Иог, бясалгал нь эрүүл мэндэд хамгийн чухал дадал

Энэ удаад уулын спортын мастер, хий бясалгал, иогийн багш (RTY-500) Д.Нямхандыг урьж ярилцлаа. 
-Та хөл хорионы үеэр цахимаар хүмүүст иог, бясалгалын хичээл зааж байгаа. Хэр үр дүнтэй байна? 
-Иогийн үнэгүй онлайн сургалт явуулдаг Good Karma группээ өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 29-нд анх нээсэн. Хөл хорионы үеэр хүмүүс гэрээсээ үнэгүйгээр цахимаар иог, бясалгал хийж эрүүл мэнд, биеийн дархлаа, сэтгэл санааны тайван байдлаа анхаараасай гэж хүссэн. Тиймээс багш хүнийхээ хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хөл хорионы үеэр олон хүнд чадах зүйлээрээ тусалж сайн үйлсийн аян өрнүүлж, сэтгэлийн галыг нь өрдөж  өгөхийг хүссэн.
 
Одоо олон иог, фитнесс төв үнэгүй хичээл зааж эхэлсэнд баяртай байна. 23 мянган гишүүнтэй хаалттай групптээ сүүлийн 13 жил миний сэтгэл санааны тавгүй байдал, эрүүл мэндийн шалтгааны улмаас өөртэйгөө ажиллан өөрийгөө өөрчлөхдөө олж мэдэж, судалгаа хийж, сурч мэдсэн, зохих албан ёсны олон улсад багшлах эрхтэй сургалтуудад сурч баталгаажуулсан эрүүл зөв амьдралын хэв маяг, зөв хооллолт, иогийн олон төрлийн стандарт бүтэн цагийн цогц болон бясалгалын хичээлүүд, хувь хүний хөгжлийн хичээл, энерги ухамсар, сэтгэл судлалын талаар олон мэдлэг мэдээлэл, хичээлийг үнэгүй зааж эхэлсэн.
 
 
-“Винъяаса” урсгал иог болон бусад иогийн талаар дэлгэрэнгүй онолын ойлголт өгөөч? 
-Бясалгалын тайлбарууд, нөхөн сэргээх эмчилгээний иог, жирэмсний иог, ахмадын иог, хүүхдийн иог, иогийн нидра, нурууны нөхөн сэргээх иог болон биедээ ачаалал авах эрүүлжин галбиржих хүсэлтэй хүмүүст зориулсан Hiit иог, дунд, ахисан шатны хүмүүст зориулсан хичээлүүд гэсэн олон төрлийн хичээлийг зааж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хүмүүсийн хүсэлтээр онол практикийн цогц цуврал хичээлээ багахан төлбөртэйгөөр заасан. Үүнд “Аюурвед”-ийн мэдлэгийг олгох онол практикийн цогц хичээлээр таван махбодь, төлөв байдлын тухай (гурван доша болох хий, шар, бадган) онолын мэдлэг таван махбодь болон гурван дошагаа тэнцвэржүүлэх иог, хооллолт, эрүүл амьдралын хэв маягт шилжих хүн байгаль хичээл ордог. Мөн энергийн долоон хүрд гэрлэн бүрхүүлийн талаар онол, долоон хүрдээ тэнцвэржүүлэх бясалгал иогийн тэнцвэрт долоон хүрд (өнгө) онол практик хосолсон болон бясалгах цаг бясалгалын хичээл багтана. “Хувь хүний хөгжлийн би гэрэл хичээл”, хүүхэд багачууд өсвөр насныханд зориулж ”Бяцхан иогчин” гэсэн хичээлээ ч цувралаар хүргэжээ.
 
-Цахимаар хүмүүст энэ бүх мэдлэгийг олгосноор ямар өөрчлөлт гарав? 
-Өөрчлөлтүүд гарсаар байна. Зааж байгаа хичээл маань бүх зүйлийн уг үндэс, учир шалтгааныг хүмүүсээр өөрөөр нь (хүний амьдралын бүх зүйл үйлийн учир шалтгааныг хүн өөрөө л тавьдаг таныг таниас өөр хэн ч сайн мэдэхгүй) олуулан зааж чиглүүлэн дэмжих, сэтгэл зүйн дэмжлэг өгөх, урамшуулах маягаар хүн бүртэй тулж ажиллаж хөдөлгөөний дутагдал, өвчлөлийн шалтгаанууд, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудал, сэтгэл зүйн асуудал гэх мэтийн учир шалтгаан нь хаанаас гарч байна гэдгийг онолын мэдлэгт тулгуурлан онол практик хосолсон хэлбэрээр сургалт өгдөгөөрөө онцлогтой. Тиймээс олон хүнд их өөрчлөлт гарсан. Тухайлбал, сэтгэл санаа нь амар амгалан болсон, олон жилийн нойргүйдэлтэй хүмүүс нойрондоо сайжирч, гэр бүлийн харилцаа сайжирсан, бие нь гоё уян хатан болж эрч хүчээр тэтгэгдсэн, олон төрлийн нурууны өвчин нь эдгэж  байгаа  зэргээр  үр дүн гарч байна. Ерөнхийдөө сургалтууд маань онол практик, бясалгал иог хослон ордог. Тиймээс хүмүүс өөрсдийнхөө бүх болохгүй зүйлийнхээ учир шалтгааныг ойлгож авдаг. Ялангуяа, хичээл зүтгэлтэй хүмүүс үр дүнд хүрдэг.
 
-Танхим, цахимаар заахад ялгаа байна уу? 
-Ялгаа их бий. Гэхдээ өөрийнхөө төлөө ажиллах гэж байгаа хүнд бол цахим нь илүү үр дүнтэй байх. Онлайн хичээлийн онолын мэдлэг болон иог хичээлээ бүгдийг нь сүүлийн үеийн дэвшилтэт программууд “Live”, “Zoom”, “Powerpoint”, “Streamyard”,”Meeting” гэсэн программ ашиглан чанарын өндөр түвшинд хадгалдаг. Бодитоор харьцаа үүсгэн, асуух зүйлээ асуугаад, ярилцаад зөвлөөд явах  боломжтой.
Хувь хүний хөгжил бясалгалтай хослон явагддаг. Тиймээс  хүн тус бүрт нь гарц гаргалгааг нь зааж чиглүүлдэг учир багшаас цаг их шаарддаг. Шаардлагатай тохиолдолд шавь нар маань иогоо хийж байгаа бичлэгээ надад явуулдаг. Түүн дээр нь үндэслэн тэр хүнд тохирсон зөвлөгөө өгдөг.
 
-Иогоор хичээллэх нь ямар ач тустай вэ ? 
-Хүмүүс иогоор хичээллэснээр амьдралынхаа хэв маягийг их сайхнаар өөрчлөх боломжтой. Харин нийгэмд иогийг эмэгтэйчүүд, фитнессийг эрэгтэйчүүд хийдэг гэдэг ташаа ойлголт, хандлага байдаг. Эсрэгээрээ бүх хүн иогоор хичээллэх хэрэгтэй. Эрэгтэй хүнд хүч чадал, тэнцвэрийг авчирна. Мөн дайчин чанарыг нэмэхээс гадна амьдралын мөн чанараа олох, зөв чиглүүлэх, амьдралын ноён нуруугаа засахад тусалдаг.
 
-Иог, бясалгалыг хослуулснаар хүний сэтгэл санааг засах, өвчин зовиураас нь салгаж эрүүл чийрэг болгоно гэж ойлгож болох нь ээ? 
-Тийм ээ. Хүмүүс иогоор хэрхэн турах талаар асуудаг. Мэдээж тууштай байгаад “Аюурвед” болон монгол уламжлалт хоол хүнсний талаарх мэдлэгээ сайн сурч амьдралын хэв маяг, хоол ундаа өөрчлөөд тууштай иог хийгээд ирвэл эрүүлжинэ. Эрүүл хүн насандаа, өндөртөө тохирсон жинтэй болно. Гэхдээ нэг сар хичээллээд хүссэн үр дүндээ хүрнэ гэж байхгүй. Тиймээс тууштай байснаар хамгийн багадаа 3-6 сар иогоор хичээллэж амьдралын хэв маягаа зөв болгоод ирэхэд ерөнхий үр дүнгээ мэдрээд эхэлдэг. Нэг сар хичээллэхэд биетэйгээ танилцаад хөнгөрнө, хоёр сар хичээллэхэд сэтгэл зүйтэйгээ ажиллаад сэтгэл санаа сайхан болно, гурван сар хичээллэхэд иог, бясалгалдаа дурлаад ямар нэг асуудал байвал мэдрэгдээд шийдэгдээд эхэлнэ.
 
 
 
Түүнчлэн онолын мэдлэгтэй хослуулан амьдралын хэв маягаа өөрчилж, хоол ундаа тохируулах, өөрийн төлөв байдлаа мэдэж хий, шар, бадгана гэж бид ярьдаг тэрэндээ болон улирал цаг үедээ тохируулж хоол хүнсээ идэж биеэ тээж цэвэрлээд бодисын солилцоогоо дэмжээд ирэхэд бие аяндаа өөрийгөө засч сайжруулах гайхалтай тогтолцоо шүү.
 
 
 
Мөн хүн өөрийн биед тохирсон иогийн дасгалыг хийснээр тодорхой хэмжээний бие бялдар, сэтгэл санааны өөрчлөлтийг авчирч тухайн ямар нэгэн суурь өвчнүүдийг эмчлэх дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн хамгийн чухал зүйл нь энэ бүх суурь өвчнөөс урьдчилан сэргийлэх арга болдог. Ингэснээр сэтгэл зүйн дархлаагаа дэмжих, түүнчлэн сэтгэл зүйн дархлаа суулгах бүрэн боломжтой.
 
 
Х.ОюунболдЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл