Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 55 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораториуд, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Орхон аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД, Хан-Уул дүүргийн лабораториудад нийтдээ 36 906 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 24 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд илэрсэн бол бусад нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлуудаас илэрсэн аж. Ингэснээр улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2693 болжээ. Үүнээс 1933 нь эдгэрээд байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 47 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай 745 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд хоёр, хүнд зургаа, хүндэвтэр 80, хөнгөн 635 хүн эмчлүүлж байгаа аж.