БНХАУ-д коронавирусийн улмаас дөрвөн ч хүн амиа алдаж, 200 гаруй хүн өвчилсний зэрэгцээ өөр гурван оронд өвчний тохиолдол бүртгэгдээд байна. Уг вирус нь хүнээс хүнд дамжих аюултай гэж БНХАУ-ын эрдэмтэд сануулж буй юм.
Шинэ төрлийн вирус нь хүнээс хүнд халдварладаг болохыг БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хороо өнгөрсөн Даваа гариг (2020.01.20)-т нотолсон байна. Уг вирусыг судлах Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны дарга Жун Наншаны хэлснээр, одоогийн байдлаар дор хаяж өвчний хоёр тохиолдол хүнээс халдсан байж болзошгүй байгаа аж. Мөн эмнэлгийн ажилчдад халдсан нь энэ таамгийг батлах нэг хөшүүрэг болжээ.
Хятадын эрх баригчдын үзэж буйгаар, өвчин анх Үхань хотын далайн хүнсний захад амьтнаас хүнд халдсан байна. Гэвч сүүлийн үед Үханиас хол байдаг газрын хоёр ч хүн корона вирусээр өвчлөөд байгаа нь яах аргагүй хүнээс хүнд халдсан тохиолдол хэмээн Жун тайлбарлажээ. Тэдний нэг нь Үханиас гэртээ эргэн ирсэн гэр бүлийн гишүүнээсээ өвчин халдсан тохиолдол юм.
Жун 2003 онд SARS вирусийг судалж байсан эрдэмтдийн нэг юм. SARS вирус 2002, 2003 онд 8000 гаруй хүнд халдварлаж, 774 хүний аминд хүрч байв. Харин Жуны хэлснээр, шинэ вирус SARS шиг хүчтэй вирус биш аж. Гэхдээ уг вирус Үхань хотоос алс Бээжин, Шанхай, Шэньжэнь, тэр ч байтугай Тайланд, Япон, БНСУ, Энэтхэг, Австралид тархаж, цар хүрээгээ тэлж, дэлхий нийтээр онц байдал зарлах хэмжээнд хүрчхээд байна. Одоогоор Тайландад дээрх вирусээр хоёр хүн, Японд нэг хүн, Солонгост нэг хүн, дэлхий даяар нийт 222 хүн халдварласан гэсэн тооцоо гарчээ.
БНХАУ-Д ИЛЭРСЭН ШИНЭ КОРОНАВИРУСИЙН УЛМААС ДЭМБ ШУУРХАЙ ХУРАЛДАНА
ДЭМБ-ын удирдах зөвлөл өнөөдөр /2020.01.21/, маргааш Женев хотод шуурхай хуралдаж, олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах үгүйг шийдвэрлэх юм байна. Учир нь өнгөрсөн сард Хятадын Үхань хотод анх илэрсэн уг вирус өнөөдөр Япон, Өмнөд Солонгос, Тайланд, Австрали улсад ирлээд байгаа юм. Мөн шинэ төрлийн коронавирус нь SARS гэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчний вирустэй төстэй ажээ.
Одоогийн байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 218 (CNN), нас барсан хүний тоо дөрөв болоод байгаа юм. Хубэй мужийн Үхань хотын эрүүл мэндийн хорооны албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, нас барсан дөрөв дэх өвчтөн 89 настай эрэгтэй бөгөөд түүнд нэгдүгээр сарын 13-нд шинэ вирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Уг эрэгтэй тав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 18-нд биеийн байдал нь маш хүнд эмнэлэгт хүргэгдэж, нэгдүгээр сарын 19-нд орон нутгийн цагаар 23:39 цагт нас баржээ.
Одоогийн байдлаар Үхань хотын эмнэлэгт шинэ төрлийн коронавирус илэрсэн 169 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 35-ынх нь биеийн байдал хүнд байна гэж хотын эрүүл мэндийн хорооноос мэдээлжээ. Мөн Бээжин, Шанхай зэрэг том хотуудад анхны тохиолдол илэрсэн байна. Хамгийн аюултай нь, цагаан сарын үеэр хүмүүсийн хөл хөдөлгөөн коронавирусnaг хурдтай тархааж болзошгүй байгаа аж.
БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Хятадад сар шинийн баяр эхэлж байгаатай холбоотойгоор хүн амын шилжилт хөдөлгөөн тархалтыг улам эрчимжүүлэх аюултай байгаа ажээ. Тодруулбал, урд хөрш энэ сарын 25-наас 27-нд цагаан сараа тэмдэглэнэ. Энэ үед хилийн боомт амардаг боловч дотоод, гадаадын жуулчдын хөл хөдөлгөөн ихэсдэг. Монголын цагаан сар хоёрдугаар сарын 24-нд болох юм. Сар шинийн баярыг угтан урд хөршийг зорих иргэдийн урсгал нэмэгддэг билээ.
Коронавирусийн тархалт идэвхжиж, дэлхий нийтээр онц байдал зарлачхаад байхад монголчууд л “хэнэггүй” царайлж сууна. Урд хөрштэй хил залгаа оршдог, бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнх хэсгийг импортолдог улс орны хувьд шинэ төрлийн вирус дэгдэхгүй гэх баталгаагүй. Гэтэл хүмүүст уг вирус Монголд л хамаагүй юм шиг амны хаалт зүүлгүй, энд тэндгүй ханиалгаж, найтаахдаа ч санаа зовохгүй. Дээр нь иргэдийн дунд коронавирусийн талаарх мэдээлэл, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл дулимаг байна.
Хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хариуцах ёстой эрүүл мэндийн салбар нь ч ажил үүргээ умартсан бололтой. Ингэж хэлэхийн учир нь эмнэлгийн байгууллага болон Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхийн газрууд болон иргэдэд коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэх нь учир дутагдалтай.
Нүдэнд харагдахуйц бодит ажил хэрэгжүүлэх ёстой. Сэрэмжлүүлж хэлэхэд, Хонгконг, Энэтхэг улсаас ирсэн дөрвөн халуунтай тохиолдлыг бүртгэж, мэргэжлийн хяналтын байгууллага, хилийн мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ХӨСҮТ-д тусгаарлан шалгаж, корона вирусээр өвчлөөгүй болохыг нь тогтоосон байна.
Эрүүл мэндийн байгууллагууд коронавирус Монголд дэгдэхгүй байх баталгаагүй гэдэгтэй санал нэг байна. Хамгийн гол нь иргэд амны хаалт зүүж хэвших, дархлаагаа дэмжих нь чухал ажээ.
КОРОНАВИРУС МОНГОЛД ДЭГДЭХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙХГҮЙ Ч ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХГҮЙ
ЭМЯ-ны Дархлаажуулалтын албаны дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-ДЭМБ-аас БНХАУ-д нэгдүгээр сарын 3-ны өдөр шинэ уушгины хатгалгаа өвчин бүртгэгдлээ гэж зарлаж, коронавирусийн долоо дахь төрөл болох нь тогтоогдсон. Коронавирус нь томуу томуу төст өвчин, өөр төрлийн өвчнүүдийг үүсгэдэг.
ДЭМБ болон БНХАУ-ын Үхань хотын мэдээллийн сайтын мэдээлснээр, шинэ төрлийн коронавирус нь агаар дуслын замаар буюу хүнээс хүнд халдах өндөр магадлалтай гэдгийг анхааруулаад байна. Монгол Улсад ч бас зөөвөрлөгдөн орж ирэхгүй гэх баталгаа байхгүй. Учир нь Монгол Улс БНХАУ-тай агаарын болон төмөр замын, газрын харилцаатай. Хоёрдугаарт, нэгдүгээр сарын 25-нд Хятадын цагаан сар болно. Энэ үед 400 сая хүн дотоодод болон гадаадын улс орнууд руу жуулчилдаг гэх мэдээлэл байна.
Мөн монголчуудын Цагаан сарын баяртай холбоотойгоор уг вирусийн өвчлөл тархаж магадгүй гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна. Эрүүл мэндийн яамны хувьд БНХАУ-д анх коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ гэж ДЭМБ-аас нэгдүгээр сарын 3-ны өдөр зарласан даруйд арга хэмжээ авч эхэлсэн.
Монгол Улсад шинэ төрлийн вирусийн халдвар дамжин орж ирэх эрсдэлийн зэргийн үнэлгээг гаргахад дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн орны тоонд орсон. Тиймээс Монгол Улс онц байдал зарлахгүй. Өмнө нь уг вирусийн зургаан төрөл тогтоогдсон. Эдгээрээс хамгийн хүнд нь 2002, 2003 онд дэлхий нийтэд тархсан SARS. Эл вирусээр 800 гаруй хүн нас барж, 8000 гаруй хүн өвдсөн. Ер нь дэлхий нийтээр томуу, томуу төст өвчний улирал таарч байна.
Монголд ч бас томуу, томуу төст өвчний идэвхтэй үе тохиож, В вирусийн халдварын вирус тархаж байна. В вирусийн хамт энгийн коронавирус, амьсгалын замын H3N2 зэрэг зургаан төрлийн вирусээр хүмүүс өвчилж байна. Тиймээс хүүхэд, насанд хүрсэн иргэдэд энэ ханиад хүнд тусч байгаа юм. В вирус нь амьсгалын доод замыг өвчлүүлдэг, уушгины хатгалгаа болох нь их байна. Дээр нь коронавирусийн гурав дахь эрсдэл нь томуугийн улиралд дэгдэж байгаагаар онцлог байна. Гэхдээ томуу, томуу төст өвчний тархалт зургаан хувьтай буюу буурч, орны ачаалал хэвийн байна.
БНХАУ болон өөр бусад улс орнуудад тархаад буй шинэ төрлийн уушгины хатгалгаа өвчнийг коронавирусийн долоо дахь төрөл гэж үзэж байна. Уг вирусийг анх мал амьтны захаар явсан хүмүүст ахуйн хавьтлын замаар халдсан байж болзошгүй гэж үзсэн. Хоёрдугаарт, МХЕГ, ГЕГ холбогдох бүх байгууллагад анхааруулга, сэрэмжлүүлгийг албан бичгээр хүргүүлсэн. Ялангуяа хилээр орж ирж буй хүмүүсийн өвчтэй эсэхийг хэрхэн хянах вэ гэдэг зааварчилгаа өглөө.
Орон нутгийн Засаг дарга нарт хилийн боомтоор орж ирэх эрүүл ахуйн халдвар судлалын хяналтаа хэрхэн тавих вэ гэдэг зөвлөмж хүргүүлсэн. Энэ мэтчилэн бүх төрлийн мэдээлэл зөвлөмжийг өгч, эрүүл мэндийн байгууллагуудад бэлэн байдалтай ажиллах үүрэг өглөө. ДЭМБ-аас зургаан чиглэлээр түр зөвлөмж гаргасны дагуу эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах арга хэмжээ авч, орон нутгийн эмч нарт сургалт зохион байгуулж, иргэдэд зөвлөмж өгч байна.
Хамгийн чухал нь гаднын улс орнуудад зорчихгүй байх, коронавирус амьсгалын замаар халдаж байгаа учраас амны хаалт хэрэглэх, гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх, амьтны маханд хүрэхгүй байх, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг иргэдэд өгч байна. Үүнээс онцгой анхаарч буй зүйл нь өндөг. Иргэд аль болох гаднын улс орнууд руу зорчихгүй байх, өндгийг чанаж хэрэглэх, урд хөршөөс өндөг, тахианы мах авахгүй байх нь чухал.
Хэрэв ханиаж, халуурч, амьсгалахад хүнд болох гурван төрлийн шинж тэмдэг илэрч байвал эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Иргэд амны хаалт хэрэглэж дадах, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хил гааль дээр бид тандалт хийж байна.
ИРГЭД МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ МУУТАЙ БАЙНА
НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа:-Монгол Улсад одоогоор коронавирусийн долоо дахь төрөл бүртгэгдээгүй. Гэхдээ бид нэг агаартай. Тиймээс коронавирус дэгдэхгүй байна гэсэн баталгаа алга. Уг вирусээр болон бусад өвчнөөс иргэд өвдөхгүй, урьдчилан сэргийлэх боломж байна. Дархлаагаа дэмжиж, хувийн ариун цэврийг сахиж, эрүүл зөв хоол хүнс хэрэглэх, мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулж хэрэглэх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүж хэвших нь чухал.Нийгмийн эрүүл мэндийн төвөөс сошиал хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан дээрх эрүүл мэндийн зөвлөгөөг цаг тухайд нь хүргэж ажилладаг. Харамсалтай нь, иргэд өөрсдөдөө хэрэгтэй эрүүл мэндийн зөвлөмж мэдээллийг уншилгүй орхидог, алгасдаг. Өвдсөнийхөө дараа нь тэр мэдээлэл нь чухал болохыг ойлгодог. Иймд эрүүл мэндтэй холбоотой мэдээ, мэдээлэл иргэдийн дунд тааруу байна. Хэрэв өндөр халуурч, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрвэл нэн түрүүнд эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.Вирус антибиотикоос ялгаатай нь маш хурдан ДНК-ийн өөрчлөлтөд ордог. Тийм учраас ямар төрлийн вирус гэдэг нь мэдэгдэхээргүй өндөр халуурдаг. Саяхнаас энгийн коронавирус гэдэг нь тогтоогдсон. Иргэдийн хувьд яагаад ханиад нь хүндэрч, эмэнд дарагдахгүй байна вэ гэхээр монголчуудын антибиотикийн хэрэглээ өндөр байна. Дур мэдэн эм авч ууснаас үүдэн антибиотикт дасал болсон байдаг учраас эмчилгээ удааширдаг.Хувь хүний зүгээс амны хаалт хэрэглэж дадах, олон нийт цугласан газраар явахгүй байх, өвчлөл гарсан бүс нутагт хил залгаа орнууд руу онцын шаардлагагүй бол зорчихгүй байх хэрэгтэй. Мөн гараа савандаж угаах, хувийн ариун цэврийг сахиж, гэртээ нойтон цэвэрлэгээ хийх, нялх хүүхэдтэй бол гараа заавал угаах ёстой. Дараа нь ханиах, найтаах үедээ амны алчуур хэрэглэж занших хэрэгтэй. Амаа даралгүй ханиалгаж найтааснаар агаар дуслын замаар вирус хүнээс хүнд халдварлах магадлал өндөр.Дархлал нь суларсан, бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүс онцын шаардлагагүй бол ханиадтай хүмүүсээс хол байх хэрэгтэй. Иргэд түргэн хоол, чихэрлэг хүнс, түүхий болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Ялангуяа мах, өндгийг угааж, сайтар боловсруулж хэрэглэх шаардлагатай. Мал зэрлэг амьтнаас хол байх, тэжээвэр амьтантай бол гэр орны болон хувийн ариун цэврийг сахих ёстой.Иргэд зөв хооллож дархлаагаа дэмжиж, хувийн ариун цэврийг сахиж, амны хаалт зүүж хэвшвэл өвдөхгүй байх бүрэн боломж бий. Мөн бага насны хүүхдүүдийг олон хүн цугласан газар авч явахгүй байх, 21:00 цагаас өмнө унтуулж, ухаалаг утасны хэрэглээг нь багасгаж дархлааг нь дэмжих хэрэгтэй. Иргэд эм уухаас илүү дархлаагаа дэмжих ёстой.Томуу төст өвчин, ханиад, коронавирусээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг мэдээлэл иргэдийн дунд тааруу байна. Нийгмийн эрүүл мэндийн төвөөс хүмүүст эрүүл мэнддээ өөрсдөө анхаарал тавих хэрэгтэй гэсэн зөвлөмж өгч байна. Өвдөхөөсөө өмнө нь л амны хаалт зүүж, агаар дуслын замаар дамжих вирусээс урьдчилан сэргийлэх ёстой.News.mn