад нийцсэн халаалт, дулаалгын системгүй, бодлого, шийдэл, хяналтгүй төрийн харалган тогтолцоо юм.

Агаарыг бохирдлыг бууруулах нэрээр төр засгийнхан өнгөрсөн хугацаанд хангалттай хэмжээгээр буюу өчнөөн зуун тэрбум, их наяд төгрөг “идсэн”. Гэтэл өнөөдөр түүхий нүүрс түлдэг байсан үеийнхээс ч олон хүн эндэж, хордсоор байгааг юу гэх вэ. Дэлхийн олон оронд агаарын бохирдол, угаарын хийн хордлогоос үүдэлтэйгээр хэн нэгэн амь, эрүүл мэндээрээ хохирвол төр, орон нутгийн түвшинд тодорхой хэмжээгээр хууль, эрх зүйн хариуцлага хүлээ-дэг. Харин манайд угаарын хийд хордсон хүмүүсийг “амьд явах эрх нь зөрчигдсөн” гэх ангилалд хамаатуулсан болоод “хэргийг” нь хаачихдаг, хариуцлагын ийм л тогтолцоотой улс шүү дээ.

 

https://www.unuudur.mn/a/278769

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан