Монгол Улс элэгний хорт хавдар үүсгэгч гепатитын С вирусийн халдвар өндөртэй орны нэг. Уг нь, С вирусийн эсрэг үйлчилгээтэй Софосбувир+Ледифасвир бүлгийн эмийг гурван сар хэрэглэснээр эдгэрэх боломжтой боловч тус эм нь олон улсын жишиг үнээс 3 дахин өндөр үнэтэйгээр Монголд худалдаалагдаж байна гэж аудитын тайланд бичжээ. Тодруулбал, Үндэсний аудитын газар “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаар гүйцэтгэлийн аудит”-ыг УИХ-д өнгөрсөн онд танилцуулсан. Энэ тайланд Монголчуудын хэрэглэдэг эмийн үнэ олон улсын жишиг үнэтэй харьцуулахад хамгийн багадаа 2.2 дахин өндөр байгааг дурджээ. Энэ дунд гепатит В, С вирусийн эсрэг эмийг тайланд онцолсон байна.
Энэ аудитийг “Оном” сан Үндэсний Аудитийн газартай хамтран хийсэн бөгөөд Монголд худалдаалагдаж байгаа эмийн үнийг олон улсын үнэтэй харьцуулах чиглэлээр хамтран ажилласан байгаа юм. Ингэхдээ даралтны болон элэгний чиглэлийн эмүүдийг илүү онцгойлон авч үзжээ. Яагаад гэхээр ЭМДС-гийн эмийн төсвийн ихэнхийг артерийн даралт бууруулах болон элэгний гепатитын В, С вирусийн эсрэг эмэнд зарцуулдаг. Эмийн үнийг харьцуулахдаа ДЭМБ-ын аргачлалуудыг ашигласан. Олон улсын дата баазаас авсан медиан /дундаж/ үнийг Монголд зарагдаж байгаа эмийн дундаж үнэтэй харьцуулсан гэсэн үг.
ЭМДС-аас дээд үнийг тогтоож, тодорхой хувийг нь хөнгөлсөн эмүүдийг гаалиар орж ирсэн үнийн мэдээлэл, эмийн агентлаг дээр цугласан мэдээлэлтэй тус тус харьцуулж үзэхэд манай улсад зарагдаж буй эмийн үнэ ижил түвшний хөгжилтэй улс орнуудын эмийн үнээс хамаагүй өндөр байна гэсэн дүгнэлтүүд гарсан байна.
“Оном” сангийн захирал Д.Наранжаргалын хэлснээр: Бусад улсад элэгний С вирусийн нэг удаагийн эмчилгээ нь буюу энэ 3 сарын хэрэглээ нь ойролцоогоор 60 гаруй ам.доллар байхад Монголчууд энэ эмийг гурван сар уухад 630 мянган төгрөгийн өртөг гаргадаг байна. Өөрөөр хэлбэл 3 дахин өндөр үнэ төлж байжээ.
Харин гепатитын В вирусийн эмчилгээнд ерөнхийдөө 2 гол эмийг хэрэглэж байна. Тенофовир дисопроксил фумарат буюу TDF, нөгөөх нь энтекавир гэдэг эм. Клинтоны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа дээр:
Гепатитын В вирусийн 1 жилийн эмчилгээний дундаж үнэ 31 ам.доллар байна. Тухайлбал, Энэтхэгт 31 ам.доллар, Вьетнам улсад 24 ам.доллар байна. Гэтэл манай улсад нэг сарын эмчилгээ нь дунджаар 70 мянган төгрөг байгаа юм. Нэг сарын эмчилгээндээ 20 ам.доллар төлж байна.
Тэгвэл С вирусийн эсрэг эмчилгээний эм буюу Ледвир эмийг оруулж ирэх тусгай зөвшөөрлийг “Монгол Эм Импэкс Концерн” эзэмшдэг бөгөөд 3 сар уух зардал олон улсад 58 ам.доллар байхад Монголд 180 ам.доллар байгаа юм.
Энэ мэт байдлууд УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хэлсэнчлэн 1 долларын эмийг 100 доллар болгож Монголчууддаа зардаг эмийн бүлэглэл үүсчихсэн гэх яриаг батлах мэт хардлагыг төрүүлэх болов. Өөрөөр хэлбэл элэгний С, В вирусийн эмчилгээний эмийн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компаниуд бусад улсын зах зээлээс 2-3 дахин өндөр үнээр монголд эмээ худалддаг бөгөөд ЭМДС-аас давхар хөнгөлөлт нэрийн үнийг авсаар, ашигаа хэд нугалсаар байна. Хяналт тавих ёстой ЭМДС таг дуугүй...
https://newspress.mn/v1/%D0%9D%D0%B8%D0%B9%D0%B3%D1%8D%D0%BC/b/42786