Т.Ундармаа: Аяны хүрээнд бид нийт 600 гаруй хорт хавдрыг эрт үед нь илрүүлж чадсан

ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв, МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 2011 оноос хойш Монгол орон даяар амжилттай хэрэгжүүлж, хавдрын эсрэг зохион байгуулалттай, үр дүнтэй, цогц үйл ажиллагаа болгон өргөжүүлж ирсэн. Өдгөө ес дэх жилдээ хэрэгжиж байгаа энэ аяны нээлт өнөөдөр боллоо. Аяны хүрээнд хийсэн ажлууд болон хорт хавдрын өвчлөл Монголд ямар байгаа талаар Хавдар судлалын үндэсний төвийн Бүртгэл тандалт эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаатай ярилцлаа.

-Хавдрын эсрэг үндэсний аян есдэх жилдээ хэрэгжих гэж байна. Энэ аяныг хэрэгжүүлсний ач холбогдол юу вэ? 

-Энэ аяныг бид 2011 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш 9 жил болжээ.Үүнээс өмнө урьдчилан сэргийлэх үзлэгийг улсаас тусгайлсан байдлаар зохион байгуулдаг байсан. Энэ аяны гол зорилго нь ард иргэдэд хавдраас урьдчилансэргийлэхүзлэгт хамрагдахын ач тусыг ойлгуулж, таны эрүүл мэнд өөрийн тань гарт байгаа шүү гэдэг талаас нь олон нийтэд зориулсан сургалт сурталчилгаа хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хавдрын тухай мэдээллийг хангалттай сайн өгөх,орон нутагт байгаамэргэжлийн болон нарийн мэргэжлийн эмч нарт орчин үеийн хавдрын оношилгоо эмчилгээнд ямар дэвшилтэд аргууд нэвтэрсэн, хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд ард иргэдэд ямар зөвлөгөө мэдээлэл өгөх, хорт хавдрыг оношлоход эмч та юу анхаарах вэ гэсэн гурван том чиглэлээр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.Энэ есөн жилийн хугацаанд ХААНБанк санхүүгийн хувьд бидэнтэй тогтвортой хамтарч ажилласнаараа аяныг Монгол орон даяар хэрэгжүүлж чадлаа. Мөн МҮОНРТ-ийн хамт олон аяны болон хавдрын тухай мэдээллийг үзэгч олонд тууштай хүргэснээр иргэд хавдар гэдэг нь аюултай өвчин, үүнээс сэргийлж болдог юм байна гэсэн мэдлэгтэй болсоор байна. Эдгээр зүйлс бол уг аяны хамгийн чухал үр дүн, ач холбогдол хэмээн ойлгож болно. 


-Есөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн аяны үр дүн юу байв? 

-2011 оныг 2019онтой харьцуулахад үр дүн маш их гарсан. Эхэндээ бол ачаалал ихтэй, туршлага дутсан зүйл байсныг нуухгүй. Одоо бол зорилтод болон эрсдэлт бүлгийн насныхандаа хүрч ажиллаж чаддаг болсон. Үүнийг аймгийн эмч нар ч мэддэг болж.40-өөс дээш насны хүмүүс жил болгон урьдчилан сэргийлэх үзлэгт зайлшгүй орох ёстой.Жилдээ нэг удаа хэвлийн эход харуулах, хоёр жилд нэг удаа ходоодоо дурандуулах шаардлагатай. Ер нь бол иргэд хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болсон. Эмч нар ч хавдрыг илрүүлэхэд ямар оношлогоо эмчилгээгээ нэвтрүүлэх вэ гэдгээ ч мэддэг болж байна. Аяны хүрээнд өнгөрсөн жилүүдэд бид нийтдээ 600 гаруй хорт хавдрыг эрт үед нь илрүүлсэн байна. Хавдрын эсрэг үндэсний аянаар өнгөрсөн 8 жилийн хугацаанд 120 мянга гаруй иргэнийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулж, 10 мянга орчим эмч мэргэжилтнийг ажлын байрны болон чадавхижуулах сургалтад хамруулсан. Аяны багийнхан маань Монгол орноо давхардсан тоогоор бараг гурван удаа тойрч, өнцөг булан бүрт хүрч ажиллаж чадсан гээд дурдвал олон статистик тоо баримт, үр дүн дурдаж болохоор болжээ. Зарим хүмүүс хавдрааэрт үед нь илрүүлснээр оновчтой эмчилгээ хийлгэж элэг бүтэн амьдарч байна. Гэвч зарим нь хожуу үе шатандаа оношлогдож хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүс ч цөөнгүй бий.

-Хавдрын эсрэг үндэсний аянаар орон нутагт хорт хавдрын мэс засал хийдэг болсон нь бас нэг дэвшил байх, тийм үү?  

-Манай эмч Хавдрын эсрэг үндэсний аян хэрэгжиж буй аймгийн мэс заслын эмч нартайхамтарч орон нутагт мэс засал хийдэг болсон.Ингэснээр эдийн засгийн хувьд ч үр өгөөжөө өгч байна. Яагаад гэвэл холын аймгийн иргэд нийслэлд тэр бүр ирж чаддаггүй,цаг хугацаа алдах тохиолдол бий. Хавдар нь оношлогдлоо гэхэд тэр хүний цаана 4-5 хүн хамт ирэх шаардлагатай болдог. Хотод ирээд байрлах орон байр, эмчилгээний зардлаас өгсүүлээд асуудал тулгарна. Хавдар өөрөө эдийн засгийн дарамтад оруулдаг эрсдэлтэй өвчин учраас манай эмч нар боломжит нөхцөл байдлаа ашиглажуг аян хэрэгжиж байгаа аймгуудын мэс заслын эмч нарыг сургалтад хамруулдаг.


-Орон нутагт одоогоор ямар хагалгаа хийж байгаа вэ?

-Ходоодны хавдрыг бүтэн авах хагалгаа, элэг тайрах хагалгааг хийж байгаа. Мөн химийн эмчилгээг нутагшуулж эхэлсэн. Одоогоор 21 аймаг, 9 дүүрэгт хавдрын өвөрмөц эмчилгээ болох химийн эмчилгээ нэвтэрсэн гэж ойлгож болно.

-Монголд ямар төрлийн хорт хавдар зонхилж байна вэ? 

-Монгол Улсад сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээс үзэхэд жилд 5800 гаруй хорт хавдар оношлогдсон байна. Өнгөрсөн оны байдлаар хорт хавдрын статистик мэдээллээс харахад 6000 гаруй хортой хавдар шинээр бүртгэгджээ. 36-37 хувийг нь элэгний хавдар эзэлж байна. Дараа нь ходоодны хорт хавдар, гуравдугаарт уушгины хавдар, дөрөвт улаан хоолойн, тавд умайн хүзүүний хавдар орж байна. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд, зонхилон тохиолдож байгаа дээрх хавдрууд маань нийт хавдрынхаа 70-78 хувийг эзэлж байна.

-Эдгээрээс урьдчилан сэргийлж, бүрэн эдгэрэх боломжтой нь аль вэ?

-Ходоод болон умайн хүзүүний хорт хавдраас бүрэн сэргийлэх боломжтой. Яагаад гэвэл эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадах юм бол өвчлөхгүй. Тэгэхээр хувь хүний өөрийнх нь хариуцлага, эрүүл мэндийн мэдлэг чухал. Ер нь хүмүүсийн эрүүл мэндийн мэдлэгтэй холбоотой хавдрууд  гэж хэлж болно.

-Аль аймгуудад хавдрын өвчлөл өндөр байна вэ?

-Бүс нутгаар нь буюу аймгуудаар хавдрын өвчлөлийг аваад үзэхээр ялгаатай байна. Жишээлбэл, Увс, Баян-Өлгий аймагт улаан хоолой, ходоодны хавдрын өвчлөл өндөр байхад Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймагт элэгний хавдрын өвчлөл илүү өндөр байна. Харин зүүн бүсийн аймгуудад элэгний хавдрын өвчлөл өндөр хэвээрээ байна. Төвийн бүсийн аймгуудад умайн хүзүүний хавдрын өвчлөл өндөр.

-Хорт хавдраар өвчлөх үндсэн шалтгаан юу вэ?

-Шалтгааныг том бүлэгт хуваана. Эрсдэлт хүчин зүйл гэж бий. Үүн дотроо халдварын, халдварын бус хүчин зүйл гэж ангилдаг. Халдварын бус хүчин зүйлд хоол хүнс, агаарын бохирдол, удамшил, янз бүрийн хордлого, ажлын байрны хүнд нөхцөлүүд орно. Харин хавдрын эрсдэлт хүчин зүйлд элэг, ходоод, улаан хоолойн хавдрууд орно. Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр эрчимтэй сайн хэрэгжсэний үр дүнд нийт иргэдийн 40-65 хувийг үзлэгт хамруулж чадсан. Энэ жил 13-аас дээш насныхныг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулах зорилготой байна. Элгийг гэмтээж байгаа гол хүчин зүйл B, C вирус.

Сүүлийн жилүүдэд делта вирус гараад ирлээ. Монгол Улс дээрх төрлийн шинжилгээг бүрэн нэвтрүүлж иргэд эрүүл мэндийн даатгалаа бүрэн ашиглаж, жилд нэг удаа 165 мянган төгрөгийн багцаар хавдрын эсрэг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой. Улсаас В C вирусийг үнэ төлбөргүй үзүүлэх хоёр удаагийн боломж олгож буй ч иргэд энэ боломжийг ашиглахгүй байна.

- В, C вирусийн халдвар дамжих арга зам нь юу вэ? 

-Халдвар авах эрсдэлийг өөрсдөө бий болгодог. Арьс салстын бүрэн бүтэн байдал буюу ариутгаагүй багаж хэрэгслээр дамжиж байна. Сүүлийн үед хүүхнүүд шивээс их хийлгэж байна. Шүдний эмнэлгийн ариутгаагүй багаж хэрэгслээр халдвар дамжих эрсдэлтэй. Мөн өөрсдөө гэрээрээ дур мэдэн тариа хийлгэдэг. Халдах замаа сайн мэдэж байвал түүнээс сэргийлэх бүрэн боломж бий. Сүүлийн жилүүдэд ДЭМБ-аас B вирус бэлгийн замаар дамжиж байгааг сануулах болсон. Тиймээс залуу хүмүүс гэр бүл төлөвлөлт хийхдээ эрсдэлтэй байх шинжилгээнүүдэд заавал хамрагдах ёстой.

-Умайн хүзүүний хавдар сүүлийн үед ихсэж байгааг эмч нар хэлдэг. Үүсэх шалтгаан нөхцөл нь юу юм бэ?

-Цэвэр бэлгийн замаар халдварладаг. Вирусээр үүсгэгддэг өвчин. Умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг 14-15 хэв шинж байна. Үүнийг тодорхойлох шинжилгээнүүдийг манай хувийн томоохон лабораториуд авчбайгаа. ХСҮТ ч гэсэн хэв шинжүүдийг тодорхойлох шинжилгээнүүдийг хийгээд эхэлсэн. ДЭМБ-тай хамтраад умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх шинжилгээний аргыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа ирэх 2020 он гэхэд жигдэрч нийт 30-60 насны эмэгтэйчүүдийг шинжилгээнд хамруулахыг зорьж байна. 

Умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх үзлэг шинжилгээний эхлэл 2012 онд анх тавигдсан. Одоо бол 30-60 насны эмэгтэйчүүд 3 жилд нэг удаа эсийн шинжилгээг өгч байгаа. Гэвч эмэгтэйчүүд энэ шинжилгээнд идэвх муутай хамрагддаг тал бий.

-Хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юунд илүү анхаарах ёстой вэ?

-Элэгний хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд эхлээд та B, C вирустай байна уу, үгүй юү гэдгээ өөрөө эхлээд мэдэх ёстой. Шинжилгээнд хамрагдаагүй бол вирустай эсэхээ мэдэх боломжгүй. Тиймээс эрт илрүүлгийн шинжилгээндээ хамрагдаарай. Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд дээрх нас заасан эмэгтэйчүүд 3 жил тутамдаа өрхийн эмнэлэг дээрээ очиж заавал хамрагдаж байгаарай. Хэрвээ таны эсийн шинжилгээ ямар нэгэн өөрчлөлттэй гарсан бол хайхрамжгүй хандаж болохгүй. Бүрэн төгс эмчлүүлэх ёстой. Элэгний хавдрын B C илэрсэн бол эмчилгээний асуудлаа шийдвэрлүүл. Байнга эмчийн хяналтад байх ёстой. Гол нь иргэн хүн та өөрөө урьдчилан сэргийлэх шинжилгээндээ сайн хамрагдах ёстой шүү. Манай Хавдрын эсрэг үндэсний аяны гол зорилго ч элэг болон умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх тал дээр голлон анхаарч байна. Тиймээс иргэд өөрсдөө идэвх санаачилгатай байж урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд сайн хамрагдах ёстой. Бүх үзлэг шинжилгээ, оношлогоог өрхийн эмнэлгээр дамжуулж хийлгэх ёстой гэдгийг анхаарна уу.

ХСҮТ гэхээсээ илүүтэй эхлээд өрхийн эмнэлэг дээрээ хийлгэнэ. Хэрвээ шинж тэмдэг илрэх юм бол дараа дараагийн шинжилгээ оношлогоонд явуулах эрх нь бүрэн нээлттэй бий.Бас нэг зүйлийг хэлэхэд, энэ улсын томоохон үйлдвэр, ажил олгогч нар ажилчдадаа эрүүл мэнддээ анхаарахад нь цаг зав, чөлөө олгож, ажлыг нь зохицуулж өгөх ёстой. Тэгж байж тэд эрүүл мэндийнхээ төлөө явах ёстой юм.

-Хавдрын эсрэг үндэсний аян энэ хугацаанд хэрэгжихэд хамгийн гол ажлыг нугалж байдаг ХСҮТ-ийн эмч та бүхэнд талархахгүй байхын аргагүй. Мөн энэ аяны хамтрагч талуудын тууштай дэмжлэг, хамтын ажиллагаа чухал байх. Энэ тухай таны сэтгэгдлийг тань асуугаад ярилцлагаа өндөрлөе гэж бодож байна. 

Тэгэлгүй яах вэ. Энэ бол дан ганц ХСҮТ-ийн хийж, хэрэгжүүлсэн ажил бишээ. Аяныг тууштай хамтран хэрэгжүүлж, өөр өөрийн чиглэлийн оролцоогоор бидэнтэй хамтран ажиллаж буй ХААН Банк, МҮОНРТ-ийн чадварлаг хамт олонд талархахгүй байхын аргагүй. ХААН Банкны хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн өнгөрсөн 8 жилийн хугацаанд зөвхөн энэ аянд 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт үзүүлсэн байдаг. Гэвч энэ бол зөвхөн мөнгөн дүнгээр хэмжигдэх тоо боловч үүний цаана зохион байгуулалтын, аян хэрэгжих орон нутагт ажиллаж буй ХААН Банкны ажилтнуудын хичээл, зүтгэл оролцоо гээд маш олон хүний хөдөлмөр шингэж байдгийг би нүдээрээ үзэж, хамтран ажиллаж буйн хувьд бахархалтайгаар хэлж чадна.

МҮОНРТ-ийн сэтгүүлч, зураглаач нар мөн энэ аяны тухай шуурхай газар дээрээс нь сурвалжлах, хавдрын тухай мэдээллийг олон нийтэд таниулахад ур чадвар, цаг заваа зориулан ажиллаж байдагт мөн талархаж байна. Хавдрын эсрэг үндэсний аян бол мэргэжлийн байгууллага, тогтмол санхүүжилттэйгээр, системтэй мэдээллийг олон нийтэд хүргэж хамгийн бодитой үр дүнд хүрч чаддаг гэдгийг харуулсан сайн жишиг аян хэмээн зохион байгуулагч 3 тал үнэлж, дүгнэдэг юм.

Аливаа байгууллагууд ч мөн нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрийн үйл ажиллагааны чиглэл, онцлогоос үл хамааран оновчтой хамтын ажиллагааны үр дүнд монгол хүний эрүүл бие, саруул ухаанд гэгээлэг бүхнийг түгээх, хүргэх боломжтой шүү гээд бусад байгууллагуудыг ч мөн нийгэмд тустай үйл ажиллагаанд идэвхтэй оролцоосой хэмээн уриалмаар байна.



О.Гэрэл
Оллоо.mn 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан