Хоолзүйч Г.Тамир: Утаа ихтэй үед уургаар баялаг монгол малынхаа махыг идэх нь угаарын хордлогод өртөх эрсдэлийг багасгана

Хоолзүйч Г.Тамир: Утаа ихтэй үед уургаар баялаг монгол малынхаа махыг идэх нь угаарын хордлогод өртөх эрсдэлийг багасгана

 

Утаа ихтэй өвлийн улиралд ямар хоол хүнс хэрэглэх нь зохистой талаар сурвалжиллаа. Эрүүл хүн нэг минутад 8-10 литр, цагт 500-600 литр, хоногт 1200-1400 литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг бол биеийн хүчний ачааллын үед 20,0 мянган литр хүртэл өсч болох аж.

Олон улсад хийсэн судалгаагаар хүрээлэн буй орчны бохирдол нь оршин суугчдын өвчлөлийг нэмэгдүүлэх, хүүхдийн бие махбодийн өсөлт, хөгжилд сөргөөр нөлөөлж, дархлалын түвшнийг бууруулдаг болохыг тогтоосон байгаа. Үүнд: өвчлөлийг нэмэгдүүлэх. Үүн дотор маш олон хүчин зүйл орж байна. Тухайлбал, амьсгалын эрхтний эмгэг /Цочмог ларингит, Архаг бронхит, тонзиллит, аденойдит, уушги, гуурсан хоолойн бөглөрөлтөт хэлбэрийн архаг үрэвсэл гэх мэт. Харшлын эмгэг (харшлын гаралтай нүд, чих хамрын хоолойн хөндийн үрэвсэл, багтраа, арьсны эмгэг). Зүрх судасны өвчин (Зүрх судасны өвчний тархалт өндөр байх, зүрхний үйл ажиллагааны хямрал, дутагдал, төрөлхийн гажиг, зүрхний ишеми). Удамшлын эмгэг, төрөлхийн гаж хөгжил, хавдар, нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх) гэх мэт. Хоёрдугаарт, бие махбодийн өсөлт, хөгжилтөд сөрөг нөлөөлнө. Үүнд: Өндөр, жин, цээжний тойргийн хэвийн харьцаа алдагдах, таргалах, турах, Биеийн галбир өөрчлөгдөх гэх мэт. Гуравдугаарт, бие махбодийн физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлнө. Үүнд: Уушгины үйл ажиллагаа алдагдана. Оюуны ажиллах чадварт сөргөөр нөлөөлнө. Мэдрэхүй-хөдөлгөөний хурд өөрчлөгдөнө. Цусны даралт, судасны цохилт өөрчлөгдөнө. Дөрөвдүгээрт, дархлалын түвшнийг бууруулдаг байна. Эдгээрийн шинж тэмдэг маш олон янзаар илэрдэг аж. Хамгийн түгээмэл нь байнга толгой өвддөг болдог гэнэ. Энэ талаар УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэдрэлийн эмч Б.Саруулцэцэгээс тодруулахад “Толгой өвдөлтийн маш олон шалтгаан бий. Үүн дотроос булчингийн гаралтай хоргүй толгойн өвдөлт нийт толгойн өвдөлтийн 80 хувийг эзэлж байна. Үүнийг амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн шинж тэмдгийн асуумжаар тодорхойлдог. Зарим хүн тохироогүй харааны шил зүүснээс болж толгой өвддөг бол зарим нь ажлын ачаалал, хэт удаан дэлгэцийн хамааралтай суух, тохиромжгүй хэт бүгчим, агааргүй, дуу чимээ ихтэй орчинд ажилласнаас, агаарын бохирдол зэрэг толгой өвдөх хамгийн том шалтгаан болж байна” гэв.

