Covid-19: Эцэг эхчүүд хүүхдээ хамгаалах талаар юу мэдэх ёстой вэ?

КОВИД-19-ийн цар тахал нь дэлхий дахинд тархаж, дэлхийн өнцөг булан бүрд буй хүүхдүүд, тэдний гэр бүлийн амьдралд маш хүчтэй нөлөө үзүүлсээр байна. КОВИД-19-ийн халдвар тархах тусам түүнтэй зэрэгцэн худал ташаа мэдээлэл тархаж, ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох хандлагыг улам дэврээсээр байна. НҮБ-ын Хүүхдийн Сан эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтран айдас түгшүүр бүхий худал ташаа мэдээллээс илүү найдвартай удирдамж, зөвлөмж боловсруулан нэвтрүүлэх, баримттай, мэдээллийг сурталчлах, гэр бүл, хүүхдийн эрх ашигт нийцсэн, гарч болзошгүй зарим асуултад хариу өгөх чиглэлээр ажиллаж байна.

КОВИД-19 гэж юу вэ?

Коронавируст халдвар 2019 (КОВИД-19)-ийн товчилсон үг  “КО” гэдэг нь корона, “ВИ”  нь вирус, ‘Д’ нь  diease буюу англиар өвчин гэсэн үгийн нийлэмж бөгөөд БНХАУ-ын Ухань хотод анх тогтоогдсон коронавирусийн шинэ омгийн улмаас үүссэн халдварт өвчин юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага КОВИД-19-ийг цар тахал гэж тодорхойлсон нь ямар утгатай вэ?

КОВИД-19-ийг цар тахлын шинж чанартай гэж тодорхойлсон бөгөөд энэ нь уг вирус үхлийн аюултай гэсэн үг биш юм. Харин энэ өвчний дэлхий дахины газарзүйн бүсийн тархалтыг хүлээн зөвшөөрсөн утгатай үг юм.

КОВИД-19-ийн илрэх шинж тэмдэг ямар байх вэ?

КОВИД-19-ийн үед гарах шинжүүд нь томуу, томуу төст өвчин, ханиад, бусад өвчний шинж тэмдгүүдтэй адил төстэй байдаг тул КОВИД-19-ийн халдвар туссан тохиолдлыг батлахын тулд шинжилгээ хийх шаардлагатай. Шинж тэмдэг нь вирусийн халдвар авснаас хойш 2-14 хоногийн дараа илрэх бөгөөд хөнгөнөөс дунд, хүнд, хэлбэрээр явагддаг. Гэхдээ халдвар авсан зарим хүмүүст шинж тэмдэг илрэхгүй байж болно.
Хамгийн нийтлэг шинж тэмдэг нь халуурах, ханиалгах, ядарч сульдах юм. Бусад шинж тэмдэгт амьсгал давчдах, цээжээр өвдөх, хүндрэх, булчин, бүх бие өвдөх, толгой өвдөх, амт, үнэр мэдрэхгүй болох, толгой эргэх, хоолой өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, арьсны тууралт зэрэг шинж тэмдэг орно. Эдгээр шинж тэмдгээс гадна нялх хүүхдэд хоолондоо дургүй болох огиулах, бөөлжих шинж гарна.
Бүх насны хүүхэд КОВИД-19-ийн халдвараар өвчилж болно. Хүүхэд болон насанд хүрэгчдэд ижил төстэй шинж тэмдэг илэрдэг ч ерөнхийдөө хүүхдүүд насанд хүрэгчдээс харьцангуй хөнгөн өвчилдөг. (“КОВИД-19 хүүхдэд нөлөөлдөг үү?” сэдвийг үзнэ үү).
Амьсгалахад хүндрэлтэй байх, амьсгал сулрах эсвэл хурдсах (шуухитнах, нярай хүүхэд хөхөө хөхөж чадахгүй байх), уруул, царай хөхрөх, цээжээр өвдөх, хүндрэх, толгой эргэх, цочиж сэрэх, тайван бус болох, тоглох дургүй болох, шингэн зүйл ууж чадахгүй байх, ходоод гэдсээр хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж дуудах шаардлагатайг илтгэнэ.
Томуугийн вакцинаар өөрийгөө болон хүүхдээ цаг тухайд нь вакцинжуулах талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байх хэрэгтэй.

КОВИД-19-ийн вирус хэрхэн халдварладаг вэ?

Вирус нь халдвар авсан хүний амьсгал, агаар дусал (ханиалгах, найтаах, ярих, дуулах үед үүсдэг) нь ойролцоох хүмүүсийн ам, хамар, нүд рүү орох замаар ихэвчлэн халдварладаг. Хүмүүс вирусээр бохирлогдсон гадаргууд хүрсний дараа ам, хамар, нүдэндээ гараа хүргэж, халдвар авдаг. КОВИД-19-ийн вирус нь гадаргуу дээр хэдэн цагаас хэдэн өдрийн турш амьдрах боломжтой боловч энгийн ариутгагч бодист устгах боломжтой.
Вирус агаараар дамжин тархаж буйг агаар дуслын замаар халдварлах гэж нэрлэдэг бөгөөд эрүүл мэндийн зарим байгууллагын орчинд эмнэлгийн ажилбар хийх үед агаарт удаан хадгалагддаг аэрозоль хэмээх жижиг дусал үүсгэдэг. Нэмж дурдахад, богино зайд агаараар дамжин халдварлах магадлал өндөр, ялангуяа агааржуулалт муутай, хөдөлгөөн ихтэй битүү орчинд халдвар авсан хүмүүс бусадтай ойр зайд удаан хугацаанд хамт байснаар халдвар тархдаг тухай мэдээллийг та сонссон байх. Одоогийн байдлаар КОВИД-19-ийн халдвар агаар дуслын замаар холын зайд дамждаггүй гэж үзэж байна.
КОВИД-19-ийн халдвар нь гол төлөв шинж тэмдэг илэрсэн үед (бага зэргийн шинж тэмдэг) хүмүүст дамждаг бөгөөд шинж тэмдэг илрэхийн өмнөх үед, удаан хугацаанд бусадтай ойрын зайд хамт байх үед халдварлах боломжтой. Шинж тэмдэг огт илрээгүй хүн ч вирусийг бусдад дамжуулдаг бөгөөд энэ нь хэр зэрэг халдварлах чанартай талаар судалгаа хийгдэж байна.

КОВИД-19-ийн вакцин байдаг уу?

Аюулгүй, үр дүнтэй вакцин бүтээхэд тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Гэвч шинжлэх ухааны ололтод тулгуурлан өмнө нь байгаагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсний үр дүнд эрдэмтэд КОВИД-19-ийн эсрэг вакциныг богино хугацаанд гаргаж чадсан бөгөөд үүний дараах нотолгоонд суурилсан, хатуу зохицуулалтын стандартыг  мөрдөн ажиллаж байна.

Хүүхдэд КОВИД-19-ийн вакцин хийлгэх боломжтой юу?

Хүүхдийн дархлааны тогтолцоо нь тэдний наснаас хамааран насанд хүрэгчдийнхээс ялгаатай болно. КОВИД-19-ийн вакцины анхны туршилтад хүүхдүүд хамрагдаагүй тул уг вакцин тэдний хувьд аюулгүй эсэх талаар судалгаа хийж байна. Судалгаанд суурилсан мэдээлэл нэмэгдэхийн хэрээр бид зөвлөмжийг цаг тухайд нь шинэчлэн гаргах болно. Энэ үед КОВИД-19 тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үндэсний болон орон нутгийн зохих заавар, удирдамжийг дагаж мөрдөөрэй.

КОВИД-19-ийг үүсгэдэг вирусийн хувилбарууд байдаг тухай сонслоо. Энэ юу гэсэн үг вэ?

Цаг хугацаа өнгөрөхөд вирус мутацид орох нь хэвийн үзэгдэл юм. КОВИД-19-ийг үүсгэдэг коронавирусийн шинэ хувилбарууд илүү хурдацтай тархах, хүнд өвчлөл үүсгэх, вакцины үр дүнд нөлөөлөх эсэхэд мэргэжилтнүүд байнга хяналт тавьж, судалгаа хийж байна. Вирусийн зарим шинэ омог илүү хурдан халдварлах чадвартай гэж үзэж байгаа боловч илүү хүндээр өвчлүүлдэг гэсэн нотолгоо байхгүй байна.
КОВИД-19-ийн халдварын дэгдэлтийг сааруулах, таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга бол вирус тархахаас урьдчилан сэргийлж, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих, маск зүүх, дотоод орчны агаар сэлгэлтийг сайтар хийх зэрэг зөвлөмжийг хүн бүрд өгч, байнга дагаж мөрдөх явдал юм.

КОВИД-19-ийн шинэ хувилбар нь хүүхдэд илүү аюултай юу?

Дэлхийн дахины судлаач мэргэжилтнүүд вирусийн хувилбаруудын хүүхдэд үзүүлэх нөлөөллийг сайтар илрүүлэхийн тулд байнгын хяналт тавин судалгаа хийн ажиллаж байна. Их Британид анх тогтоогдсон зарим хувилбар нь хүмүүст, тэр дундаа хүүхдэд илүү халдварлах чадвартайг тогтоожээ.
Дэлхийн хэд хэдэн оронд тархсан вирусийн шинэ хувилбарууд халдвар авсан хүмүүст илүү хүнд өвчлөл үүсгэж болзошгүй эсэхийг судлах судалгааны ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар эдгээр хувилбарт хүүхэд илүү өртөмтгий гэх нотолгоо гараагүй бөгөөд залуу хүмүүс хүндээр өвчлөх нь харьцангуй ховор хэвээр байна.
КОВИД-19-ийн халдварын тархалтаас сэргийлэхийн тулд дээр дурдсан урьдчилан сэргийлэх аргачлал, санамжийг дагаж мөрдөхөд нь эцэг эхчүүд хүүхдүүддээ хамгийн сайн дэмжлэг үзүүлэх ёстой.

“Удаан үргэлжлэх КОВИД” гэж юу вэ? Хүүхдүүд үүнд өртөх үү?  

КОВИД-19-ийн халдвар авч эдгэрснээс хойш зарим хүмүүст хэдэн долоо хоног, хэдэн сарын турш үргэлжилдэг шинж тэмдгийг КОВИД-ын дараах “урт хугацааны эмгэг” гэж тодорхойлдог нэр томьёо юм.
КОВИД-19-ийн цочмог халдварын шинж тэмдэг бага илэрсэн, архаг өвчин эмгэггүй хүүхэд, залуучуудад илүү ажиглагдаж байна. КОВИД-ын дараах “урт хугацааны эмгэг”-тэй хүүхдүүдийн тоо тодорхойгүй боловч судалгаанаас харахад ядарч сульдах, ходоод гэдэс хямрах, хоолой залгиур, толгой, булчин өвдөх, сулрах зэрэг шинж тэмдгүүд хүүхдүүдэд илэрч байна.
Хүүхэд, өсвөр насныханд ховор тохиолдох боловч ноцтой эмгэг болох “хүүхдийн олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж” (ХОЭТҮХШ) нь КОВИД-19-ийн халдвартай холбоотой гарч болох юм. (Холбогдох шинж тэмдгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу).
Хэрэв таны хүүхэд эсвэл гэр бүлийн гишүүнд КОВИД-19 цочмог халдварын дараа шинээр эсвэл байнгын шинж тэмдэг илэрвэл даруй эмчид хандах хэрэгтэй.

Эх сурвалж: UNICEF
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан