Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулагч О.Солонготой ярилцлаа.
-Сүүлийн үед хүүхдүүд ихэвчлэн ямар өвчлөлийн шалтгааны улмаас хандаж байна вэ?
-Улсын хэмжээнд улиралтай холбоотой томуу, томуу төст өвчлөлийн тоо ихсэх хандлагатай байгаа. Амбулаториор үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн 5.5 хувь нь томуу, томуу төст өвчнийг эзэлж байна. Энэ бол өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад дундаж хэмжээнд яваа. Айхавтар өссөн үзүүлэлттэй зүйл биш. Өндөр халууралттай, ханиалгасан хүүхдүүд их ирж байна,
-Ханиалгаад удахгүй хатгаа болж байна гэсэн хүмүүс их байна л даа. Ямар шинж тэмдгүүд илэрч байна вэ?
-Томуу, томуу төст өвчнийг үүсгэж байгаа шалтгаан нь агаарт 200 гаруй төрлийн нян, вирус илэрдэг. Түүний үүсгэгчээс хамаараад шинж тэмдгүүд нь өөр. Томуу нь А, В, С хүрээний вирусүүд бий. Томуу шувууны цар тахал гэж ярьдаг. Тэр бол одоохондоо манайд өндөр хэмжээнд гарсан зүйл байхгүй. Гэхдээ 1-2-оор бүртгэгдэж байгаа.
Одоогийн үүсээд байгаа шинжүүд нь Халдварт өвчин судлалын төвөөс гаргадаг мэдээллээр бол риновирус, аденовирус, коронавирус гэх вирусууд давамгайлж байгаа. Аль вирусээр халдварлагдсанаараа өөр өөр.
Риновирус нь хамар залгиурын шинж тэмдгүүд их илэрнэ. Нус гоожно. 2-3 хоног нууц үе нь байгаад бие тавгүйрхэнэ. Халуун нь бага зэрэг нэмэгдэнэ. Хамар, ам битүүрнэ. Бага насны хүүхдүүдийн нус их гоожно. Хоолой хуурайшна, сэрвэгнэнэ.
Аденовирус нь нүд нуухтах, ханиалгах, хамрын салст нь суувал нус гоожно. Залгиур дээр байвал дуу сөөнгөтнө, ханиалгана, хоолой өвдөнө. Мөн халуурч эхэлнэ. Нүдэн дээр гарахаар нүд нуухтаад эхэлнэ. Нүдний ханиад гэж хүмүүс яриад байдаг. Энэ нь аденовирусын халдвар юм.
Коронавирус нь уушгины эдэд очдог. Тэр вирусээр халдварлагдсан бол уушги цочмог гэмтэх шинжээр өвчилдөг. Илүү хурдан хүндэрнэ. Түүнийг энгийн хэлээр хатгаа боллоо, ханиад хүндэрлээ гэж яриад байгаа.
-Аньс, чацарганын шүүс, аарц буцалгаж өгөхөөр ханиад нь хүндрээд байна гэж хүмүүс яриад байна л даа. Ер нь гэрийн нөхцөлд юу хэрэглэх ёстой вэ?
-Гэрийн нөхцөлд ханиадны шинж тэмдэг илрэнгүүт хүүхдийг дулаан байлгах шаардлагатай. Шингэн зүйл маш сайн уулгах ёстой. Нойр, хоолыг тааруулах, хэт ядраахгүй эрт унтуулах, халуун бүлээн зүйл сайн уулгах шаардлагатай.
Халуураагүй тохиолдолд хүүхдийг халуун ваннд суулгах нь өөрийн дархлааг сэргээнэ. Аньс, чацарганы шүүс, аарц уухаар сэдрээд байна гэдэг нь харшлын фонотой, харшламтгай хүүхэд бол шүүсийг хэрэглэхээр харшламтгай чанарыг сэргээгээд байдаг. Тэгэхээр хүүхэд илүү сэрвэгнэж ханиалгана. Түүнээс ханиадыг сэдрээгээд муутгаад байгаа зүйл биш.
Харшлын эмзэгшилтэй хүүхэд ханиад хүрээд юманд мэдрэмтгий цочромтгой болдог. Тэр үед нь нэмээд тиймэрхүү зүйл хэрэглэвэл бүр илүү сэдрээнэ гэсэн үг. Гэрийн нөхцөлд ханиад томууны шинж тэмдэг илрээд эхлэнгүүт С витаминыг сайн хэрэглэх шаардлагатай. Хүүхдийг дааруулж болохгүй.
Хүүхэд ханиалгаад эхэлсэн л бол цэцэрлэг, сургуульд нь явуулж болохгүй. Ханиалгаж найтаахад вирус агаарт долоон метр зайд цацагдаж, нэг найтаалтаар 40 мянгаас илүү дусал агаарт тархдаг. Тиймээс байнга амны хаалт зүүлгэх, мөн гарын ариун цэвэр маш чухал.
Гараа байнга савандаж угаах, нян вирус хаана ч наалдсан байж болно. Хамгийн түрүүнд гараараа хүрнэ. Гараа угаалгүй хоол хүнсээ идэх, гараа амандаа хийх зэрэг нь томуу, томуу тест өвчний вирусийг тусах өндөр магадлал болдог.
Гэртээ чийгтэй цэвэрлэгээг сайн хийх шаардлагатай. Бид гадаах агаар бохир гэж ярьдаг.
Гэтэл хүүхэд ихэнхдээ дотор өрөөний нөхцөлд байдаг. Хүүхдийн байгаа орчны агаар нь сайн байх хэрэгтэй. Чийгшлийн хувьд 50-60 хувь байх ёстой гэдэг. Ямар ч чийгшүүлэгч, агааржуулагч асаагаагүй тохиолдолд Монголын нөхцөлд өвөлдөө 20-30 байдаг.
Зарим тохиолдолд 20-оос бага байна. Тийм тохиолдолд агаарт нян эргэлдэх нь өснө. Хэрэв чийгтэй байвал нянгийн эргэлт багасна. Өвчин үүсгэх тохиолдол нь буурна. Чийгтэй цэвэрлэгээ сайн хий, агаарын солилцоо сайн явуулах хэрэгтэй.
-Эдгээр шинж тэмдэг илэрвэл ямар арга хэмжээ авах вэ?
-Хүүхдийн халууныг тогтмол хянах хэрэгтэй. Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр гэж бий. Энгийн иргэдийн яриагаар ягаан дэвтэр гэдэг. Ягаан дэвтэр дээр аюултай ерөнхий шинж гэж бий.
Түүн дээр ямар үед яаралтай эмнэлэгт хандах вэ гэсэн хэсэг бий. Хүүхэд өндөр халуурвал, хоолондоо дургүй болбол, татвал гэсэн ерөнхий шинжүүдийг дурдаад өгчихсөн байгаа. Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн төвд хандана. Өдрийн цагаар өрхийн эмчдээ хандана. Бүх дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасаг уртасгасан цагаар ажиллаж байгаа.
Оройн 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Мөн дур мэдэн антибиотик хүүхдэд өгч болохгүй. Заавал эмчийн заавраар өгнө. Энгийн вирусийн халдвар байгаад вирусийн хандалбарт антибиотик үйлчлэхгүй. Нян, бактеритай хавсарсан тохиолдолд бид нян, бактерийг дарах зорилгоор антибиотик хэрэглэдэг. Вирус бол тодорхой хөгжлийнхөө хэсэгт ороод задраад байхад ханиад эдгэнэ. Антибиотик вируст үйлчлэхгүй болохоор эмчийн заавраар хэрэглэнэ.
Дур мэдэн антибиотик хэрэглэх нь дасал үүсгэх эрсдэл болно. Гэрийн нөхцөлд хүүхдийг дулаан байлга, шингэн зүйл сайн уулга, сайн хоолло. Олон нийтийн газар бага дагуулж яв. Хүүхдийн нас бага байх тусмаа амьсгалын зам богино байдаг.
Гаднаас орж байгаа хүйтэн агаарыг бүлээцүүлэх зай бага. Шууд хүйтэн агаар царгиж ордог болохоор хүйтэн сэрүүн нөхцөлд гадуур авч явах нь томуу, томуу төст өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ.
-Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн ачаалал хэр байна вэ?
-Өдрийн цагаар өрх болон дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгаар үйлчлүүлбэл ачаалал харьцангуй багасна. Өрх бүрт багадаа 6-7 эмч ажиллаж байгаа. Дээрээс нь дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн тасаг уртасгасан цагаар ажиллаж байгаа болохоор дүүргийн эмнэлгүүддээ үйлчлүүлэх нь ачааллыг бууруулна.
Бүгд Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв дээр ирчихээд “Та нар үзсэнгүй, харсангүй, номер олдохгүй, дараалал их” гээд байдаг. Бүх эмнэлгийн хүүхдийн тасаг ажиллаж байхад ачааллаа тэнцүүлэх нь зүйтэй. Үдээс хойш болохоор энд янз бүрийн вирустэй хүүхдүүд холхидог. Энд л сайн эмчилгээ хийнэ гээд наашаа ирдэг.
Ялгаагүй бүх эмнэлэгт адилхан сургууль төгссөн, адилхан мэргэжилтэй эмч нар ажиллаж байгаа. Тиймээс өрх болон дүүрэгтээ үйлчлүүлж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн ачааллыг хуваалцаач ээ гэж хэлмээр байна.
Эх сурвалж: Өдрийн сонин