Ковид 19 -ын зургаан вакцин сүүлийн шатанд оржээ

ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа коронавирусийн вакцины туршилтын талаар мэдээлэл хүргэлээ. Тэрээр “ДЭМБ-ын мэдээллээр, КОВИД-19-ийн эсрэг вакцины 166 судалгаа идэвхтэй байна. Үүнээс 141 нь эмнэлзүйн өмнөх шатанд явж байгаа бол 25 вакцин эмнэлзүйн шатанд ороод байна. Эдгээрээс зургаан вакцин сүүлийн шатанд ороод байна.
Тодруулбал,
БНХАУ-ын Sinovac биотехнологийн компанийн хөгжүүлж буй “Coronavac” /коронавак/ нэртэй идэвхгүйжүүлсэн вакцин,
БНХАУ-ын Синофарм группийн Уханийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэнтэй хамтран хөгжүүлж буй идэвхгүйжүүлсэн вакцин,
БНХАУ-ын Синофарм группийн Бээжингийн биотехнологийн хүрээлэнтэй хамтран хөгжүүлж буй идэвхгүйжүүлсэн вакцин,
Их Британийн Оксфордын их сургууль болон Астра Зенека биотехнологийн компанийн хамтран гаргаж байгаа вакцин,
БНХАУ-ын Cansino biologics компани болон тус улсын Цэргийн анагаах ухааны академийн харьяаны Био технологийн хүрээлэнтэй хамтран хөгжүүлж буй “Ad5-nCoV” вакцин
АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн санхүүжилттэй Модерна компанийн хөгжүүлж буй шинэ коронавирусийн уургийн тогтворжсон хэлбэрийг агуулсан вакцин зэрэг нь сүүлийн шатандаа байна.
Үлдсэн эмнэлзүйн туршилтад ороод буй вакцины хувьд цаг хугацаа хожих үүднээс 1, 2-р шатны судалгааг нэгтгэн хийж байна. Хятад улс найм, АНУ 5, Их Британи, Герман, Энэтхэг , Австрали тус тус хоёр, Япон, БНСУ , ОХУ тус тус нэг вакцины эмнэлзүйн туршилтыг хийж байна.
АНУ-д өнгөрсөн нэг хоногт 65500 гаруй шинэ тохиолдол, 969 нас баралт бүртгэгдэж, нийт дөрвөн сая 163 мянга гаруй хүн халдвар авснаас 145900 гаруй хүн энджээ. Бразилд 24500 гаруй шинэ тохиолдол, 555 нас баралт бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо хоёр сая 419 мянга гаруйд хүрчээ. Тус улсад нийт нэг сая 600 гаруй өвчтөн эдгэрчээ. Японд 835 шинэ тохиолдол бүртгэгджээ. БНСУ-д 25 шинэ тохиолдол илэрснээс 16 нь зөөвөрлөгджээ. Хятадын эх газарт 61 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь зөөвөрлөгдсөн бол 41 нь Шинжаан Уйгуурын бүс нутагт бүртгэгджээ. Хонконгт 128 шинэ тохиолдол илэрснээс 103 нь дотоодын халдвар байна. Тус хотод нийт 2633 хүн халдвар авснаас 18 хүн нас баржээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан