Хүний биед гадны биет буюу вирус орж ирэхэд хүний дархлалын систем ажиллаж, тэрхүү вирусийн эсрэг тэмцэж эхэлдэг. Ингээд тодорхой хугацааны дараа гаднаас орсон вирусийг таних эсрэг бие үүсдэг. Үүнийг эсрэг бие хэмээн нэрлэдэг.
Тэгэхээр тухайн хүн халдвар аваад эдгэрсэн ч цусанд нь эсрэг бие үлддэг. Энэ хүн халдвар авсныг илэрхийлж байдаг юм. Эсрэг бие бол вирус биш. Тэгэхээр бид энэ эсрэг биеийг хянаж байдаг. Цусанд эсрэг бие үүссэн тохиолдолд дахин тухайн халдвар авдаггүй, байгалийн дархлаа тогтсон гэсэн үг. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эсрэг биетийн талаар өнөөдөр дахин тайлбарлалаа. Тэрээр "Хүн коронавирусийн халдвар аваад эдгэх юм бол вирус тэмдэг үлдээгээд явчихдаг. Ингэхдээ вирус нь устчихсан буюу вирусгүй болсон байдаг. Өөрөөр хэлбэл энд эсрэг бие буюу коронавирус орж ирээд гарчээ гэсэн тэмдэгээ үлдээгээд явчихдаг гэсэн үг. Мэдээж эсрэг бие үүсэхэд бид хяналт тавина" гэсэн юм.