ИРГЭД: ЭМД-аа төлөөгүй иргэд ч урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах эрхтэй


Монгол Улс 2022 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгасан. Улмаар энэ сарын 01-нээс эхлэн Монгол Улсын бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлээд байгаа юм. Энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар манай улс эрүүл мэндийн нэгдсэн дататай болно. Энэ  удаа
 
  • 18-30 насны иргэн 60.000 төгрөг
  • 31-45 насны иргэн 130.000 төгрөг
  • 46-60 насны иргэн 150.000 төгрөг
  • 61-ээс дээш насны иргэн 140.000 төгрөгийн багцын шинжилгээнд тус тус  хамрагдана.
 
Насны багцын шинжилгээг манай улсад зонхилон тохиолддог өвчлөл болон нас баралтын суурь шалтгаан руу чиглэсэн байдлаар гаргажээ. Ингэхдээ 
 
  • 0-17 насныханд зургаан төрлийн шинжилгээ
  • 18-аас дээш насныханд 19 төрлийн шинжилгээ авах аж.
 
Ингэхдээ иргэд эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдахын тулд 2019 оноос хойш ЭМД-ын шимтгэлийг заавал төлсөн байх ёстой. Тэгвэл бид урьдчилсан сэргийлэх үзлэгийн талаар иргэдийн бодлыг сонслоо. 
 
 
Эрүүл мэндийн үзлэгт идэвхтэй хамрагдана 
 
Дорнод аймгийн иргэн Ч.Пүрэв:
 
-Урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар телевизийн мэдээллийн хөтөлбөрөөс мэдээлэл авч байгаа. Төрөөс зохион байгуулж байгаа эрүүл мэндийн үзлэгт идэвхтэй хамрагдана. ЭМД-аа төлсөн төлөөгүй бүх хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамрагдаасай гэж хүсэж байна.
 
Эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүй. Ерөнхийдөө бие маань өвдсөн үед өрхийн эмнэлэгтээ ханддаг. Биеийн байдал маань гайгүй байгаа учраас эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй л байна. Гэхдээ төрөөс зохион байгуулж буй эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Их баяртай байна.
 
Эрүүл мэндийн даатгалаа төлсөн төлөөгүй бүх иргэн үзлэгт хамрагдах эрхтэй 
 
Баянгол дүүргийн иргэн Б.Болормаа:
 
-Би төрийн байгууллагад ажилладаг. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлж байна. Гэвч өмнө нь эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх цогц үйлчилгээнд хамрагдаж байгаагүй. Төлсөн даатгалынхаа хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа. Жишээлбэл, манай хүүхдийн ангийн багшийн гар нь гэмтсэн. Тухайн багш ЭМД-ын шимтгэлээ тогтмол төлж байсан ч төлөлт нь нэг жилийн хугацаатай тасалдсан. Эрүүл мэндийн байгууллагад эмчийн тусламж авахаар очиход эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэг жилийн хугацаатай тасалдуулсан гээд үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан. Хэдийгээр тухайн иргэн нэг жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөөгүй ч өмнө хэчнээн төгрөгийн эрүүл мэндийн даатгал төлсөн. Тэр хэмжээгээрээ эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй.
 
Эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт иргэдийг хамруулах нь маш үр дүнтэй. Манай өрхийн эрүүл мэндийн төвөөс энэ сард 30-аас дээш насны иргэд эмчийн үзлэгт хамрагдана гэж мэдээлэл хүргэж байсан. Гэхдээ зарим өрх иргэдэд мэдээ мэдээллээ дутуу хүргэж байгаа юм шиг санагдсан. Мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн төлөөгүй хамаагүй бүх иргэн  урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж чадахгүй байгаа олон хүн бий.
 
Манай нөхөр хувийн компантай байсан ч коронавирус халдварын хүнд үед үйл ажиллагаагаа зогсоосон. Ажил эрхлээгүй учир даатгал төлөөгүй. Тэгэхээр манай нөхрийн 2019 оноос өмнө төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл ямар ч үр дүн, хэрэгцээ, ач холбогдолгүй зүйл болж байгаа юм. Тиймээс эрүүл мэндийн даатгал төлсөн төлөөгүй гэж  ялгалгүй бүх хүнийг хамруулбал үр дүнтэй ажил болно гэж бодож байна.
 
Эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж чаддаггүй
 
 
Дархан-Уул аймгийн иргэн Э.Нармандах:
 
-Эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж чаддаггүй. Бие өвдсөн үедээ л эмнэлгийн байгууллагат ханддаг. Бүх хүнийг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулах нь маш зөв ажил. Ер нь жил бүр урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүйгээсээ болоод өвчин нь хүндэрсэний дараа эмнэлгийн байгууллагад ханддаг. Гэхдээ хэдийнэ оройтсон байдаг. Мөн ЭМД-аа төлөөгүй иргэд ч үзлэгт хамрагдах эрхтэй. 
 
Эрүүл мэндийн үзлэгийн талаар мэдээлэлгүй байна
 
 
Баянзүрх дүүргийн иргэн Б.Цэрэнбат:
 
-Цахим орчинд мэдээлэл тавигдсан байсан. Гэхдээ тодорхой мэдээлэл байхгүй байна. Миний хувьд жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагддаг. Би оюутан. Эрүүл мэндийн даатгалыг хувиараа төлдөг. Энэ удаагийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдана.
 
Үзлэгт хамрагдана
 
Хан-Уул дүүргийн иргэн Г.Ган-Эрдэнэ:
 
-Би 16 настай. Эрүүл мэндийн үзлэгийн талаар ээж хэлж байсан. Миний даатгалыг улсаас төлдөг учраас шууд үзүүлэх боломжтой. Ээжтэйгээ хамт очиж үзүүлнэ. 
 
М.Насан
http://www.shuud.mn/a/540105
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан