ОХУ-ын нийслэл Москва хотод сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 2300 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд энэ тавдугаар сарын 31-нээс хойш өдөрт илэрсэн хамгийн олон тохиолдол болж байна гэж тус улсын коронавирусний халдвартай тэмцэх шуурхай штаб мэдээлэв.
Москвад өдөрт илэрсэн халдварын тохиолдол 0.8 хувиар өссөн байна. Нэг өдрийн өмнө 2217 шинэ тохиолдол илэрчээ. Нэг хоногийн дотор 1227 хүн эмнэлгээс гарч, 23 хүн нас барсан байна. Цар тахал дэгдсэнээс хойш нийт 290293 хүн халдвар авснаас 247301 нь эдгэрсэн бол 5203 хүн нас баржээ. Одоогийн байдлаар Москвад 37789 хүн эмчлүүлж байна.
Коронавирусний халдварын шинэ тохиолдол нэмэгдсэн болон ханиад томууны улирал эхэлсэнтэй холбоотойгоор Оросын нийслэл хотын дунд сургуулиудын сурагчдыг 10 дугаар сарын 5-наас 18-ны хооронд хоёр долоо хоног амраахаар болсныг хотын дарга Сергей Собянин мэдэгджээ.
ОХУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо нэг өдрийн дотор 8232-оор нэмэгдэж, 1 167 805-д хүрчээ. Шуурхай штабаас мэдээлснээр, өнгөрсөн хоногт 6479 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 952 399 болсон бол нас барсан нийт тохиолдол 20 545-д хүрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 160 өвчтөн нас баржээ.