COVID-19 коронавирус аль 2012 онд хүний бие организмд дасан зохицсон байж болзошгүй гэнэ. Энэ талаар вирус судлаач Жонатан Латэм, биологч Эллисон Уилсон нар мэдэгдсэнийг Independent Science News сэтгүүл дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, судлаачид хоёр долоо хоногийн туршид уурхайд сарьсан багваахайн ялгадсыг цэвэрлэсэн, Хятадын Юньнань мужийн уурхайчдыг эмчилсэн эмчийн диссертацийг олсон байна. Энэ диссертацид тэмдэглэснээр, уурхайчдад халуурах, хуурай ханиалгах, үе мөч өвдөх, уушги үрэвсэх гэсэн COVID-19 вирусийн халдвартай ижил шинж тэмдгүүд ажиглагдаж байжээ. Тухайн үед зарим өвчтөнүүдийг эмчлэхэд уушгины хиймэл амьсгалын аппарат ашигласан бөгөөд зургааны хүний гурав нь эмчилгээ авч чадалгүй нас барсан байна.
"Диссертацид агуулагдах нотлох баримтуудаас харахад бид COVID-19 вирусийн үүслийн талаар олж мэдсэн бүхнээ эргэн харах ёстой болж байна" гэж нийтлэлд өгүүлсэн байна.
Уурхайчдаас авсан шинжилгээний дээжүүдийг Ухань дахь лаборатори руу илгээсэн бөгөөд лабораторийн шинжилгээгээр уурхайчид нэг төрлийн коронавирусийн халдвар авсан гэдэг нь батлагджээ. Эндээс үзэхэд COVID-19 аль хэдийнэ хүний бие организмд дасан зохицсон байсан гэж үзэх үндэслэл байна хэмээн судлаачид онцолсон байна.
Дашрамд дуулгахад, шинэ төрлийн коронавирусийн үүслийн талаарх төрөл бүрийн таамаглал сүүлийн саруудад гарч байгаа. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ халдварыг хараахан сайтар судлагдаагүй, эцэслэсэн дүгнэлт хийх боломжгүй гэж онцолдог бол эрдэмтэд, шинжээчид вирусийн үүслийг тодруулахаар ажилласаар байгаа юм.
Г.Бямбасүрэн