Гоо сайхны мэс засалч Ричард Тео 40 насандаа уушигны хорт хавдарын дөрөвдүгээр шатанд байхдаа энэхүү гайхамшигт илтгэлийг 2012 оны нэгдүгээр сарын 19-нд тавьсан бөгөөд үүнийхээ дараа сар ч бололгүй таалал төгссөн юм. Та бүхэнд өглөөний мэнд хүргэе.Миний хоолой бага зэргийн сөөнгө байгааг минь ойлгоорой. Намайг Ричард гэдэг, би эмч хүн. Өнөөдөр та бүхэнд амьдарлын тухай өөрийн үзэл бодлыг хуваалцмаар байна. Намайг бага байхаас эхлээд л хэвлэл мэдээлэл болон эргэн тойронд байгаа хүмүүс аз жаргал бол амжилт юм гэсэн ойлголтыг надад өгсөн билээ. Харин амжилт нь эд баялагаар тодорхойлогддог гэж боддог байсан учраас л бага байхаасаа их дайчин өрсөлдөөнд дуртай байсан юм. Би шилдэг сургуульд сурч мөн бүх салбарт шилдэг нь байх шаардлагатай гэж боддог байлаа. Миний зорилго бол амжилттай байж үндэсний хэмжээний өнгө өнгийн шагналыг цуглуулах байлаа. Тэгээд анагаах ухааны сургуульд орж, тун удалгүй эмч болсон юм.Та бүхэн мэдэж байгаа эрүүл мэндийн салбарт “Офтальмогия” буюу хараа зүй нь хамгийн эрэлттэй мэргэжил байдаг. Тийм учраас би тэр мэргэжлийг сонгож нүдийг лазерийн аргаар эмчлэх аргыг судлахаар NUS -аас тэтгэлэг авсан юм. Энэ салбартаа хоёрын хоёр патент авч амжилттай байсан хэдий ч надад эд хөрөнгө баялаг авчираагүй тул хувийн салбарыг сонгосон юм.Сүүлийн жилүүдэд гоо сайхны мэс заслын салбар хүчээ авч тоолж баршгүй их мөнгө эргэлдэж байдаг учир энэ л мөнгөний төлөө би тэтгэлгээ дундаас нь хаяж гоо сайхны мэс засалч болж хувийн эмнэлгээ нээсэн билээ.Хамгийн харамсалтай нь энгийн нэгэн эмчээр хүмүүс бахархдаггүй. Харин баян, алдартай хүмүүсээр л бахархаж баатар мэт харьцдаг. Энгийн эмчид 20 доллар төлөхийг хүсдэггүй хүн уруулаа засуулахдаа 10,000, хөхөө томруулахдаа 12,000 долларыг төвөггүй төлөхөд бэлэн байдаг. Та нар одоо миний хийсэн сонголтод эргэлзэхгүй болсон байхаа. Хүн эмчлэгч гэхээсээ илүү би гоо сайхныг бүтээгч нэгэн болсон юм. Бизнес ч сайхан амжилттай хөгжиж байлаа. Хүмүүс анхандаа надтай уулзах гэж 7 хоног хүлээдэг байсан бол гурван долоо хоног, сар, сүүлдээ 2 сар хүлээдэг боллоо. Надтай уулзах хүмүүсийн тоо дэндүү олон байх нь намайг үнэхээр их баярлуулдаг байлаа. Эрэлт хэрэгцээ нэмэгдэх тусам хэд хэдэн эмч авч ажлуулан эхний жилдээ л сая сая доллар олж эхэлсэн юм. Гэхдээ би ханаж цадахаа мэдэхгүй дэндүү их донтчихсон байлаа. Бизнесээ өргөжүүлэн Индонез улсад салбараа нээхэд гоё сайхан болох гэсэн нутгийн баячууд үнэ асуулгүй биднээр үйлчлүүлдэг байлаа. Амьдрал сайхан байлаа.Мөнгөө юунд зарцуулж, амралтын өдрөө яаж өнгөрүүлж байсан бэ гэж үү? Зарим өдрүүдэд би ачааны машин худалдан авч уулзалтад явдаг байлаа. Халаасны мөнгөөрөө би уралдааны болон хурдны машин худалдан авдаг байсан юм. Нэг өдөр манай нэг найз улаан Феррари худалдан авсан юм. Тухайн үед 458 загвар дөнгөж гарч байсан үе л дээ. Миний шар хөдөлж, тэр өдрөө би саарал өнгийн Феррари худалдан авсан юм даг. Дараа нь эдлэн газар худалдан авч, хаус бариулж, эдлэн газартаа ан хийдэг болсон доо.Амьдрал ямар байсан гэж үү? Сайхан бүсгүйчүүд, баячуудын хамт цагийг өнгөрөөж зугаацдаг байлаа. Миний хувьд амжилтын оргилд хүрсэн юм шиг санагдаж байлаа. Гэвч өнгөрсөн жил бүх юм өөрчлөгдсөн. Бэлтгэлийн зааланд гэнэт бие минь муудсан. Би ч өөрийгөө бага зэрэг ядарсан байна гэж бодож байлаа. Гэвч тийм биш байлаа. Нуруу минь маш ихээр өвдөж эхэлсэн учраас ангийн найздаа очиж үзүүлсэн. Орой нь найз маань утасдаж, мэс засал хийх шаардлагатай гэлээ. Эхлээд итгэхгүй найзыгаа олон олон асуултаар булсан ч байдал өөрчлөгдөхгүй болох нь тодорхой болсон юм. Маргаашнаас нь олон шинжилгээ өгсөөд, эцсийн хариу гарах үед уушигны хорт хавдарын дөрөвдүгээр шатанд хүрчээ гэдгээ мэдсэн юм. Хавдар аль хэдий нь тархи, нуруу, элэг рүү тархсан байлаа. Ганцхан хоногийн өмнө би бүх зүйлийг хяналтандаа байлгаж, амжилтынхаа оргил дээр гарсан нэгэн байсан бол ганцхан хоромд мөн бүх зүйлээ алдсан юм. Томографийн зурган дээрх энэ олон толбо бол бүгд хавдар. Миний уушгинд энэ толбо хэдэн мянгаараа байгаа учраас химийн эмчилгээ хийлгэсэн ч 3-4 сарын настай гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа би. Тэнгэр нурах шиг л болсон гэдгийг та бүхнээс нуугаад яахав. Надад бүх зүйл байгаа хэдий ч би маш их хямарч байсан. Инээдтэй ч юм шиг. Энэ олон амжилт, эд баялаг надад аз жаргал авчирсан уу гэдэг асуулт миний толгойноос гарахгүй болсон. Феррари болон бусад маш олон худалдаж авсан үнэтэй зүйлс маань миний сэтгэлийг ганцхан хором ч тайтгаруулж чадаагүй. Олон хүмүүстэй харьцах, хайртай гэр бүл, найз нөхөд минь л амьдралд минь аз жаргал авчирч байсан юм байна гэдгийг одоо л ухаарч байна. Шинэ жилээр гялгар машин хөлөглөн гэр бүл, хамаатан, найз нөхдөөрөө зочилж машинаа гайхуулж явдаг байлаа. Тэдний асуудлыг үл ойшоож байсан тэнэглэл минь атаархал, үзэн ядалт авчирдаг байсныг сүүлд л ухаарч сууна. Миний тэнэглэлээс болж зовлонг минь хуваалцах хүн дэндүү цөөхөн болжээ.Та бүхэнд түүх ярьж өгье. Та нар шиг Их сургуульд байхдаа Жиннивер гэдэг найзтай байлаа, одоо ч найз хэвээрээ байгаа. Тэр замд тааралдсан хорхой шавьжийг хүмүүсийн хөлөөс холдуулж тавьдаг байлаа. Би үргэлж л "чи сэжиглэхгүй байна уу? наадах чинь зүгээр л нэг шавьж шүү дээ" гэдэг байсан. Харин Жиннивер өөрөөсөө илүү хүчтэй зүйлд бяц даруулах мэдрэмжийг хэнээс ч илүү ойлгодог байжээ. Зарим хүмүүс хүчтэй нь хүчгүйгээ гэсэн онолыг ярьдаг боловч бяц гишгүүлэх тэр мэдрэмж чам дээр ирэх тэр үед Жиннивер хажууд байсан ч болоосой гэж залбирах үе бий.... инээдтэй биш гэж үү?Оюутан, дадлагын ажилтан байх үед ч гэсэн өвчин, зовлон, үхэлтэй тулсан хүмүүстэй өдөр бүхэн уулздаг байсан гэхэд болно. Хорт хавдартай хүмүүс, морфинд донтож хэсэгхэн зуурч гэсэн өвчнөөсөө салах гэсэн хүмүүсийг би бишгүй л харж байсан. Тэдний зовлон өвдөлт жинхэнэ байсан уу гэж асуувал би тэр үед ҮГҮЙ гэж хариулах байсан байх. Учир нь өвдөлт, өвчин шаналал бүр өөр өөр шинжлэх ухааны нэртэй, ямар шинж тэмдэгээр илэрдэг гэдгийг ч би мэднэ. Харин тэдний жинхэнэ бодит шаналалыг би өвчтөн болсныхоо дараа л мэдэрч авсан юм. Хэрвээ энэ туршлага, мэдрэмжийг мэдэрсний дараа амьдралыг шинээр эхэл гэвэл би тэс ондоо эмч болно.Би үргэлж илүү ихийг хүсч, хэзээ ч дуусахгүй шуналыг минь зөвхөн мөнгө л тайвшруулж байсан. Би өвчтөнүүдээ зөвхөн мөнгө л гэж харж тэднээс аль болох их мөнгө салгахыг л хүсдэг байлаа. Би ч гэлтгүй ихэнх эмч яах гэж эмч болсон хэнд үйлчлэх ёстой гэх мэт өргөсөн тангаргаа умартсан юм шиг санагдаж байна.Захих эхний зүйл: өөрийн ёс зүй, ажилдаа хандах хандлагаа хэзээ ч битгий өөрчлөөрэй. Бидний энэ салбарт нэгнээ муулах, мэргэжил нэгтнээ доош нь хийх явдал их газар авсан. Энэ бүхэн эцсийн эцэст зөвхөн мөнгөний төлөө юм шүү гэдгийг санаж яваарай.Хоёр дахь зүйл: захих гэхээсээ илүү зөвлөгөө юм шүү. Бид өдөр шөнөгүй өвчтөнтэй уулзаж нойр хоолгүй ажил дээрээ байх хугацаандаа ажлаасаа уйдаж эхэлдэг. Би ч гэсэн эмч болох анхан шатандаа өдөр шөнөгүй олон өвчтөний түүхийг хурдан дуусгах гэж яарч, хязгааргүй мэт үргэлжлэх дугаарласан хүмүүсээс залхаж хурдхан өрөөнөөс минь гараасай гэж залибардаг байлаа.Тэдний бидэнд хэлэх өвчин зовлон шаналалыг эмч бид нар үнэндээ сэтгэл зүрхнээсээ мэдэрч чаддаггүй. Энэ нь таны буруу гэхээсээ илүү эрүүл мэндийн системийн буруу юм. Бид хүмүүсийг эмчлэгч болон төгсдөг ч өвчтөнөө яг ямар мэдрэмж авч байгааг мэдэлгүй төгсдөг. Энэ бол бодит бус харилцаа юм. Тиймээс та бүхнийг илүү сэтгэлээрээ өвчтөнтэйгээ холбоотой байгаасай гэж хүсч байна.Учир нь та өвдөж байх үед ядрах, толгой өвдөх зэрэг өвдөлтүүд танд хол байгаа мэт боловч тэр хүнд маш бодит байдаг юм шүү. Одоогоор би тав дахь химийн эмчилгээгээ хийлгэчээд энд сууж байна. Энэ өвдөлт жинхэнэ там л гэсэн үг. Химийн эмчилгээг та өөрийн хамгийн их үзэн яддаг дайсандаа ч хүсэх зүйл биш. Зогсоо зайгүй өвдөх, дотор муухайрах, бөөлжих, идсэн хоолоо шингээж чадах эсэхээ ч мэдэхгүй байх хамгийн аймшигтай мэдрэмж. Хэдий оройтсон ч гэсэн надтай адил зовлонтой байгаа олон сая хүнд би аль болох туслахыг хүсч байна.Залуус та бүхний ирээдүй гэрэлтэй байна. Энэ боломж, эрч хүчийг ашиглан өөрийн чадвар мэдлэгээс илүү ихийг хийж бүтээх ёстой юм шүү.Зөвхөн ядуу хүн өвддөг гэж бүү эндүүр. Ядуу хүмүүс эхнээсээ л их зүйлтэй байж үзээгүй учраас маш хурдан ханаж цаддаг. Өөрөөр хэлбэл тэд надаас бас танаас илүү аз жаргалтай байгаа шүү.Эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгийн хувьд зовж шаналсан хүмүүс дэлхий дээр сая саяараа байдаг. Харин бид зүгээр л тэднийг байхгүй мэт аашилж, харах битгий хэл, итгэхийг ч хүсдэггүй. Эцэст нь би дуртай номноосоо та бүхэнд ишлэл хэлж өгье. “Хүн бүхэн өөрийгөө үхнэ гэдгийг мэддэг, үүнийг мэдэхгүй хүн гэж байхгүй. Үнэндээ бидний хэн ч үүнд итгэхийг хүсдэггүй учраас бүх зүйлийг өөрөөр хийдэг. Үхэлтэй нүүр тулах тэр мөчид л хэрэггүй бүх зүйлээс нүүр буруулж чухал зүйлд анхаарлаа хандуулах болно. Гэвч хамгийн инээдтэй нь бид үхэхээ мэдсэний дараа л хэрхэн амьдрах ёстойгоо мэддэг”.Хэрхэн яаж амьдрах тухайгаа сайтар бодохыг та бүхнээс хүсч байна. Өөрөө өөртөө зорилго тавьж, бусдад туслаж, хэн нэгний амьдралыг өөрчлөх тухай сайн бодоорой.Та бүхнийг бурхан ивээг.Эх сурвалж: lifeishot.club