Физиологи, анагаах ухааны салбарын энэ жилийн Нобелийн шагналтнаар амьд эд эсүүд хүчилтөрөгчид хэрхэн хариу үйлдэл үзүүлж, дасан цогцдогийг нээсэн эрдэмтэд Уильям Келин, Петер Ратклифф, Грегг Семенце нар тодорлоо. 1901 оноос хойш анагаах ухааны Нобелийн шагналыг 109 удаа гардуулжээ. Нийт 216 хүн энэ шагналыг хүртсэн бөгөөд дундаж нас нь 58. Хамгийн залуу шагналтнаар инсулинийг нээсэн Фредерик Бантинг 1923 онд 32 насандаа тодорсон бол хамгийн ахмад шагналтан хорт хавдрын генийн нянг нээсэн Пейтен Роус 87 насандаа хүртэж байжээ Өнөөдөр физик, лхагва гарагт хими, пүрэв гарагт уран зохиол, баасан гарагт энхтайвны Нобелийн шагналтан тодорно. Харин эдийн засгийн салбар дахь Альфред Нобелийн нэрэмжит шагналын эзнийг энэ сарын 14-нд зарлана. Уг шагналыг Шведийн Төрийн банк 1968 оноос хойш олгож байгаа юм.
Шведийн зохион бүтээгч Альфред Нобелийн гэрээслэлээр физик, хими, анагаах ухаан, утга зохиол, энхтайван, эдийн засаг гэсэн зургаан салбарт ололт, амжилт гаргасан хүмүүст Нобелийн шагналыг 1901 оноос буюу одоогоос 118 жилийн өмнөөс жил бүр олгодог болсон түүхтэй.
Шагнал гардуудах ёслол арванхоёрдугаар сарын 10-нд Нобелийн нас барсан өдөр Стокгольм хотод болно. Шведийн хаан Карл XVI Густав Нобелийн хөрөг бүхий алтан медаль, дипломыг шагналын эздэд өөрийн биеэр гардуулдаг. Энэ жил Нобелийн шагналыг есөн сая швед крон буюу одоогийн ханшаар 914.5 мянган ам.доллар дагалдах аж. 2011 онд мөнгөн шагналын хэмжээ 11 сая кронд хүрч байсан юм. Харин 2012 онд эдийн засгийн таагүй нөхцөл байдлын улмаас найман сая крон болтлоо буурч байжээ.