Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Энэ сарын 22, 23-нд 1053 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 1 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тухайн иргэн энэ сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч бөгөөд Монгол Улсын иргэн.
Мөн амьсгалын замын томуугийн шинж тэмдэг илэрсэн хүмүүсээс коронавирусийн шинжилгээ авч хийж байгаа. Ингээд санамсаргүйгээр 31 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
Монгол Улсад батлагдсан тохиолдол 328 боллоо. Үүнээс 312 хүн эдгэрсэн байна. ХӨСҮТ-д 16 хүн эмчлүүлж байна. Үүнээс 12 нь хөнгөн, дөрөв нь хүндэвтэр байна.
Тусгаарлалтад байгаа иргэнээс 20 дахь хоног дээр нь коронавирус илэрсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол үнэн. Сиатлын онгоцоор ирсэн нэг иргэнээс 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн. Энэхүү иргэн аравдугаар сарын 1-нд эх орондоо ирсэн. Аравдугаар сарын 2-ны шинжилгээгээр хариу нь сөрөг гарсан. Ингээд 13 дахь хоногийн шинжилгээгээр бас сөрөг гарсан. Ингээд гуравдахь буюу сүүлчийн шинжилгээг хийхэд 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн.
Энэ хүнийг ХӨСҮТ-ийн КОВИД-ыг эмчилдэг тасагт шилжүүлж, эмчилгээ хийж байна.
Дэлхийд нийт 41.1 сая хүн коронавирусийн халдвараар өвчлөөд байна. Үүнээс 31.1 сая эдгэрч, эрүүлжсэн байна. Харин 1.1 сая гаруй хүн нас барсан. Сүүлийн нэг хоногт 423 мянган хүн шинээр өвчилсөн байна" гэлээ.