
Дэлхийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд улс орнуудыг нэгэн зүгт анхаарлыг нь хандуулан, үйл ажиллагааг нь нэгтгэн чиглүүлэх зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг 1948 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр үүсгэн байгуулж, 1950 оноос эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг үүсгэн байгуулсан өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр хэмээн тэмдэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэгдсэн 193 орны нэг, манай улс энэхүү өдрийг хагас зууны хугацаанд буюу 1962 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тэмдэглэж байна. Дэлхийн эрүүл мэндийн өдрийг дэлхий нийтийн хүн амын эрүүл мэндэд онцгой ач холбогдол бүхий сэдвийн дор тэмдэглэж, дэлхий нийтийн анхаарлыг хандуулдаг, тэгвэл энэ жилийн хувьд ДЭМБ-ын 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Health For All” буюу “Эрүүл мэндийг бүгдэд” уриатайгаар тэмдэглэж байна.
ДЭМБ нь Монгол Улсад халдварт өвчнийг бууруулах, лабораторийн албыг хөгжүүлэх, эх, нялхсын эрүүл мэнд, дархлаажуулалт зэрэг үндсэн чиглэлийн 32 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллаж иржээ.
Монгол Улс 1963-1995 он хүртэл ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн бүсийн гишүүн орон байж байгаад 1995 оноос Номхон далайн баруун эргийн бүсэд шилжин орсон.
Монгол Улс 1963 оны 5 дугаар сард Женевт болсон ДЭМБ-ын ээлжит 16 дугаар чуулганд анх оролцсоноос хойш тус байгууллагын идэвхтэй гишүүн байж, үйл ажиллагаанд нь зохих хувь нэмэр гүйцэтгэж ирсэн. Монгол Улс нь Дэлхийн Эрүүл Мэндийн Ерөнхий чуулганы Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Номхон далайн баруун бүсийн Хорооны хуралдааны дарга, дэд даргаар хэд хэдэн удаа сонгогдож, 1994 онд Бүсийн орнуудын Эрүүл мэндийн сайд нарын 12 дугаар чуулганыг зохион байгуулж байв.
ДЭМБ-ын Монгол улсын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр их.
• Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь тухайн үеийн Монгол улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар техникийн болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлсээр ирсэн. Хамтран ажилласан эхний жилүүдэд халдварт өвчнийг бууруулах, лабораторийн албыг хөгжүүлэх, эх, нялхсын эрүүл мэнд, дархлаажуулалт зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилласны үр дүнд дархлаажуулалтыг нэвтрүүлж, улмаар “Цагаан цэцэг”, “Халдварт саа” зэрэг халдварт өвчнийг устгасан билээ.
• Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлснээр, 1990 онд эхийн эндэгдэл 100000 амьд төрөлтөд 199 байсан нь 2015 онд 26 хүртэл буюу бараг 8 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 64 байсан нь 18 хүртэл буюу ¾ -аар буурч, Мянганы хөгжлийн “Эхийн эндэгдлийг бууруулах”, “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах” талаар дэвшүүлсэн зорилтыг Монгол улс ханган биелүүлэхэд НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын хамт онцгой хувь нэмэр оруулсан.
Сүүлийн жилүүдэд өвчлөл, эндэгдлийн шалтгаанд зүрх судасны тогтолцооны болон хавдар, осол гэмтэл зэрэг халдварт бус өвчин зонхилж байгаатай холбоотой “Халдварт бус өвчнийг бууруулах”, мөн гамшиг, олон нийтийг хамарсан нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед авах арга хэмжээний чиглэлээр хамтран ажиллаж байна.
Засгийн газар ядуурлыг арилгах, амьдрах орчныг сайжруулах, дундаж наслалтыг 2030 он гэхэд 78 нас болгон нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Эдгээр үндэсний зорилтууд нь Монгол Улс, НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд (ТХЗ)-д хүрэх тэмүүлэлтэй нийцэж, хувь нэмэр оруулж байгаа юм.
Эрүүл мэндийн яам, ДЭМБ нь улс орны хамтын ажиллагааны стратегийг удирдлага болгон 3 стратегийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг (2017-2026) хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр хамтран ажиллана.