Бидний бие махбодод аяга кофе эсвэл амтат шүүснээс илүү ус хэрэгтэй гэдгийг бүгд мэдэх биз ээ. Гэвч та хэр их ус уудаг вэ?
Ус нь хүний биеэс байнга ялгаран гарч байдаг тул тогтмол уух шаардлагатай болдог. Тогтмол ууснаар биеэс хорт бодисыг гадагшлуулах, бодисын солилцоог тэнцвэржүүлэх, хоол шингээх, хөгшрөлтийг удаашруулах гэх мэт олон давуу талтай. Тэгвэл бид таны биед ус дутагдсанаас үүдэн ямар шинж тэмдгүүд илэрдгийг хүргэх гэж байна. Танд доорх шинж тэмдгүүд илэрдэг бол яаралтай гал тогооны өрөө рүүгээ очоод аяга ус уугаарай!
- АРЬС ХУУРАЙШИХ
Хүний биеийн хамгийн том эрхтэн болох арьс хуурайших гол шалтгаан бол шингэний дутагдал юм. Энгийнээр тайлбарлавал таны биед ус дутагдвал биеэс ялгарах хөлсний хэмжээ багасна. Улмаар өдрийн турш биеэс тань ялгарах хөлс тосны хэвийн байдал алдагдаж, арьс тань хуурайшина гэсэн үг.
- НҮД АРГАХ
Биед ус дутагдах нь нулимсны сувгийн хэвийн үйл ажиллагаа доголдох шалтгаан болдог. Энэ тохиолдолд нүд хуурайшиж, цаашлаад нүдний хараа муудах нөхцөл бүрдэнэ.
- БУЛЧИН СУЛРАХ
Булчингийн ихэнх хувь уснаас бүрддэг тул уух усны тань хэмжээнээс булчингийн тань хэмжээ шууд хамааралтай гэж хэлж болно. Дасгалын өмнө болон дараа ус уух нь бие дэх шингэний тэнцвэртэй байдлыг тогтоогоод зогсохгүй шаардлагатай хэсгүүдэд усыг хуваарилдаг байна.
- ҮЕ МӨЧ ӨВДӨХ
Залуу хүн байж үе мөч тань өвдөөд байна уу? Нугас болон мөгөөрсний 80% нь уснаас бүрдэх тул бодисын солилцоогоо тэнцвэржүүлэх үүднээс ус уух нь гэнэтийн бэртлийн үед ч бидний үе мөчийг гэмтэхээс хамгаалж чадна.
- ӨЛСӨХ
Зөвхөн хоол хүнс дутагдсан үед бус, шингэн дутагдсан үед ч өлсөх мэдрэмж төрдөг гэнэ. Хоол хүнс их хэмжээгээр идэх нь таны биеийн эрхтэн тогтолцоог илүү их ажиллуулдаг бол ус уух нь машиныг түлшээр хангаж байгаатай л адил.
- АМ ХАТАХ
Ус уугаагүй юм чинь ам хатна шүү дээ гэж бодож байна уу? Гэвч та ус уухад амны хөндийд яг ямар процесс явагдаж байдгийг мэдэх үү? Хүн шингэн зүйл уухад амны хөндий болон хоолойн салст бүрхэвчүүд чийглэгдэж, шүлс ялгарах процесс хэвийн үргэлжилсээр л байдаг. Шингэн юм уухгүй удвал салст бүрхэвчүүд хатаж, ам хуурай оргих мэдрэмж төрдөг. Мөн энэ үед чихэрлэг уух зүйл уувал өмнөхөөсөө ч илүү цангаж буй мэдрэмж төрүүлдэг тул ус ууж хэвшээрэй.
- ХЭТ ЯДРАХ
Шингэний дутагдалд орсон тохиолдолд бие махбод тань хэвийн үйл ажиллагаагаа явуулахын тулд цуснаас усыг "зээлдэг". Улмаар бие махбод тань хүчилтөрөгчийн дутагдалд орж, байнгын нойрмог, ядарсан мэдрэмжийг авна. Энэ тохиолдолд кофе, энергийн ундаа зэргийг уусан ч сэргэг мэдрэмжийг авах нь юу л бол.
Гэвч та "Би чинь шингэний дутагдалд орчихсон юм байна шүү дээ" гэж бодоод л усыг аяга аягаар нь "гудрах" гэж байгаа юм биш биз? Усыг зөв уух их чухал шүү. Та дараах энгийн бөгөөд чухал зөвлөгөөг дагаж хэвшээрэй.
- Орой унтахаасаа 2-3 цагийн өмнө уух зүйлийн хэрэглээг хорих
- Лаазалсан савтай ус уухгүй байх (Лаазанд BPA хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэхүү бодис нь хавдар болон таргалалт үүсэх шалтгаан болдог.)
- Хэт ихээр уухгүй байх
Ус бага уудаг найз нөхөд, гэр бүлийнхэндээ энэхүү мэдээллийг хүргээрэй. Хамтдаа эрүүл байцгаая.
Эх сурвалж: Brightlife.com