
УИХ-ын гишүүн Д.Ганмаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын хаврын ээлжит чуулган өндөрлөх гээд гишүүд завгүй байна. Энэ хаврын чуулганы онцлог юу байв. Таны өргөн барьсан эрүүл мэндийн салбартай холбоотой хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих шиг боллоо. Энэ талаар яриагаа эхэлье?
–Хаврын чуулганы сүүлийн долоо хоног эхэллээ. Энэ удаагийн парламент салбар бүрийн төлөөллөөс бүрдсэнээрээ онцлог юм. Ингэснээр хуулийн төсөл өргөн барих, хэлэлцэх, шийдвэрлэх үйл явц өмнөхөөсөө илүү ул суурьтай, судалгаатай болж байна. Хуулийн төслүүд чуулганы босгыг амархан давдаг байдал өөрчлөгдөж байна. Байнгын хороод ч илүү мэргэжлийн түвшинд асуудлаа хэлэлцэж, нарийвчлан авч үздэг болсон нь давуу талтай. Саяхан би Дундговь аймгийн зарим суманд очиж ажиллаад ирлээ. Иргэд маань “УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон нь зөв байсан уу” гэж их асууж байна. Цөөн гишүүнтэй байх нь асуудлыг шийдэхдээ нөлөөлөлд өртөх, ашиг сонирхлын зөрчил үүсэх зэрэг эрсдэлтэй байсан.
Харин энэ парламентад олон намууд, салбар бүрийн төлөөлөл байснаараа асуудлыг олон талаас нь авч үзэн, мэргэжлийн түвшинд хэлэлцэх боломж илүү бүрдсэн. Мэдээж сул тал ч бий. Мэтгэлцээнээс илүү маргаан, улстөржилт илүү ажиглагдах болсон. Туршлагатай гишүүд маань ирэх намрын чуулганаас эхлээд улс төрийн нөхцөл байдал илүү ээдрээтэй болно гэж ярьж байна. Ер нь цаашид УИХ-ын чуулганы дэгийг шинэчилж, жинхэнэ мэтгэлцээний хэлбэрийг төлөвшүүлэх шаардлагатай. Одоогийн байдлаар гишүүд нэг, гурван минутын хугацаанд ээлжлэн асуулт асууж, хариулт авч байгаа нь асуудлыг гүнзгий хэлэлцэх боломжийг хязгаарлаж байна. Харин илүү урт хугацаатай, жишээлбэл зургаа, арван минутын хугацаатай мэтгэлцээний горимоор явбал бодит хэлэлцүүлэг болно гэж боддог.
-Та эрүүл мэндийн салбарыг төлөөлдөг гишүүн. Төрөөс энэ салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, хууль эрх зүйн орчныг хэрхэн дүгнэдэг вэ?
-Би Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Төслийг хоёр жилийн хугацаанд боловсруулж, 700 гаруй хуудас бүхий баримт бичиг болсон. Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо олон жилийн турш төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бий болсон бүтэц, зохион байгуулалтаар явж ирсэн. Тухайн үед хэдэн эмчтэй байх, хэдэн эмнэлэг, хэдэн ортой байх, хүн амын байршлыг хүртэл төвлөрсөн байдлаар төлөвлөж, эмнэлэг төвтэй тогтолцоог бүрдүүлсэн. Харин сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд нийгэм, эдийн засгийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдсөн. Банк, санхүү зэрэг олон салбар бүрэн шинэчлэгдсэн атлаа эрүүл мэндийн салбарын бүтэц төдийлөн өөрчлөгдөөгүй.
Гэтэл өвчлөлийн бүтэц ч өөр болсон байгаа. Өмнө нь хурц халдварт өвчин давамгайлдаг байсан бол өнөөдөр архаг өвчин зонхилох болсон. Хүн амын насжилт нэмэгдэж, урт хугацааны асаргаа, сэргээн засах болон гэрийн тусламж үйлчилгээний хэрэгцээ эрс өссөн. Гэтэл эрүүл мэндийн тогтолцоо маань эмнэлэг төвтэй хэвээрээ байсаар л байна. Олон барилга барих, эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд төвлөрөхөөс илүүтэй иргэдээ эрүүл байлгах, өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх бодлого хэрэгтэй. Цар тахлын дараа буюу 2022 оноос эхлэн олон улсад “Хэнийг ч орхигдуулахгүй” гэсэн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бодлогын үндэс нь хүн төвтэй, нэгдмэл эрүүл мэндийн тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн үйлчилгээ эмнэлгээр эхэлж, эмнэлгээр дуусах биш, тухайн хүнийг өвдөхөөс нь өмнө, өвдсөн үед нь, эмчилгээний дараа ч тасралтгүй дэмжих тогтолцоог улс орнууд бий болгож байгаа. Жишээлбэл, хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсны дараа үйлчилгээ нь дуусах ёсгүй. Цаашид бүрэн эдгэрэх үү, архаг өвчтэй болох уу, сэргээн засах эмчилгээ хэрэгтэй юу, урт хугацааны асаргаа шаардлагатай юу, нийгэмдээ эргэн бие даан амьдрахад ямар дэмжлэг хэрэгтэй вэ гэдгийг цогцоор нь авч үздэг тогтолцоо байх ёстой. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол үзэл баримтлал энэ юм. УИХ хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд намрын чуулганаар ажлын хэсэг байгуулж, эцэслэн батлах төлөвтэй байна.
-Та эмийн чанар үнэтэй холбоотой хуулийн төсөл өргөн барьж, D-parliament.mn-д байршуулсан байсан. Энэ ямар учиртай төсөл вэ?
-Эмийн асуудалтай холбоотой хуулийн нэмэлт, өөрчлөлтийг боловсруулаад Засгийн газарт саналаа хүргүүлсэн. Эмийн бүртгэлийн тогтолцоог шинэчлэхэд чиглэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, олон улсын эмнэл зүйн удирдамжид тулгуурлан аюулгүй байдал, чанар, үр нөлөө нь бүрэн нотлогдсон, өөрийн лаборатори, судалгааны багтай, өндөр шалгуур хангасан улс орнуудын баталгаажуулсан эмийг Монгол Улс шууд эмнэл зүйн удирдамжийнхаа дагуу хэрэглэх боломжийг бүрдүүлэх юм. Өнөөгийн тогтолцоонд эмийн бүртгэл олон шат дамжлагатай, хэт төвөгтэй байна. Цөөн хүн шийдвэр гаргаж, зарим эмийг бүртгэж, заримыг нь хасдаг. Ерөнхий нэршлээр нь бус худалдааны нэрээр нь бүртгэдэг зэрэг асуудлаас шалтгаалан хүнд суртал, удаашрал, төөрөгдөл үүсэж, улмаар эмийн үнэ, хүртээмжид сөргөөр нөлөөлж байна.
Эмийн асуудлыг ярихдаа чанар, үнэ гэсэн хоёр асуудлыг хамтад нь авч үзэх ёстой. Зарим хүн эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь хувийн хэвшилд шилжүүлчихвэл асуудал шийдэгдэнэ гэж ярьдаг. Тухайлбал, эмнэлгийн үйлчилгээ төлбөртэй болж, хүн мөнгөө төлөөд шууд үйлчлүүлдэг байх ёстой гэсэн байр суурь ч байдаг. Гэвч эрүүл мэндийн салбар бол төрөөс зайлшгүй зохицуулалт хийх шаардлагатай салбар. Үүний тод жишээ нь эмийн зах зээл. Өнөөдөр эмийн худалдаа хувийн хэвшилд байгаа ч эмийн чанар, үнэ, хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. Тиймээс энэ салбарт төрийн зохицуулалт зайлшгүй байх ёстой. Дэлхийн хамгийн либерал эдийн засагтай орнууд болох АНУ, Их Британи, Баруун Европын улсуудад хүртэл эрүүл мэнд, эмийн салбар нь төрийн хатуу зохицуулалттай байдаг. Мөн мэндийн санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тиймээс энэ асуудлыг нарийвчлан судлах Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргасан.

-Хаврын чуулган улс төрийн хувьд нэлээд маргаан талцал, хуваагдалтай байлаа. Энэ маргаан дунд та зарчим баримталж, асуудалд хандаж байв?
-Надад харьцангуй амар байсан. Учир нь би анхнаасаа том зорилготой улс төрд орж ирсэн хүн. Би дэлхийн хэмжээний өрсөлдөөн дунд ажиллаж, Харвардын их сургуульд олон жил ажилласан. Тэнд хүрэхийн тулд бүх зүйлээ зориулсан. Ар тал, танил талын дэмжлэггүйгээр өөрийн хөдөлмөрөөр тэр орчинд ажилласан хүн. Тиймээс тэр ажлаа орхиод Монголдоо ирнэ гэдэг миний хувьд маш том шийдвэр байсан. Амьдралынхаа хамгийн идэвхтэй он жилүүдийг зориулсан ажлаа, цаашдын карьер, бүр тэтгэврийн нөхцөлдөө хүртэл нөлөөлөх боломжоо орхиод ирсэн. Яагаад гэвэл надад Монголын эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэхэд хувь нэмрээ оруулах амбийц байсан.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд манай улс олон өөрчлөлтийг туулсан. Гэхдээ эрүүл мэндийн салбар социализмын үеийн тогтолцоогоо бүрэн халж чадаагүй. Энэ салбар маань хоёр өөр тогтолцооны дунд үлдчихсэн байна. Үүний улмаас эцсийн зорилго болох иргэдээ эрүүл, чанартай амьдруулах бодлого төдийлөн хэрэгжиж чадахгүй байна. Би саяхан Дундговь аймгийн найман суманд ажиллаад ирсэн. Тэнд очиход элэгний өөхлөлт, архаг нойр булчирхайн үрэвсэл зэрэг өвчлөл түгээмэл байгааг харлаа. Эдгээр өвчин удаан хугацаанд эмчлэгдэхгүй явбал элэг, нойр булчирхайн хавдарт шилжих эрсдэл өндөр байдаг. Тиймээс бид өвчин хүндрэхээс өмнө эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх тогтолцоогоо бодитоор хэрэгжүүлэх ёстой. Үүнээс гадна иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажил маш чухал байна. Яагаад эслэгтэй хүнс хэрэглэх ёстой вэ. Архи, тамхи, буруу хооллолт ямар эрсдэл дагуулдаг вэ, эрүүл амьдралын хэв маягийг хэрхэн хэвшүүлэх вэ гэдэг суурь мэдлэгийг хүргэх шаардлагатай.
Гуравхан сая хүн амтай, хүн амынх нь тал орчим нь Улаанбаатар хотод төвлөрсөн, дундаж нас нь залуу байгаа атлаа хавдрын өвчлөл өндөр, архи, тамхины хэрэглээгээр дэлхийд дээгүүрт орж байна. Залуу хүмүүс хүртэл зүрх судасны өвчнөөр нас барж байгаа нь үнэхээр анхаарах асуудал. Тиймээс эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг хамгийн түрүүнд тавьж ажилладаг. Энэ зорилгыг дэмжиж байгаа хэнтэй ч хамтарч ажиллахад бэлэн байна. Миний шийдвэр гаргах зарчим ч ийм л энгийн. Иргэдийн эрүүл мэндэд бодитой үр дүн авчрах бодлогыг дэмжинэ. Энэ зорилго маань тодорхой учраас улс төрийн нөхцөл байдалд төдийлөн төөрөхгүй, шийдвэрээ гаргах нь амар байдаг.
-Энэ чуулганы хугацаанд УИХ-ын гишүүдийн ёс зүй, парламентын нэр хүндийн асуудал нэлээд яригдлаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Өнөөдрийн нөхцөл байдлыг цаг хугацааных нь хувьд харж дүгнэх хэрэгтэй. 126 гишүүнтэй парламент бүрдээд хоёр жил боллоо. Энэ хугацаанд гурван Засгийн газар, гурван өөр Ерөнхий сайдтай боллоо. Засгийн газрын өөрчлөлтийн үед улс төрийн өрсөлдөөн ширүүсэж, нэг тал нь нөгөөгөө шүүмжилж, алдаа дутагдлыг нь хамгийн хүчтэй ярьдаг. Энэ үйл явцад УИХ-ын гишүүд хүссэн, хүсээгүй татагдан оролцдог. Үүний улмаас олон нийтэд парламент байнга хэрүүл, маргаан хийдэг мэт сэтгэгдэл төрөх болсон. Харин иргэдийн хувьд тэр улс төрийн маргаанаас илүү бодит үр дүн хүлээж байгаа. Салбар бүрийн төлөөлөлтэй парламент бүрдсэн учраас томоохон төслүүдээ хөдөлгөж, шаардлагатай шийдвэрүүдээ гаргаж, ойлголцож ажиллаад, авлига, хулгайн асуудлуудаа шуурхай шийдвэрлэн, улсын хөгжлийг урагшлуулахыг хүмүүс хүсэж байгаа. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд улс төрийн хэрүүл давамгайлсан учраас иргэдэд тийм сэтгэгдэл төрсөн байхыг үгүйсгэхгүй. Одоо сонгуулийн мөчлөг ч ойртож байна. Тиймээс парламент нэгдсэн байр суурьтайгаар томоохон шийдвэрүүдээ богино хугацаанд гаргаж, бодит үр дүнтэй ажиллах хэрэгтэй.
-Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нийгэмд маргаан дагуулж байна. Янжуур тамхи, электрон тамхи гэсэн талцал парламентад ч байна?
-Дэлхий нийт тамхин бүтээгдэхүүнийг хоёр үндсэн үзүүлэлтээр үнэлдэг. Нэгдүгээрт, шаталт үүсэж байгаа эсэх. Хоёрдугаарт, никотины агууламж буюу донтуулах нөлөөгөөр нь авч үздэг. Тамхийг асааж шатаах үед утаа үүсдэг. Тэр шаталтын явцад хүний биед хортой, хорт хавдар үүсгэгч олон төрлийн бодис ялгардаг нь шинжлэх ухаанаар бүрэн тогтоогдсон. Эдгээр нь олон улсын ангиллаар хамгийн өндөр эрсдэлтэй хавдар үүсгэгч бодисын бүлэгт багтдаг. Тиймээс олон улс тамхинд өндөр татвар ногдуулж, хэрэглээг нь аль болох бууруулах бодлого баримталдаг. Харин нөгөө талд нь никотин буюу донтуулах бодисын асуудал бий. Никотин хүнийг донтуулдаг. Донтох тусам хэрэглээ нэмэгдэж, улмаар илүү хүчтэй донтох эрсдэл үүсдэг. Тиймээс олон улс никотины агууламжийг ч мөн татвар, зохицуулалтын бодлогоор хязгаарладаг.
Монгол Улс шаталтад суурилсан зохицуулалт хийх үү, никотины агууламжаар нь зохицуулах уу, эсвэл хамтад нь авч үзэх үү гэдгээ бодлогын түвшинд шийдэх шаардлагатай. Үүний дараа татварын тогтолцоогоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулах ёстой. Мэдээж татварыг огцом өсгөхөд хууль бус худалдаа, далд зах зээл нэмэгдэх эрсдэл бий. Иймээс маш нарийн тооцоо шаарддаг. Гэхдээ судалгаануудыг харахад Монгол Улсад тамхины татвар олон жилийн турш инфляцтайгаа уялдаагүйгээс бодит үнэ нь төдийлөн өсөөгүй, зарим талаар бүр хямдарсан үр нөлөөтэй болсон байна. Нөгөө талаар дэлхийд маш том тамхины компаниуд бий. Янжуур, электрон тамхи үйлдвэрлэгчдийн аль аль нь асар их хөрөнгө, нөлөөтэй. Тэдний эсрэг нийгмийн эрүүл мэндийн судлаачид, эрдэмтэд ажилладаг. Санхүүгийн боломжийн хувьд энэ хоёр талын хүч тэнцүү биш.
