Кэмбрижийн эрдэмтэд аспирин зарим хорт хавдрыг үсэрхийлэхээс сэргийлдэг байж магадгүй гэдгийг санамсаргүй байдлаар илрүүлжээ. “Nature” сэтгүүлд лхагва гарагт /2025.03.05/ нийтлэгдсэн судалгаа дээр эрдэмтэд бичихдээ аспирин хавдар үсэрхийлэхээс сэргийлдэг механизмыг илрүүлсэн нь хавдрын үсэрхийллээс сэргийлэх шинэ эм бүтээхэд тусална гэсэн байна.
Эрдэмтэд хорт хавдар үсэрхийлэхэд дархлааны систем хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг тухай судалгаа хийж байхдаа үүнийг санамсаргүй байдлаар илрүүлсэн аж. Судлаачид хулганын 810 генийг шалгаж үзээд үүнээс 15 ген нь хорт хавдрын үсэрхийлэлд нөлөөлдөг болохыг илрүүлжээ. Тодруулбал ARHGEF1 гэх уургыг кодолдог генгүй хулгана уушги, элэгний анхдагч хорт хавдар үсэрхийлэх нь бага байсныг тогтоосон юм.
Хорт хавдар нэг эдэд эхэлдэг ч нас баралтын 90 хувь орчим нь биеийн аль нэг хэсэгт үсэрхийллийн улмаас тохиолддог байна. Судлаачид ARHGEF1 нь үсэрхийлсэн хорт хавдрын эсийг устгадаг Т эсийг дарангуйлдаг болохыг тогтоожээ. Үүнийг илрүүлснээ ашиглан эмчилгээ хөгжүүлэхийн тулд судлаачид шинэ эм хайж эхэлсэн байна. Тэд дүн шинжилгээ хийж Т эсүүд тромбоксан А2 (TXA2) нэртэй цус бүлэгнэлтийн фактортой үйлчлэх үед ARHGEF1 идэвхэждэг болохыг илрүүлсэн юм.
ARHGEF1 нь TXA2-той холбоотой идэвхэждэг гэдгийг илрүүлсэн нь гэнэтийн нээлт байжээ. Учир нь TXA2 хэрхэн үйлчилдгийг эрдэмтэд сайн судалж мэдсэн. TXA2-ыг ялтас эс үүсгэдэг. Энэхүү фактор нь цус бүлэгнэхэд оролцдог, энэ нь аливаа эдэд ямар нэгэн шарх үүссэн тохиолдолд цус алдахаас сэргийлдэг ач холбогдолтой. Гэвч заримдаа цус бүлэгнэлтийн улмаас зүрхний шигдээс, цус харвалт үүсдэг юм. Харин аспирин TXA2-ын нийлэгжилтийг бууруулдаг. Үүгээрээ шигдээс, цус харвалтаас сэргийлдэг байна. Өөрөөр хэлбэл аспирин TXA2-ын ялгаралтыг бууруулж, Т эсийг ARHGEF1 уургийн дарангуйлах үйлчлэлээс чөлөөлнө гэсэн үг. Ингэснээр Т эс үсэрхийлсэн хорт хавдрын эсийг устгах юм.
Үүнийг илрүүлснийхээ дараа эрдэмтэд аспириныг хулганад уулган туршжээ. Тэгтэл арьсны хорт хавдартай хулганад хавдар үсэрхийлсэн давтамж буурсан байна.
Эх сурвалж: Medical Express