Эрдэмтэд нас ахисан ч супер ой санамжтай байдаг хүмүүсийн нууцыг тогтоожээ

Эрдэмтэд нас ахисан ч супер ой санамжтай байдаг хүмүүсийн нууцыг тогтоожээ

 

Хүн насанд хүрсэн хойноо ч тархиндаа шинэ мэдрэлийн эс (нейрон) үүсгэдэг эсэх талаар эрдэмтэд олон жил маргаж ирсэн. Харин шинэ судалгаагаар ой санамжаа өндөр түвшинд хадгалж чаддаг “SuperAgers” гэж нэрлэгддэг хүмүүсийн тархинд шинэ нейрон үүсэх үйл явц бусад хүмүүсээс илүү идэвхтэй явагддаг болохыг тогтоожээ.
38 хүний тархины эдэд хийсэн судалгаагаар “SuperAgers” буюу нас ахисан ч ой санамж нь онцгой сайн хэвээр байдаг хүмүүсийн тархинд хөгжлийн шатандаа яваа шинэ нейронууд ижил насны энгийн хөгшрөлттэй хүмүүсийнхээс ойролцоогоор хоёр дахин их байжээ.
Харин Альцгеймерийн өвчтэй хүмүүсийн хувьд шинэ нейрон үүсэх (нейрогенез) үйл явц илт буурсан байсан байна.
АНУ-ын Иллинойс Чикагогийн их сургуулийн мэдрэлийн шинжлэх ухаанч Орли Лазаров “Энэ бол хүний тархи ой тогтоолтыг хэрхэн боловсруулж, дурсамж хэрхэн үүсгэж, насжилт явагддагийг ойлгоход томоохон ахиц” хэмээн онцолжээ. Тэрбээр “Яагаад зарим хүний тархи илүү эрүүлээр хөгширдгийг ойлгосноор эрүүл насжилт, танин мэдэхүйн тэсвэр, мөн Альцгеймер болон түүнтэй холбоотой өвчнөөс сэргийлэх эмчилгээ боловсруулахад тусална” гэжээ.
Насанд хүрсэн хүний тархи шинэ эс үүсгэдэг үү?
Насанд хүрсэн хүний тархи, ялангуяа ой санамжийн төв болох гиппокамп хэсэгт шинэ нейрон үүсдэг эсэх талаар олон жил маргаан өрнөсөн. Өмнө нь эрдэмтэд хүн төрөхдөө авсан тархитайгаа насан туршдаа амьдарна гэж үздэг байв.
Гэвч 1998 онд гарсан нэгэн чухал судалгаа насанд хүрсэн хүний тархинд ч шинэ нейрон үүсэж болзошгүйг харуулсан юм. Дараагийн судалгаанууд энэ дүгнэлтийг дэмжсэн ч 2018 онд өөр нэг судалгаа нейрогенез өсвөр насанд бараг зогсдог гэж мэдэгдсэнээр маргаан дахин хурцдаж байв. Сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаанууд нейрогенезийн бууралт нь Альцгеймерийн өвчинтэй холбоотой байж болзошгүйг харуулж байна.

Судалгааны аргачлал

Иллинойс Чикагогийн их сургуулийн судлаачид нас барсны дараах гиппокампын эдийн сорьцуудад шинжилгээ хийж, шинэ нейрон үүсэх шинж тэмдгүүдийг илрүүлэхийг зорьжээ.
Судалгаанд дараах таван бүлгийн хүмүүсийн тархи хамрагдсан байна.
  • 20–40 насны 8 эрүүл залуу
  • 60–93 насны 8 эрүүл ахмад настан
  • 86–100 насны 6 суперэйжер
  • 80–94 насны Альцгеймерийн эхэн үеийн өөрчлөлттэй 6 хүн
  • 70–93 насны Альцгеймерийн оноштой 10 хүн
Эхлээд залуу эрүүл хүмүүсийн тархийг судалж, насанд хүрсэн тархинд нейрогенез хэрхэн явагддагийг тогтоожээ. Дараа нь гиппокампаас ялгасан 355,997 эсийн цөмийг шинжилж, эсийн хөгжлийн гурван үе шатыг судалсан байна:
  • Үүдэл эс (нейрон болж хувирах боломжтой)
  • Нейробласт (нейрон болох шатандаа яваа эс)
  • Бүрэн гүйцэд болох дөхсөн “боловсорч гүйцээгүй” нейрон
Судалгааны үр дүн
Супер хөгшрөгчдийн тархинд бусад эрүүл ахмад хүмүүсээс хоёр дахин их нейрогенез явагдаж байжээ. Судлаачдын үзэж буйгаар тэдний тархи ой санамжийг өндөр түвшинд хадгалах чадвартай байдаг “нууц орц” нь гиппокамп дахь нейрогенез байж болзошгүй аж.
Харин Альцгеймерийн өмнөх үе шаттай хүмүүст шинэ нейрон үүсэхийг дэмждэг молекулын тогтолцоонд алдагдал үүсэж эхэлсэн шинж тэмдэг ажиглагдсан байна. Альцгеймерийн оноштой хүмүүсийн хувьд боловсорч гүйцээгүй нейронуудын тоо мэдэгдэхүйц буурсан байжээ.
Мөн генетикийн шинжилгээгээр суперэйжерүүдийн мэдрэлийн эсүүдэд синапсын холбоо (эсүүдийн хоорондын холболт) илүү бат бөх, уян хатан чанар өндөр, мөн тархины гаралтай нейротрофик хүчин зүйл (BDNF) хэмээх уураг илүү идэвхтэй байсан нь тогтоогджээ. Энэ нь тархины тэсвэржилтийг илэрхийлдэг.
“Бид суперэйжерүүдийн тархи биологийн хувьд идэвхтэй, уян хатан байдгийг мэддэг байсан ч яагаад гэдгийг нь мэдэхгүй байлаа. Энэ бол тэдний тархи илүү уян хатан гэдгийн биологийн баталгаа” гэж Нортвестерн их сургуулийн мэдрэлийн эмч Тамар Гефен хэлжээ.
Цаашдын ач холбогдол
Судалгааны багийнхан цаашид нейрогенезийг нэмэгдүүлэх эмчилгээний арга, мөн амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны хүчин зүйлс тархины хөгшрөлтөнд хэрхэн нөлөөлдгийг тодорхойлох боломжтой гэж үзэж байна.
“Олон нийтэд хамгийн сонирхолтой нь хөгширч буй тархи заавал доройтдог зүйл биш гэдгийг энэ судалгаа харуулж байна” гэж судалгааны тэргүүлэх зохиогч, эс судлаач Ахмед Дисуки онцолжээ. Түүний хэлснээр зарим хүмүүс нейрогенезийг байгалиараа хадгалж чаддагийг ойлгосноор ой санамж, танин мэдэхүйн эрүүл мэндийг хамгаалах шинэ стратеги боловсруулах боломж нээгдэх аж.
Энэхүү судалгааны үр дүн Nature сэтгүүлд нийтлэгджээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан