БНСУ-Д ЦАХИЛГААНД ЦОХИУЛСАН ЗАЛУУГИЙН ЭГЧ: Амьдралын төлөө тэмцэж явсан дүү минь хоёр гараа тайруулчихлаа

Монгол Улсын иргэн, 34 настай М.Ууганбаяр гэх залуу гурван жилийн өмнө БНСУ-д ажиллаж, амьдарч байхдаа өндөр хүчдэлд цохиулж, хүнд бэртжээ. Тодруулбал, тэрбээр ажлын байран дээрээ байхдаа цахилгааны шон руу аирч, ажлаа хийж байхдаа цахилгаанд цохиулж, хоёр гараа тайруулсан байна. Мөн нуруу, бэлхүүс хэсгээрээ гүн түлэгдэж, өнөөдрийг хүртэл БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа юм.Бид түүний эгч С.Ариунбилэгтэй холбогдлоо.
-Дүүгийнх нь биеийн байдал яаж байна вэ. Юу болсон талаар та тодорхой яриад өгөхгүй юу?
          -БНСУ-д арьс нөхөн төлжүүлэх, сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Дүү минь амьдралын эрхээр 2013 онд БНСУ руу ажил хийхээр явсан. Залуу хүн амьдралын төлөө тэмцэж яваад 2019 онд ажлын байран дээрээ өндөр хүчдэлд цохиулж, маш хүнд бэртсэн. Дүү минь нарны зайн хэрэгслийн үйлдвэрт ажилладаг байсан юм. Тухайн өдөр шонгийн модны гэрэл солих шаардлагатай болж, гурван монгол залуу, нэг солонгос хүнтэй хамт ажлын талбай руугаа гарсан гэсэн. Солонгос залуу нь тэднийг ахалж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нь хангаж байсан юм билээ. Өндөр өргөдөг шатаар дүү маань нэг монгол залуутай хамт дээшээ гарсан гэсэн. Төмөр утас бариад, гэрлийг нь тогтоох гэж байсан юм билээ. Гэтэл дээшээ гарав уу, үгүй л цахилгаан гүйж, осолд орсон байсан. Уг нь дээшээ гарахаасаа өмнө дарга даа “Шонгийн модны цахилгаан сонин дуугараад байна” гэж хэлсэн гэсэн. Урдаас нь “Цахилгааныг нь цаагуур нь салгачихсан байгаа” гээд тоохгүй, гаргасан байгаа юм. Тэгээд л төд удалгүй цахилгаанд цохиулж, эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Хамаг хувцас нь шатчихсан, хоёр гар нь бараг зумраад уначихсан байсан. Дүү минь эмнэлэг рүү ирэхдээ ухаантай, өөрийнхөө хоёр гарыг ямар байдалтай байгааг харсан гэж байна лээ. Сэхээнд долоо хоног харзнаж, хоёр гарыг нь тайрахгүй байх арга чарга зөндөө хайсан боловч санаснаар болоогүй. Маш өндөр халуунтай, үхэх л амьдралын заагаас л буцаж ирсэн дээ. Эмч нар “Биеийн тамираар хичээллэдэг. Эрүүл, чийрэг биетэй байсан тулдаа амьд тэсэж үлдлээ. Маш хүчтэй хагалгааг даваад гарлаа. Хүмүүсийн бие даадаггүй юм” гэж хэлж байсан. Эмнэлэгт хоёр жил гаруй хугацаанд эмчлүүлж, одоогоор эмнэлгийн хяналтад, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна.
-Дүүгийнх нь сэтгэл санаа хэр байгаа вэ?
         -Анх маш хэцүү байсанГарыг нь мөрөөр нь тайраад, бүүр мухар болгочихсон. Байнгын хүний асаргаанд, хоол идсэн ч, гадуур гарсан ч бүх л зүйл нь хүнээс хамааралтай болчихсон. Тэгээд эхнэр, ээждээ “Ийм болчихсон надаар яах юм бэ” гээд уйлаад л байдаг байсан. Солонгосын эмнэлэгт сэтгэл зүйн эмчилгээ зэргийг хамтад нь хийдэг юм билээ. Дүүг осолд орох үеэр хүүхэд нь таван сартай байсан. Эмчилгээ хийлгээд хэдэн сарын дараа тэргэнцэр дээр суудаг болоод хүүхэдтэйгээ уулздаг болсон. Тэгээд сэтгэл санаа нь арай гайгүй болж эхэлсэн дээ. Бид ч “Амьд гарсан нь зол. Охиныхоо төлөө амьд явах хэрэгтэй” гээд байнга л хэлдэг байсан юм.
-Эмчилгээний зардлыг хаанаас гаргаж байгаа вэ?
          -Ажиллуулж байсан компани нь ахалж байсан хүн рүү нь бүх бурууг үүрүүлчихээд нэг ч төгрөг олгоогүй. Шүүхээр л явж байгаа. Даатгалын мөнгөөр өндөр дүнтэй хагалгаанд хэд хэдэн удаа орж, эмчилгээ, эм тарианы мөнгөө ах, дүү, найз нөхдөөсөө болгосоор өнөөдрийг хүрлээ. Одоо арга буюу “Монголын ард түмнээсээ дүүд минь жаахан ч болов сэтгэлийн гараа сунгаад, гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрахад туслаач” гэж хүсэж байгаа юм. Бид өнөөдрийг хүртэл болгох гэж зүтгэсэн боловч одоо арга мухардаад байна. Эмчилгээ, нөхөн сэргээх нь тасарчих юм бол миний дүүгийн биеийн байдал муудна. Эхнэр нь дөнгөж гурван ой хүрч байгаа охиноо, нөхрөө асарч байгаа учраас ажил хийх боломжгүй. Байрны түрээс, хоол унд, эмчилгээний төлбөр гээд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод байна.
-Шүүхийн шийдвэр хэзээ гарах вэ?
          -Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд шүүх хурал олон удаа хойшлж байгаа. Ирэх зургадугаар сард болох тов гарсан. Бид гэхдээ шүүх хуралд оролцож, нөгөө талтай уулзаж байгаагүй. Өмгөөлөгч нь ажиллаад явдаг юм билээ. БНСУ-д өмгөөлөгч хөлсөлж авахад маш өндөр төлбөртэй. Нэхэмжилж байгаа төлбөрийнхөө 10 хувийг урьдчилгаа болгож олгодог юм билээ. Бидэнд тийм их мөнгө байхгүй, арай гэж өдрөө давж байгаа учраас өмгөөлөгчийн төлбөрөө шүүх хурлын дараа нэг дахин нэмж олгох хүсэлт гаргасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр манай талд шийдэгдсэн ч эсрэг тал давж заалдах шатны шүүхэд хандсан. Нэхэмжилсэн мөнгө өгч чадахгүй гэсэн тайлбар өгсөн байна лээ. Мөн шүүхээс дүүд минь 20 хувийн буруу өгсөн гэсэн. Учир нь "Хэн ч хүчээр дээш нь гаргаагүй. Дээшээ гарахгүй байх боломж байсан" гэж үзсэн байна лээ. Давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гарахыг мэдэхгүй. 
-Дүү нь хууль бусаар оршин сууж байсан уу?
           -Тийм ээ. Хууль бусаар амьдарч байсан болохоор бас буруутаж магад. Одоо гэхдээ эмчилгээ хийлгэж байгаа учраас түр оршин суух эрхтэй болсон. Харин асарч байгаа эхнэр, ээж хоёр нь хууль бусаар байгаа. Тэд баригдах юм бол хэзээ л бол хэзээ эх орондоо ирэх байх. Монголынхоо ард түмнийг дөнгөж 34-хөн настай залуугийн амьдралд тус болоосой гэж хүсэж байна. Миний дүү амьдралд тэмцэгч, охиныхоо төлөө амьд явах ёстой. Одоо бидэнд мөнгөний эх үүсвэр байхгүй болсон учир та бүхнээсээ тусламж хүсэж байгаа шүү гэж хэлмээр байна.
           Хэрэв уншигч та түүнд туслахаыг хүсвэл дараах дансыг ашиглах боломжтой. 
Солонгос дахь данс, ХААН БАНК: 153910561-30607 Мөнх-Эрдэнэ Ууганбаях
Монгол данс, Хаан банк: 5301086414 М.Ууганбаяр
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан