Хөвгүүдийн дууны өнгө яагаад гэнэт бүдүүрдэг вэ?

Залуу хөвгүүн таны хоолойн өнгө гэнэтхэн л бүдүүрч эхэлсэн үү? Тэгвэл энэ нь таны биеийн өсөлт хэвийн явагдаж байна гэсэн үг. Эрэгтэй хүмүүсийн бие махбодын хөгжил хамгийн хурдацтай явагдахын зэрэгцээ хоолойн өнгөнд нь ч мөн хамгийн их өөрчлөлт гардаг үе бол тэдний өсвөр нас юм. 
Бэлгийн бойжилтын үед хөвгүүдийн бие махбодод хоолойн өнгө өөрчлөгдөх, цээж томрох, гэнэт өсөх зэрэг олон өөрчлөлтүүд гардаг учир тэдний ихэнх нь үүнээсээ санаа зовж, стрессддэг байна. Гэвч яагаад эдгээр өөрчлөлтүүд биед нь гарч байгааг мэдснээр стрессдэх бус илүү сонирхолтой санагдаж ч магадгүй юм. Энэ үед таны биед ямар ямар өөрчлөлтүүд, яагаад гардаг талаар тайлбарлая. 
Бэлгийн бойжилт дууны өнгөнд хэрхэн нөлөөлдөг вэ? 
Агаар нь хоолой болон дууны хөвчөөр дамжин гарснаар биднээс дуу авиа гардаг. Хэл, уруул зэрэг нь үг хэлэхэд гол үүргийг гүйцэтгэх хэдий ч дууны хөвч хэр зузаан байхаас л таны дууны өнгө хэр бүдүүн эсвэл нарийн байх нь тодорхойлогдоно.
Дууны хөвч гэдэг нь таны төвөнх дээр байрлах мөгөөрсөн хэсэг юм. Дууны хөвч чичиргээдэн хөдөлснөөр ерөнхий дуу авиаг гаргана. Эндээс гарсан дуу авиа нь таны амаар дамжин үг болдог. Өөрөөр хэлбэл хоолойн хөвч урт, зузаан байх тусмаа дууны өнгө бүдүүн болно гэсэн үг юм. 
Дөнгөж төрсөн эрэгтэй болон эмэгтэй хүүхдийн дууны хөвчийн хэмжээ ойролцоогоор 2 мм урттай байдаг. Хүүхдийн бие махбод өсөж томрох тусам хоолойн хөвч ч мөн томорсоор л байдаг. Эмэгтэй хүүхдийн хоолойн хөвч жилд 0.4 мм-ээр уртасдаг бол эрэгтэй хүүхдийнх бараг 2 дахин их буюу 0.7 мм-ээр уртасдаг байна. Ингээд нас бие гүйцэхэд охидын хоолойн хөвчийн урт 10 мм, хөвгүүдийнх 16 мм болсон байдаг. Хоолойн хөвч урт байх тусмаа бүдүүн дуу авиа гаргадаг учраас л хөвгүүд охидоос бүдүүн хоолойтой байдаг байх нь шүү дээ. 
Бэлгийн бойжилтын яг аль үед хоолойн өнгө өөрчлөгдөх вэ? 
Бэлгийн бойжилтын үед тестостерон /эр бэлгийн даавар/-ы хэмжээ ихсэх нь төвөнхийн хэмжээнд ч мөн нөлөөлнө. Тестостероны хэмжээ ихэссэнээр төвөнхийн хэмжээ томорч, хоолойн хөвч уртсаж, өргөн болдог. Энэ үед зөвхөн дууны өнгө өөрчлөгдөөд зогсохгүй өөр олон олон өөрчлөлтүүд гардаг. Хүн бүрийн биеийн өсөлт өөр өөр хугацаанд явагдаж дуусдгийн адилаар хөвгүүдийн дууны өнгө ч өөр өөр насанд өөрчлөгдөж дуусдаг. Ихэнх хөвгүүдийн дуу хоолойн өөрчлөлт 12,13 наснаас эхэлж, 15-18 насанд явагдаж дуусдаг байна. 
Нэгэн сонирхолтой баримтыг дуулгахад таны хоолой бүдүүрч эхлэх нь өсөлт хурдацтай явагдахын шинж тэмдэг юм. Мөн дууны өнгөнд өөрчлөлт явагдаж дууссан мэт мэдрэмж төрвөл өсөлтийн хурд ч мөн адил удааширч байдаг байна.
Дээрх өөрчлөлтүүд таны биед илэрч байвал санаа зовохоосоо илүүтэйгээр өсөлт тань хэвийн явагдаж байгаа юм байна гэж бодож болох юм. 
Эх сурвалж: www.teenkidsnews.com
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан