Н.Сувдмаа: Сармагчны цэцэг манай улсад орж ирэх эрсдэлтэйг тогтоосон


ДЭМБ-аас мэдээлснээр мягмар гарагийн байдлаар дэлхийн 30 оронд сармагчны цэцэг өвчний  550 гаруй тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаатай ярилцлаа.
 
-Сармагчны цэцэг өвчин Африк тивд л бүртгэгддэг байсан. Энэ жил бусад бүс нутагт тархахад юу нөлөөлөв? 
-Сармагчны цэцэг өвчин нь анх Африкийн бүс нутагт бүртгэгддэг нутагшмал өвчинд тооцогддог байсан. Гэвч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10 гаруй улсад шалтгаан нь тодорхойгүйгээр бүртгэгдсэн тул нутагшмал биш  өвчин гэдгийг энэ оны тавдугаар сарын 21-нд зарласан. Сармагчны цэцэг өвчин нь "Poxviridae" овгийн Orthopox virus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг. Энэ өвчний шинж тэмдэг ихэвчлэн 2-4 долоо хоног үргэлжилдэг. Өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед агаар дуслаар болон вирусээр бохирдсон эд зүйлээр дамжин хавьтлын замаар халдварладаг. ДЭМБ-аас үргэлжлүүлэн тандалт, судалгаа хийсээр байна. Мөн түр заавар, зөвлөмж гишүүн улс орнууддаа хүргэж байна.
 
-ХӨСҮТ-өөс хийсэн эрсдэлийн үнэлгээгээр сармагчны цэцэг өвчин манай улсад орж ирэх эрсдэл өндөр гарсан. Урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байгаа вэ? 
-Сармагчны цэцэг өвчин манай улсад зөөвөрлөгдөх эрсдэл байгаа эсэх талаар ЭМЯ, ДЭМБ, ГЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ байгууллагуудын төлөөлөл 20 гаруй мэргэжилтэн хамтран мэдээлэл солилцож, эрсдэлийн үнэлгээ хийсэн. Үнэлгээний үр дүн нь орж ирэх эрсдэл байгааг тодорхойлж, мэргэжлийн байгууллага, салбар хооронд, иргэдэд хүргэх зөвлөмж гарсан. Мөн энэ өвчний тандалт сэргийлэлт, хариу арга хэмжээ, оношилгоо эмчилгээний түр заавар боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Мөн цахимаар 21 аймаг, нийслэлийн анхан шатны кабинетийн эмч, тархвар судлаач, халдвартын эмч, БОЭТ-ийн дарга, эмч нарт энэ өвчний талаар сургалт зохион байгуулсан.  Аймаг, нийслэлд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын албан тоотоор зөвлөмж хүргүүлж ажиллаж байна. Иргэддээ зөв мэдээллийг зөв сувгаар авч, зөв сэрэмжлүүлэг, зөвлөмж авахыг зөвлөж байна.
 
-Урин цаг болж байгаатай холбогдуулан жуулчид ихээр ирнэ. Тэгэхээр жуулчдаар дамжин халдвар орж ирэх  эрсдэл их бий. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ? 
-Урин дулааны цаг ирж байгаа болохоор иргэд  гадаадын улс руу аялах төлөвлөгөөтэй байгаа бол энэ өвчин бүртгэгдэж байгаа нутагшмал биш улс руу аялахаа түр хойшлуулаарай. Гадаадын улс орнуудад аялж яваа бол хувийн ариун цэврийн дэглэмийг маш сайн сахих, гараа тогтмол угаах, амны хаалтаа зүүхээ битгий мартаарай.
 
-Хилээр орж ирж байгаа иргэн халдвар авсан гэдгийг хэрхэн мэдэх вэ? 
-Эхлээд арьсанд цэврүүт тууралт байгаа эсэхэд бодит үзлэг хийнэ. Дараа нь  шинжилгээнд сорьц авч баталгаажуулна. Тархвар судлалын асуумж авна. Ялангуяа сүүлийн 21 хоног өвчлөл бүртгэгдэж байгаа нутагшмал биш улс оронд аялсан эсэхийг тодруулан асуумж бөглүүлнэ.
 
-Мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх чиглэлд яг ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгааг тодруулж болох уу? 
 -Эрүүл мэндийн байгууллагуудад цэврүүт тууралтын хам шинжийн сэжигтэй тохиолдлын тандалтаа эрчимжүүлж, зөв, бүрэн мэдээлэх, эрүүл мэндийн ажилтнуудаа сургалтад хамруулах, хүний нөөц, ор, эм, оношлуурын бэлэн байдлыг хангах зөвлөмж хүргүүлсэн. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслээ зөв өмсөх, тайлах, гар угаах нөхцлийг бүрдүүлж, хяналт тавьж, бохирдсон бүрт гараа савандаж дарааллын дагуу угаах зааварчилгаа өгсөн.
 
 
 
Б.НямсүрэнЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан