Кени улсын Найроби хотод энэ сарын 11-14 ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон.
Үүнээс нэг төлөөлөгчид нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн Холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой, зовиур багассан байна.
Бусад 19 төлөөлөгч энэ сарын 16-ны гурван нислэгээр эх орондоо ирсэн бөгөөд өвчний голомтот бүс нутагт зорчсон тул ЗӨСҮТ, ХӨСҮТ, Хилийн МХГ-ын мэргэжлийн хамтарсан баг ажиллаж хавьтлуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээг хийж байна. Одоогийн байдлаар дээрх иргэдэд ямар нэгэн зовиур илрээгүй байна
Эрүүл мэндийн яам агаараас мэдээлэл авч, цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллаж байна. Гурван онгоцонд халдваргүйтгэл хийж, зорчигчдын нарийвчилсан судалгааг гаргаж, “Холер” өвчний тухай зөвлөмжийг өгч, хүндрэл, саатал гаргалгүй, зохих журмын дагуу хариу арга хэмжээг авч, зохион байгуулж байна. Дашрамд дуулгахад, тус улсад 2017 оноос хойш “Холер” өвчний дэгдэлт бүртгэгдэж байгаа бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 3889 хүн өвчилж, 26(0.7%) хүн нас баржээ. Иймээс ард иргэд та бүхэнийг Холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж, ЭМЯ