Тиймээс олон нийтэд үнэн зөв мэдээллийг ойлгомжтой хүргэх нь маш чухал. Энэ хоёр төрлийн аль аль нь эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн. Аль болох хэрэглээг нь бууруулж, хүмүүсийг тамхинаас гаргах нь хамгийн зөв бодлого гэж үздэг. Тамхины утаанд агуулагдах хорт бодисууд судасны хананд нөлөөлж, судас хатуурах, цус өтгөрөх, улмаар зүрх судасны өвчин, тархины харвалт, бөөрний өвчин зэрэг олон архаг өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Монголчуудын хооллолт, агаарын бохирдол зэрэг бусад эрсдэлт хүчин зүйлтэй хавсарснаар энэ эрсдэл улам нэмэгддэг. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд тамхинаас гарахад никотин орлуулах эмчилгээ болон бусад арга хэрэглэж болох талаар олон улсын янз бүрийн туршлага бий. Харин хүүхэд, өсвөр насныхны асуудал өөр. Хүний тархи ойролцоогоор 25 нас хүртлээ бүрэн хөгждөггүй учраас амт, үнэртэй электрон тамхи зэрэг бүтээгдэхүүнд илүү амархан татагдаж, донтох эрсдэл өндөр байдаг.
Тиймээс энэ асуудлыг зөвхөн хууль, татварын өнцгөөс бус, шинжлэх ухааны үндэслэлтэй, иргэдэд ойлгомжтой хэлээр тайлбарлаж, эрүүл мэндийн боловсролтой нь хамтатган авч үзэх шаардлагатай гэж боддог. Үгүй бол хүмүүс “Электрон тамхи уу, янжуур уу” гэсэн маргаанд талцаад, бодлогын гол зорилго болох тамхины хэрэглээг бууруулах асуудал хоёрдугаарт тавигдах эрсдэлтэй.
-Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хуулийн төслийг мөн парламент хэлэлцэж байгаа. Та хуулийн төсөлд ямар байр суурьтай байна вэ. Ялын бодлогыг чангаруулж байгаа гэсэн?
-Ялын бодлогыг хатуу байлгах нь зөв гэж үздэг. Хар тамхины асуудал бол энгийн иргэд хоорондоо шууд хэрэглээд, эсвэл дамжуулаад явдаг зүйл биш. Үүний ард заавал зохион байгуулалттай, санхүүгийн чадалтай, бүтэцтэй бүлэглэлүүд байдаг. Тэд маш нууц сүлжээгээр, ихэвчлэн ил харагдахгүй цахим орчин, “dark web” зэрэг хаалттай сувгуудаар үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхдээ жирийн хууль сахиулах аргаас гадна тусгай зохион байгуулалттай, нарийн мэргэжлийн нэгжүүд ажиллах шаардлагатай.
Сургуулийн орчинд хүртэл нөлөөлж байгаа тул урьдчилан сэргийлэх ажлыг эрт үеэс хийх шаардлагатай. Хуулийн төсөлд эерэг талууд ч байна. Тухайлбал, донтолттой холбоотой асуудалд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмч, сувилагчдын оролцоо, донтолтоос гаргах болон нийгэмшүүлэх чиглэлийн зохицуулалтууд тодорхой хэмжээнд тусгагдсан байна. Ерөнхийдөө нэлээд өргөн хүрээтэй, чухал хууль. Гэхдээ хэрэгжилтийн түвшинд маш сайн зохион байгуулалт, нарийн хяналт шаардлагатай. Үгүй бол зөвхөн цаасан дээрх зохицуулалт болж үлдэх эрсдэлтэй гэж харж байна.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 123 (7865)












































