Хүнсний аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт Их Британийн нийслэл Лондон хотноо өнөөдөр болно. Дэлхийн 15 орчим орны засгийн газар, олон улсын байгууллага, бизнесийн салбарын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцох энэхүү уулзалтыг Их Британийн эрх баригчид АНЭУ ба Сомали улс, “Bill & Melinda Gates Foundation” сан, мөн “The Children's Investment Fund Foundation” буяны байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Дээд түвшний уулзалтад оролцогчид "өлсгөлөнтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх", "дэлхийн хүнсний аюулгүй байдлын хямрал улам бүр дордож буйд олон улсын анхаарлыг хандуулах", “Өлсгөлөнг тэглэх” хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгах, энэ асуудлын "урт хугацааны шийдлийг дэмжиж үг хэлэх" төлөвтэй байна. Уулзалтад Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Сомали улсын Ерөнхийлөгч Хасан Шейх Мохамуд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ахлах эдийн засагч Максимо Тореро нар оролцоно.
Түүнчлэн Бразилын нийгмийн хөгжлийн сайд Веллингтон Диаз, Мозамбикийн Хөдөө аж ахуй, хөгжлийн сайд Сельсо Ижмаэл Курейа, АНЭУ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Байгаль орчныг хамгаалах сайд Марьям аль-Мухейри зэрэг хөгжиж буй орнуудын холбогдох яамдын сайд нар оролцоно. Уг уулзалтын хүрээнд нийтдээ дөрвөн салбар хуралдаан зохион байгуулж, хүүхдийн өлсгөлөнтэй тэмцэх, дэлхийн өмнөд хэсгийн орнуудын хүнсний аюулгүй байдлын салбарт технологийн шинэ шийдэл гаргах, уур амьсгалд тэсвэртэй хүнсний тогтолцоог бий болгох зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
The Guardian сонинд мэдээлснээр, дээд хэмжээний уулзалттай холбогдуулан Их Британийн засгийн газар олон улсын хөгжлийг дэмжих шинэ стратеги танилцуулахаар төлөвлөж байна. Тус улсын Засгийн газар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж болзошгүй улс орнуудад тусламж үзүүлэх сан байгуулж, тус санд 150 сая фунт стерлинг (187 сая ам.доллар) шилжүүлнэ гэж BBC корпорац мэдээлжээ.