Энэ жил “Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулъя” уриалгыг дэвшүүлж байгаа нь цаг үеэ олсон, чухал асуудал юм.
Гамшиг, онцгой нөхцөл байдал нь сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйд удаан хугацаанд нөлөөлж, айдас, түгшүүр, сэтгэл гутрал зэрэг үл үзэгдэх гэмтэл үлдээж, улмаар хөдөлмөрийн чадвар, амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг болохыг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Иймд гамшгийн хариу арга хэмжээний нэгэн адил сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, сэтгэл зүйн дэмжлэгийг цаг алдалгүй хүргэх тогтолцоо шаардлагатай.
Өнгөрсөн жил эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах асуудлыг онцолж байсан бол энэ жил хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх асуудлыг түлхүү хөндөж байна. Мөн иргэдэд нээлттэйгээр зохион байгуулж, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдлэг мэдээллийг түгээн ажиллаж байгааг дуулгая.
Сэтгэцийн эрүүл мэнд бол хувь хүний хөгжил, гэр бүлийн сайн сайхан байдал, нийгмийн эрүүл мэнд, цаашлаад улс орны тогтвортой хөгжлийг тодорхойлох чухал хүчин зүйл. Тиймээс зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал бус, бүх салбарын бодлого, үйл ажиллагаатай уялдах нийтлэг асуудал гэж үзэх шаардлагатай.
Энэхүү хурлаар хэлэлцсэн судалгаа, үр дүн зөвхөн эрдэм шинжилгээний өгүүлэл болж үлдэх бус, бодлого болж, үйлчилгээ болж, эцэст нь хүний амьдралд хүрэх ёстой. Үүнд төрийн байгууллага, эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, их сургууль, олон улсын түншүүд та бүхний хамтын ажиллагаа чухал юм шүү.
Эрүүл мэндийг цогцоор нь харж, сэтгэцийн эрүүл мэндийг бодлогын түвшинд онцгойлон анхаарч, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, судалгаа, мэргэжлийн саналд тулгуурласан шийдлүүдийг дэмжин ажиллана.
2026.09.17
















































