Т.МАНДАХ: Эпилепси өвчтэй иргэд эмээ эмчийн жорын дагуу тогтмол уух нь чухал


Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Улсын хэмжээнд Мэдрэл, мэдрэлийн мэс заслын лавлагаа түвшний үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаад эпилепси буюу уналт, таталт өвчин насанд хүрэгчдэд ямар хэлбэрээр илэрдэг болон эмчилгээний талаар УГТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн их эмч АУ-ны магистр , ахлах зэргийн эмч Т. Мандахтай ярилцлаа.

- Насанд хүрэгчдэд эпилепси өвчин ямар шалтгаанаар үүсдэг вэ?
- Нийт хүн амын 5% нь амьдралдаа нэг удаа ямар нэгэн шалтгааны улмаас ухаан алдаж унаж татдаг гэсэн судалгаа байдаг. Харийн тодорхой шалтгаангүйгээр хоёр буюу түүнээс дээш удаа уналт таталт давтагдах бол эпилепсийн өвчин болно. Тархины цахилгаан потенциал хэт идэвхижсэний улмаас богино хугацаанд тархины үйл ажиллагаа саатаж, эпилепсийн уналт таталт үүсдэг. Нийт эпилипси өвчин оношлогдсон хүмүүсийн 50 хувьд нь шалтгаан тодорхойгүй байдаг. Насанд хүрэгчдийн эпилепсийн шалтгаанд тархины гэмтэл, харвалт, тархины хавдар, тархины үрэвсэлт өвчин, тархины судасны төрөлхийн гажиг, настай хүмүүст тархины судасны хатуурал, тархины хатингирал уналт таталтын шалтгаан болдог. Ховор тохиолдолд эпилепси тухайн хүний удамтай холбоотой байдаг.
- Ямар шинж тэмдэг илэрвэл эпилепси гэж үзэх вэ?
- Эпилепсийн тухай сонсоод ихэнх хүмүүс ухаан алдах, биеийн бүх булчин чангарах, чичирхийлэн татах, дороо мэдээгүй бие засах тухай боддог. Гэтэл эпилепсийн уналт таталт өөр олон хэлбэртэй байдаг. Зарим хүнд богино хугацаанд амаа тамшаална, шүлсээ залгина, зарим нь зорилгогүй нэг янзын хөдөлгөөн давтан хийх, хийж байсан үйлдлээ зонсоож гөлийх, гар, эсвэл хөл гэнэт татвалзах, хааяа тайлбарлахад хэцүү өвөрмөц мэдрэмж (аура) төрнө. Уналт бүрт ухамсарт ухаан алдагдахгүй. Зарим тохиолдолд ухаан огт алдагдахгүй, зарим тохиолдолд уналтын эхлэлийг мэдрэн, дараа нь юу болсныг санадаггүй, заримдаа шууд ухаан алдана. Дээр хэлсэнчлэн эдгээр шинж тэмдгүүд 24 цагийн зайтай хоёроос дээш удаа давтагдвал эпилепси гэж үзнэ. Ингээд мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай оношлогоо шинжилгээнүүдийг хийлгэдэг. Тархины цахилгаан бичлэг болон дүрс оношилгоогоор ямар нэг эмгэг өөрчлөлт илрэхгүй байж болдог тул сүүлийн үед хэн нэгэн хажууд чинь ухаан алдаж унавал шууд гар утсаараа таталтын үеийн видео бичлэг хийхийг зөвлөдөг болсон. Видео бичлэгээ мэдрэлийн болон эпилепси судлаач эмчдээ үзүүлэхэд онош тавихад их дөхөм болдог. Бид жил бүр бүх шатлалын мэдрэлийн эмч нарт энэ чиглэлийн сургалт зохион байгуулж мэдээллээр хангадаг.
Эпилепси оноштой хүмүүс харъяа аймаг дүүргийнхээ мэдрэлийн эмч болон эпилепси судлаач эмчийн хяналтанд эмээ тогтмол ууж, уналтын тэмдэглэл хөтлөн, дэглэмээ барин ажил хөдөлмөрөө эрхлэн хэвийн ажиллаж амьдарч болдог гэдгийг бүх хүн ойлгоосой гэж хүсэж байна. Зөвхөн шаардлагатай тохиолдолд тухайлбал угсарч олон удаа уналт таталт давтагдах, таталтын байдал удаан хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг.
 
- Уг өвчнөөр гэр бүлийн нэг хүн өвдөхөд ар гэрт шууд л хүндрэл үүсэж байгаа харагддаг. Үүнд зөвлөмж өгнө үү?
- Ар гэрийн хүмүүсийн хувьд сэтгэл зүйн дарамтад ордог нь анзаарагддаг. Ар гэрийнхэн болон өвчтөн сонсоод л шууд хөдөлмөрийн чадвараа алдлаа гэж буруу боддог. Манайд гардаг нэг буруу хандлага нь эпилепситэй хүмүүсийг группд оруулаад орчноос нь тусгаарлаад, нийгмийн харилцаанаас тусгаарлах явдал байсаар байна.  
Орчин үед эпилепси өвчтэй хүмүүсийн 80%-д нь эмийн эмчилгээ амжилттай хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, уналтын тоо болон эрчим нь эрс буурч, зарим тохиолдолд уналт таталт бүрмөсөн зогсоно.
Уналтын эсрэг олон төрлийн эмүүд гарч байгаа ба манай оронд эдгээр эмнүүдээс нилээдгүй орж ирж эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгож байгаа тул эмчийн бичиж өгсөн эмийг жорын дагуу тогтмол уугаад өвчнөө хянаад нийгмээс тусгаарлагдахгүйгээр эрүүл энгийн хүн шиг амьдрах боломжтой болсон. Ер нь өвчтөн болон ар гэрийнхэнд эмч эпилепси өвчний талаарх мэдээллийг маш сайн өгч өвчний талаарх буруу ойлголтыг залруулж өгөх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг. 
- Нэгэнт оношлогдсон тохиолдолд ямар дэглэм баримтлах ёстой вэ?
- Дэглэмийн хувьд унадаг өвчтэй боллоо гэж оношлогдсон цагаасаа шууд уналтын тэмдэглэл  хөтлөхийг зөвлөдөг. Үүнтэй зэрэгцээд эмчийн бичиж өгсөн эмийг тогтсон цагт заасан хугацаанд заавал тогтмол уух хэрэгтэй. Эмээ нэг л өдөр уухгүй өнжих нь уналтыг сэдрээх нөхцөл болдог. 
Нойр  бол дараагийн барих ёстой дэглэм. Тогтсон цагтаа унтах шөнийн нойр алдахгүй байх хэрэгтэй. 
 Дэлгэцийн хэрэглээгээ (утас, компьютер, телевизор г.м) багасгаж, архи, тамхи хорт зуршлаас татгалзаж, аль болох бүгчим орчинд удаан хугацаанд орохгүй байх хэрэгтэй.  Өвчтөнг дэглэм алдуулахгүй мэдрэлийн эсийг нь сайн амраагаад явах л чухал. Энэ бүх дэглэмээ амьдралын хэвшил болгож чадвал эрүүл хүн шиг амьдрах бүрэн боломжтой. Ингэсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжид хамрагдах шаардлага гарахгүй бөгөөд ажлаа хийгээд айдасгүй амьдрах бүрэн боломжтой гэдгийг дахин хэлмээр байна. 
Өвчтөн болон ар гэрийнхэн эмэндээ итгэх итгэл муу байдаг. Өвчний талаар маш их мэдлэг мэдээлэлтэй болоод эмэндээ итгээд явбал  жирийн хүн шиг амьдраад явна.  
- Өдөр бүр урт хугацаанд тогтмол эм уухаар эмийн гаж нөлөө илэрдэг үү?
- Эмийн гаж нөлөө илрэх тохиолдол гардаг. Зарим эмнүүд ургийн гажиг үүсгэх, үс унах, харшил өгөх, арьсаар тууралт гарах, таргалах зэрэг гаж нөлөөтэй байдаг жишээ нь Депакин гээд эм элгэнд нөлөөлдөг. Эмч нар тухайн өвчтөний нас хүйс биеийн онцлогт тохирсон эмийг зааврын дагуу бичиж өгдөг. Сүүлийн жилүүдэд уналт таталтын эмүүд олон сонголттой орж ирсэн бөгөөд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй авах боломжтой тул санхүүгийн дарамт үүсхээргүй болсон.  Эрүүл мэндийн даатгалаар энэ төрлийн эмүүд 75-80 хувь хөнгөлөгддөг тул хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжид байдаг хүн хүртэл хангалттай эмээ аваад уух нөхцөл бүрдсэн.  
- Баярлалаа
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан