Ковид-19-ийн лабораторын оношилгооны талаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторын эрхлэгч, АУ-ны доктор, клиникийн профессор Б.Дармаагаас тодруулга мэдээлэл авлаа.
- Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Коронавирусийн халдварыг оношилох талаар янз бүрийн мэдээллүүд цахим орчинд яваад байна. Манай улсын ашиглаж буй оношилгооны багаж найдвартай юу?
- Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр буруу ташаа мэдээлэл явж иргэдийг төөрөгдүүлэх болсон.Тиймээс албаны баталгаа, нотолгоон дээр суурилсан хэд хэдэн тайлбар мэдээллийг өгөх нь зүйтэй. Монгол Улс Японы халдварт өвчний үндэсний төвд загварчилсан праймерыг /оношилгооны багаж/ авч оношилгоондоо ашиглаж байна. Юуны өмнө би нэг зүйл дээр нэмэлт ойлголт өгье гэж бодож байна. Японд анхны халдварыг илрүүлсэн праймерын дараалал буруу ташаа гарчээ гэдэг талаар өөрсдөө энэ оны нэгдүгээр сарын 23-нд нийтлэл гарган дэлхий нийтэд онлайн сүлжээнд нээлттэй мэдэгдэж байсан. Уг праймерыг Япончууд аль ч улс оронд тараагаагүй. Харин манай улс Япон улсаас нэгдүгээр сарын 27-нд шинэчилсэн шинэ праймерыг нь авч оношилгоондоо хэрэглэж эхэлсэн. Шинэчилсэн праймертай холбоотой албан баримт нотолгоонууд нь байгаа. Мөн бид ДЭМБ-ын бүх улсад нийлүүлэгдэж байгаа найдвартай, баталгаатай праймерыг мөн хэрэглэж байна. Тиймээс иргэд, олон нийт санаа зоволгүй, одоо хэрэглэж буй оношилгооны праймерт итгэж болно.
Коронавирусийн халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ЭМЯ Японоос 36 мянган шинэчилэгдсэн, найдвартай праймерыг захиалж авсан гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори өдөрт 2000-3000 сорьцыг шинжлэх хүчин чадалтай
- Доктор Д.Нямбаяр манай улсын тоног төхөөрөмжийн тал дээр шүүмжлэлтэй хандсан байсан? Энэ тал дээр та мэдээлэл өгөхгүй юу?
- Тоног төхөөрөмжийн тухай Д.Нямбаяр доктор ташаа ойлголттой байгаа юм билээ. Үүнийг би буруутгахгүй. Учир нь нийгмийн эрүүл мэндийн лабораториудаар ажиллаагүй, гадаадад судалгаа хийж байгаа учир мэдэхгүй байгаа байх. Манайх гурав биш 10 филтертэй унших чадалтай төхөөрөмжтэй. Лабораторын тоног төхөөрөмж дандаа шинэчлэгдэж байдаг. Тиймээс шинээр гарч буй халдварыг оношлох хүчин чадлыг жигд сүлжээнд оруулсан. Мөн гурван PCR машин зэрэг ажиллаж байна. RNK, DNK ялгах машинууд бүгд автоматжсан байдаг. ХӨСҮТ-ийн хувьд өдөрт 2000-3000 сорьцыг шинжилж үзэх хүчин чадалтай. Мөн Орхон, Дархан-уул, Дорнод аймагт энэ төрлийн төхөөрөмж ажилладаг. Одоо Дорноговь, Өмнөговь аймагт нэвтрүүлж үндэсний сүлжээг бий болгох боломжтой болсон.
- Анхны тохиолдол болох Франц иргэний шинжилгээ эргэлзээтэй байсан эсэх талаара сошиал орчинд зарим нэг мэдээлэл гараад байна. Анх-Отгон 56 хоног эмчилэгдсэн. Энэ хугацаанд лабораторын шинжилгээ ямар байсан вэ?
- Франц иргэний сорьцын шинжилгээ гуравдугаар сарын 10-нд батлагдсан. Энэ шинжилгээг Токиогийн оношлуураар хийсэн. Ямар нэгэн эргэлзээгүй гэдэг нь зөв дарааллын праймераар хийсэн гэдгээр нотлогдож байгаа юм. Анх-Отгон 56 настай, хоёр талын уушгинд нэвчтэст хатгаа ихтэй байсан. Тэр үед судалгаа хийж байгаад нэвчист хатгаатай, хүний уушгины өөрчлөлт цэрний шинжилгээнд вирусийн хэмжээ их гардаг юм билээ. Олон хоног гадуур явсан ч өвчин тараагүй байсан шалтгаан нь манай монголчууд дэг журамтай байж, амны хаалтаа тогтмол зүүж байснаас хамаарч байна. Мөн Анх-Отгон ч тогтмол амны хаалтаа зүүж байсан. Тиймээс бид анхнаасаа зөв тактиктай явсан байна гэж одоо дүгнэж байна.
-Та сая үндэсний сүлжээг ярилаа. Тэгвэл гадаад сүлжээнд манай лаборатори хэрхэн баталгааждаг вэ?
- Манай лаборатори гадаад сүлжээнд хамгийн идэвхтэйд тооцогддог. Би 2003, 2004 онд АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төв /CDC/-д нэг жил ажиллахад дахин сэргэж байгаа халдварт өвчний талаар судалж, SARS, шувууны томуу, томуугийн цар тахлын үед ажиллах бэлтгэлийг хийж байсан юм. Би тэр үед молекул, биологийн шинжилгээг тогтворжуулах арга техникт суралцсан. 2007 онд дахин CDC-д зургаан сар ажиллаж, 2008 онд Токиогийн их сургуулийн хүрээлэнд ажилласан. Миний ажиллаж байсан газрууд бол ДЭМБ-ын томуугийн хамгийн гол лавлагаат төв юм. Тэгэхээр би хувийн болон хувьсгалын сүлжээгээр өдөр болгон мэдээлэл солилцдог. Мөн бид улирал тутамд гадаад хяналтын шалгалтыг тогтмол авдаг. Амьсгалын замын халдварыг үүсгэгчийг илрүүлдэг 21 төрлийн үүсгэгчийг илрүүлэх шинжилгээ, томуугийн болон шувууны томуугийн вирусийн шинжилгээ, вирус үсрүүлэх шинжилгээний сорьц авч, Австрали болон бусад орноос шинжилгээгээ хийж чадаж байгаа эсэхийг дүгнүүлдэг юм. Сүүлийн 10 гаруй жил 100 хувийн үнэлгээтэй байгаа. Харин коронавирус халдварын тухай гадаад хяналтыг Хонконгийн лабораториор хийлгэхээр гэрээ байгуулсан. Мөн энэ улс нь ДЭМБ-тай гэрээтэй юм билээ. Тус орноос 20 сорьц авсан бөгөөд одоо ялган дүйх шинжилгээг хийгээд явуулахад бэлтгэж байна. Үүний дараа манай улсад ажиллаж буй таван лабораторио бүгдийг нь шинжлүүлэхээр гадаад хяналтын хүсэлт авсан. Харин дотоодынхоо хяналтыг тогтмол хийж байгаа.