Азийн хөгжлийн банкнаас өнөөдөр /2021.09.22/ эдийн засгийн төлөв байдлын талаарх шинэ тайланг танилцуулах үеэр Ахлах эдийн засагч С.Болд "Цар тахлын халдварын тархалтын эрсдэлийг бууруулахгүйгээр эдийн засгийн тогтвортой сэргэлтийн талаар ярих боломжгүй" гэдгийг онцолсон.
Тэрбээр “Цар тахлын үеийн менежмент, тахлын дараах эдийн засгийн сэргэлт ярьж байгаа тохиолдолд, вакцинжуулалтын талаар нийгмээрээ маш зөв хүлээлттэй байх нь асар чухал байна. Эрүүл мэндийн салбарынхны өгч буй дүгнэлтийг харж, иргэд зөв хүлээлттэй байх нь чухал. Монгол Улс вакцинжуулалтаар бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх түвшинд байна. Гэхдээ вакцинжуулалтын үр нөлөө ямар байна вэ гэдгийг улс орнуудын нөхцөл байдлаар аваад үзэхэд халдвар авсан хүнд ногдох нас баралтын түвшин л буурч байгаа. Вакцинжуулалт халдвараас хамгаалахгүй, өвчлөлийн хүндрэлийн тодорхой эрсдэлийг бууруулахад л нөлөөтэй байна” гэлээ.
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлэхдээ “Хэдийгээр Монгол Улсын хүн амын 65 гаруй хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байгаа ч, эрүүл мэндийн эрсдэл өндөр, эдийн засаг дахь тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. Иймд цар тахлын халдварын эрсдэлийг бууруулах нь эдийн засгийг тогтвортой сэргээхэд тулгарч буй гол сорилт болж байна” гэв.
Zindaa.mn