Бясалгалыг өдөр тутмын амьдралаас хөндий, аглаг хөдөө хадан агуй, сүм хийдэд нууц увидас тархиндаа гүйлгэн байх гэх мэтээр хүмүүс төсөөлөх нь бий. Үнэндээ бясалгал нь хүнд сэтгэлийн соёлыг л төлөвшүүлэх арга зам юм. Бурхан багш бээр шавь нартаа” Хүнд хоёр өвчин байдаг. Эдгээр нь биеийн өвчин хийгээд сэтгэлийн өвчин болой. Биеийн өвчингүйгээр хүн хэдэн жил ч амьдарч болдог. Харин сэтгэлийн өвчингүйгээр ганц агшны төдий байж чаддаг хүн тун ховор“ гэж айлдсан байдаг.
Бясалгал нь хүмүүнийг тачаангуй шунал, өлсөхүй, хөнөөхүй, залхуу, үймцээн, зовиур, хийсвэр сэжиг зэрэг ариун бус, амгалан бус бүхнээс сэтгэлийг ангижруулан цэвэрлэх хийгээд төвлөрөл, хичээнгүй, итгэл, баясгалан, амарлингуй зэрэг чанарыг төлөвшүүлж, улмаар юмсыг яг байгаагаар нь ухаарах, үнэмлэхүй үнэн, нирваанд эцсийн эцэст хөтлөн хүргэх учиртай хэмээсэн байдаг. /Будда/
Орчин цагт бясалгалын олон эерэг үр нөлөөг эрдэмтэд үргэлжлүүлэн нээсээр байна.
1. БЯСАЛГАЛ ТАРХИЙГ ЗАЛУУ ХЭВЭЭР ҮЛДЭЭДЭГ
Хорин наснаас хойш тархи хөгширч эхэлдэг. Гэтэл бясалгал хийх нь нүүрэндээ залуужуулах тос түрхсэнтэй адил байдаг гэж Калифорнийн их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ. Бясалгал таныг эргээд хорин настай болгохгүй ч тархины саарал эд олон жил хадгалагдахад нөлөөлдөг байна. Эрдэмтэд хоёр төрлийн хүмүүсийг судалсан байна. Эхний бүлэгт бясалгал хийдэггүй хүмүүс багтсан бол хоёр дахь бүлэгт хориос дээш жил бясалгал хийсэн хүмүүс орж. Хоёр дахь бүлгийн хүмүүс хөгширлөө ч эхний бүлгийн хүмүүстэй харьцуулахад тархи нь илүү сайн хадгалагдсан байна. Бас бясалгагч нарын саарал эд тархины бүх хэсгээр нь илүү тархсан байж. Бясалгал хийдэггүй бүлгийн залуучуудтай харьцуулахад бясалгал хийдэг бүлгийн настай хүмүүсийн тархины хэмжээ илүү байжээ.
2. СУРАЛЦАГЧДЫН СУРЛАГЫН АМЖИЛТ САЙЖИРДАГ
Сан Францискод байдаг Эрүүл амьдрал, боловсролын шинэчлэлийн төвийхөн хотынхоо 4 сургуульд “Нам гүм цаг” нэртэй хөтөлбөрийг нэвтрүүлжээ. 7, 8 дугаар ангийн сурагчдад хичээлээс нь гадна бясалгал хийх 15 мин гаргаж өгсөн байна. Үүний үр дүнд сурлагын амжилт мэдэгдхүйц сайжирчээ.
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд Ричмондын бага сургууль дээр нэгэн туршилт хийж. Бага ангийн сурагчид 5 долоо хоног бясалгал хийсний дараа хичээл дээр сахиллагүйтэх нь багассан байна.
Ираны залуу судлаачид шалгалт өгөх үеэр бясалгалын үр нөлөө яаж илэрдгийг судалжээ. Судалгаанд 107 оюутан оролцсон. Эхний бүлэгт багтсан оюутнууд нэг семестрийн турш хичээлээс гадна бясалгал хийж байсан байна. Шалгалтын үеэр бясалгал хийсэн оюутнууд бага сандарч бясалгал хийгээгүй оюунтнуудаас илүү оноо авч байсан байна.
3. ХОРТ ЗУРШЛААС САЛАХАД ТУСАЛДАГ
Техасийн их сургуулийн эрдэмтэд тамхинаас гарч байгаа хүмүүсийг судалж үзсэн байна. Судалгаанд оролцогчдыг хоёр бүлэгт хувааж. Эхний бүлэгт багтсан хүмүүсээр алжаал тайлах дасгал хийлгүүлж. Хоёр дахь бүлгийн хүмүүст бясалгал зааж өгсөн байна. Зөвхөн биеийн алжаалаа тайлсан эхний бүлгийхэн өмнөх шигээ л тамхи татаж байсан бол бясалгал хийдэг хүмүүс хоёр удаа бясалгал хийгээд л тамхи татах нь 60% буурсан байна. Учир нь тэдний тархин дахь өөрийгөө хянах үйл ажиллагааг хариуцсан хэсэг мэдэгдхүйц идэвхжсэн байна.
Бясалгал хийж сурсан хүмүүс нь бясалгал хийдэггүй хүмүүс болон тамхинаас гарах эмчилгээнд хамрагдсан хүмүүстэй харьцуулбал баттай тамхинаас гарч байна гэсэн дүгнэлтэд Йелийн Их сургуулийн эрдэмтэд хүрчээ.
4. НИЙГЭМШИХЭЭС АЙДАГ ЭМГЭГИЙГ БУУРУУЛДАГ
Стэндфордын Их сургуулийн эрдэмтэд нийгэмшихээс айдаг 56 хүнийг цуглуулжээ. Эхний 25 хүнийг аэробикийн хичээлд суулгасан байна, дараагийн 31 хүнийг бясалгалд суулгажээ. Хоёр бүлэгт багтсан хүмүүс нас, хүйс, яс үндэс, боловсролын хувьд ямар ч ялгаагүй байж.
Тодорхой хугацааны дараа бясалгал хийдэг бүлгийн хүмүүсийн нийгэмшихээс айдаг эмгэг хамаагүй буурсан байна. Тэд хүмүүстэй харьцахдаа өмнөхөөсөө бага хэмжээний сөрөг мэдрэмж туулдаг болж.
5. ЗОВИУР БУУРУУЛДАГ
Эрдэмтэд бясалгал өвчин зовиурыг бууруулдаг болохыг баталсан байна. Бясалгал хийх үед опиод мэдрэгч байрладаг тархины хэсгүүд идэвхждэг байна. Эдгээр хэсгүүд хүнд төрөх зовиурын мэдрэмжийг хянаж байдаг юм байна.
Судалгааны явцад эрүүл биетэй сайн дурыханд опиод мэдрэгчийг сулруулагч бодис судсаар хийжээ. Бясалгал хийж байсан сайн дурыхан өвчин зовиурыг хамаагүй бага мэдэрч байна гэж хэлсэн байна.
Иймээс олон архаг өвчнийг эмчлэхдээ анагаах ухааныг бясалгалтай хослуулбал их үр дүнтэй гэж эрдэмтэд дүгнэжээ.
6. ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧЛӨЛ, ИНСУЛЬТЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛДАГ
Махаришийн их сургуулийн байгалийн анагаах ухаан ба урьдчилан сэргийлэх анагаахын сургуулийн эрдэмтэд зүрх судасны өвчлөл өндөр эрсдэл бүхий хүмүүсийг судалжээ.
Эхний бүлэгт багтсан хүмүүсийг “Анагаах ухааны танин мэдэхүйн анги”-д хамруулсан байна. Тэдэнд зүрхний үйл ажиллагааг тэнцвэржүүлэхийн тулд хэрхэн зөв хооллох тухай хичээл заасан бөгөөд биеийн тамираар хичээллүүлж. Хоёр дахь бүлгийн хүмүүст бясалгал заасан байна. Үүний зэрэгцээ оролцогчид бүгд эмнэлгийн туслаж үйлчилгээ авч, эмчийн бичиж өгсөн эмнүүдийг ууж байсан байна. Энэ туршилт 5 жил үргэлжилсэн юм. Эцэст нь бясалгал хийдэг хүмүүсийн зүрхний өвчлөл, инсультын эрсдэл бясалгал хийдэггүй бүлгийхнээс 50% доогуур байгааг илрүүлжээ.
7. ОЙ ТОГТООЛТ САЙЖРУУЛДАГ
Харвардын их сургуулийн нейрофизиологчид амьдралдаа хэзээ ч бясалгал хийж байгаагүй хүмүүсийг цуглуулж соронзон резонансан томографи хийжээ. Дараа нь тэд хүмүүсийг хоёр бүлэгт хуваасан байна. Нэгийг нь бясалгалд суулгаж.
Бясалгал хийгээд 8 долоо хоног болсны дараа эрдэмтэд судалгаанд оролцогчдын тархины хэмжээг 5 өөр хэсэгт шалгаж үзсэн байна. Бясалгал хийдэг хүмүүсийн зүүн гиппокамп зузаарсныг тэд илрүүлжээ. Тархины энэ хэсэг нь суралцах чадвар, таних мэдэх чадвар, ой тогтоолт, сэтгэл хөдлөлийг хариуцдаг юм.
8. БИОЛОГИЙН НАСЫГ БАГАСГАДАГ
Геронтологи буюу амьд амьтадын хөгшрөлтийг судалдаг шинжлэх ухаан амьтадын насыг 2 хувааж үздэг: хуанлийн ба биологийн. Хуанлийн насыг мэдэхийн тулд иргэний үнэмлэх харахад хангалттай бол биологогийн насыг тодорхойлохын тулд бие махбодын эртхэн тогтолцоо бүрийг нарийн судлах хэрэгтэй юм.
Роберт Уоллес профессорын удирдсан эрдэмтэдийн баг бясалгал хийдэг хүмүүсийн хуанлийн болон биологийн нас хир ялгаатай байгааг судалж. Тэд дунджаар 53 настай 84 хүнийг судалгаанд хамруулсан байна. Оролцогчид бүгд бясалгал хийдэг хүмүүс байж.
Судалгаагаар бясалгал хийдэг хүмүүсийн биологийн нас бясалгал хийдэггүй хүмүүстэй харьцуулахад 2,2 насаар залуу байж. 3 жил бясалгал хийсэн хүмүүсийн биологийн нас хэвийнээс 5 насаар залуу байсан байна. Харин 7-оос дээш жил бясалгал хийсэн хүмүүсийн биологийн нас хуанлийн наснаасаа бүр 12 насаар залуу байжээ.