Эрүүл мэндийн статистикийн мэдээгээр Улаанбаатар хотод амьсгалын эрхтний өвчлөл жилээс жилд нэмэгдэж, Нийслэл хотод амьсгалын эрхтний өвчлөл нийт өвчлөлийн 23.4-24.4 хувийг эзэлж байна. Хүүхдийн өвчлөлийн ерөнхий бүтцэд амьсгалын эрхтний өвчлөл нэгдүгээр байр эзэлдэг бөгөөд агаарын бохирдол ихтэй газар түүний эзлэх хувь нэмэгдэж байна гэх судалгааг Судлаач Б.Бурмаа, Н.Сайжаа нар хийжээ.

Улаанбаатар хотын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, тухайлбал хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвслийн нэг шалтгаан болж буйг судлан тогтоосон байна. Агаарын бохирдолт нь амьсгалын замын эрхтний өвчлөлд нөлөөлөхөөс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийн 20-27 хувь нь эрт хожуу хордлоготой, нийт төрсөн хүүхдийн 3.2-3.6 хувь нь хүчилтөрөгчийн дутагдал, амьсгалын замын хямралтай төрж байна гэсэн судалгаа гарчээ.

Тиймээс өвлийн улиралд хэрхэн хоол хүнсээ тохируулах, ямар хүнс хэрэглэх талаар хоолзүйч Г.Тамиртай ярилцлаа.


-Утаатай холбоотойгоор хүмүүс хоол хүнсний хэрэглээгээ хэрхэн тохируулах ёстой вэ. Агаарын бохирдлын улмаас өвчлөл нэмэгдэж байгаа тухай маш олон судалгаанууд байдаг юм байна?

-Дээрх өвчлөлүүд ямар ч шалтгаанаар үүсэж болно. Маш олон шалтгаан бий шүү дээ. Монголчууд бэлчээрийн мал аж ахуйн орон учраас монгол малынхаа махыг идэх нь биед уургийг нөхөх маш зөв арга. Уургийн төгөлдөр эх үүсвэр гэж махыг маш товч бөгөөд гоё хэлсэн байдаг. Махны уураг нь бие махбодид нийлэгжих замаар үүсдэггүй, үл орлогдох амин хүчил агуулдаг. Европын өндөр хөгжилтэй орнуудад махыг хагас, бүтэн болгоод стейк гэх хоолыг их хэрэглэдэг нь бие дэх уургаа нөхөх арга байдаг. Энэ нь ч маш том хоолны соёл болж өргөжсөн. Манайд ч энэ соёл нэвтрээд байна.

Бэлчээрийн малын маханд маш их амин дэм, хордлого тайлах чанар бий. Тиймээс сайн чанарын монгол малынхаа махыг л ахиу хэрэглэхийг зөвлөнө. Дээрээс нь манайх юун төлөө бэлчээрийн мал аж ахуйн орон билээ. Бэлчээрийн малын сүүнд хордлого тайлах өндөр чанар агуулагддаг. Утаанд байх хоруу чанар хүний биед хордлого үүсгэж л байгаа. Түүнд монгол малын мах, сүүг өдөр тутамдаа хэрэглэвэл зохилтой. Утаа ихтэй үед уургаар баялаг монгол малынхаа махыг идэх нь угаарын хордлогод өртөх эрсдэлийг багасна. Тиймээс махаа чанартай болгож идэхийг зөвлөнө.

-Цагаан хоолтой хүмүүс тэгвэл бие дэх уургаа хэрхэн нөхөх вэ?

-Цагаан хоолтой хүмүүс аравдугаар сарын сүүлчээр алжааж ядрах нь ихэсдэг. Тиймээс тэдгээр хүмүүсийг хонины махтай шөл идэхийг уриалахыг хүсдэг юм. Мэдээж миний энэ санал мах иддэггүй хүмүүст тийм ч аятайхан сонсогдохгүй. “Яагаад” гэж зарим нь асуудаг л даа. Хошин маягаар хэлбэл мах гэдэг чинь адилхан л ногоо юм шүү дээ. Зүгээр л зүсээ улаан өнгөтэй болгочихсон 80 орчим төрлийн ургамлын нэгдсэн төрх юм. Хонины махнаас амт, чанартай шөл гардаг учир нь булчин махны ширхэг маш нарийнтай холбоотой юм. Мөн ямар ч хоолонд хонины сүүл бага хэмжээгээр хийж идэх нь тархи, оюун ухаанд сайн нөлөөлдөг. Түүнд агуулагдах А, К, Д, С амин дэмүүд хордлого, харшил анагааж, харааны хөгжилд сайн нөлөөлдөг.

-Цусны даралт ихсэх үед ямар хоол зөвлөх вэ?

-Улаанбаатар хот далайн түвшнээс 1350 метрийн өндөрт оршдог нь даралт ихсэх бодит шалтгаан юм. Агаарын чанараас болж өвлийн цагт ихэнхдээ цонхоо хааж, битүү өрөөнд байх нь мөн хүзүү толгой хөших, ханиад шуухитнаа хүрэх зэргээс болж хүний бие илүү их уураг хэрэглэх шаардлагатай болдог. Адууны мах халуун чанартай болохоор царцдаггүй гэдгийг бүгд мэддэг ч харин хорт хавдраас сэргийлж, даралт бууруулдаг болохыг нь хүмүүс барагтаа мэддэггүй. Адууны махны илчлэг чанар нь 2886-3000 ккал учраас хүний биеэс хүйтнийг хөөж мөн судасны хана хатуурахаас сэргийлдэг.

-Бэлчээрийн малын махны ач тус юу вэ?

-Бэлчээрийн монгол малын мах хүнс тэжээлийн үнэт чанараараа маш үнэтэйд тооцогддог. Түүний бүрэлдэхүүнд нэлээд хэмжээний ус, хүний биед зайлшгүй хэрэгтэй төгс болон төгс бус уураг, ханасан, ханаагүй өөх тос, макро, микро эрдэс бодисууд, маш олон амин дэм болон нүүрс ус агуулагддаг юм. Маханд агуулагдах төгс уургийн хэмжээ нь бусад түүхий эд, бүтээгдэхүүнийхээс харьцангуй их хэмжээтэй байдаг. Энэ уураг нь эхийн сүү, тахианы өндөг, маханд л байдаг. Хүний дархлааг маш сайн дэмждэг учраас заавал идэж байх хэрэгтэй. Гэхдээ хэрэгтэй, тустай гэхээр хэт их хэмжээгээр хэрэглэ гэсэн үг бас биш. Монгол хүний хоногт хэрэглэвэл зохих махны хэрэглээний жишиг хэмжээг 180-200 грамм байна гэж тогтоосон байгаа. Энэ хэмжээндээ хэрэглээд байвал хүний дархлаа хэвийн хэмжээндээ байх учиртай.

-Хонины маханд өөрийн гэсэн давуу тал бий байх даа?

-Судлаачид монгол хонины маханд төгс уургийн амин хүчил триптофан, холбогч эдийн аминхүчил оксипролины харьцаа дунджаар 7.5 байдгийг тогтоосон байдаг. Энэ үзүүлэлт таваас доошгүй байвал тухайн махыг сайн чанартайд тооцож байхыг Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллага санал болгодог. Аминдэмийн судалгааг дахиад нэг сонирхоход монгол малын маханд В1, В2, РР аминдэм бусад орны малынхаас 10 хувиас хоёр дахин илүү байдаг. Бэлчээрийн малын маханд макро эрдсүүдийн агууламж бусад орны малын махтай адил түвшинд, харин нийт бичил эрдсүүдийн хэмжээ давамгайлах хандлагатай байна.

Нэн ялангуяа цус төлжүүлэх үйл явцад онцгой чухал үүрэгтэй төмөр болон ферментүүдийн найрлагад оролцдог зэс зэрэг нь 1.8-3 дахин илүү хэмжээтэй байдаг нь тогтоогдсон байдаг. Бэлчээрийн малын мах хүнд элемент багатайн дээр цацраг идэвхит изотопын бодисоор бохирдоогүй тул экологийн цэвэр маханд тооцогддог.

-Ямааны маханд ямар давуу тал байна вэ?

-Ямааны махны уураг хялбар шингэдэг, хүний бие махбодиос шингэнийг хөөх өвөрмөц бүтэцтэй. Өөх нь өндөр молекулт, ханасан хүчлүүдээс бүрддэг, царцамтгай, сэрүүн чанартай гэж үздэг тул түүнийг зөвхөн дулааны улиралд хэрэглэх нь илүү тохиромжтой. Ямаа зуны эхэн сард цэцэг дэлгэрсэн үед түүгээр хооллож дээд ургамлын биологийн идэвхит бүх бодисыг энэ үед биедээ шингээдэг тул эмчилгээ сувилгааны чанартай, ахимаг насны болон байнгын асаргаатай хүмүүст “Цэцгийн ямааны шөл” уулгадаг нь үүнтэй холбоотой юм.

-Үхрийн махны онцлог нь юу вэ?

-Монгол үхрийн маханд азотгүй хандлаг бодис харьцангуй их байдгаас мах нь өвөрмөц үнэр амттай байдаг. Дотор өөх нь концентрат ихтэй, ус багатай, удаан хайлдаг, тураг мах, тосны гарц ихтэй байдаг нь түүний онцлог чанар юм. Үхрийн мах нь сэрүүн чанартай бол сарлагийн махыг бүлээн чанартай гэж үздэг. Үхрийн маханд үл орлогдох амин хүчлийн хэмжээ харьцангуй их байдаг нь түүний борцны нийт уургийн бараг тавны хоёр хувийг үл орлох амин хүчил эзэлдгээр тайлбарлаж болох юм. Судалгаанаас үзэхэд тосонд уусдаг аминдэмүүд үхрийн маханд давуу байна. Үхрийн махыг өвлийн улиралд зонхилон хэрэглэдэг.

-Тэгэхээр тэмээний маханд ч бас эрүүл мэндэд хэрэгтэй, онцлог шинж чанар байдаг байх?

-Тэмээний мах бүдүүвтэр ширхэгтэй, өөх булчингийн судал хосолсон алаг махтай, өөх махны гарц үлэмж их, өөх нь шаргалдуу цагаан, гаж үнэр амтгүй, ялангуяа дотор өөх нь түргэн царцдаг, чанахад мах болон шөлний амт аятайхан, давстай чанасан махны амт нь үхрийнхээс онцын ялгаагүй байдаг. Химийн найрлагын хувьд тэмээний мах үхрийн махтай төстэй боловч нүүрс ус, чихэрлэгийн зүйл ихтэй, бас гликоген элбэгтэй учир ходоодонд шингэх нь сайн, сэрүүн чанартай байдаг.

-Сүүлийн үед хүмүүс гэдэс дотор идэх нь багасаад байх шиг. Дотор мах, гэдэс цувдай ч бас хүний эрүүл мэндэд сайн талтай юу?

-Дотор мах нь тураг махнаас амин дэм эрдэс бодисын агууламжаар илүү, сайн чанарын идээ болох нь батлагдсан. Элэг, уушиг, зүрх, дэлүү, бөөрийг таван цул гэдэг. Бог малын дотор мах бол нэн хүндтэй хоолны төрөлд ордог. Бага малын зайдас, олгой, ходоодонд цусыг амт тохируулж цутгах, цусгүй ороомог хийх зэргээр боловсруулж хэрэглэнэ. Зөвхөн малын дотор гэдсээр хийдэг хоол гэхэд 70 гаруй төрөл байна. Бод малын амьдын жингийн 13 хувь, бог малын 12 хувийг дотор эрхтэн эзэлдэг.

-Мах идэхгүй байх нь сөрөг талтай юу?

-Ерөнхийдөө мах идэх тал дээр эрдэмтэд хоёр хуваагддаг. Дэмжих хэсэг байна. Дэмжихгүй хэсэг ч байна. Хамгийн гол нь энэ асуудалд ухаалгаар хандах нь зүйтэй. Жишээ нь, сайн чанарын мах худалдан авч, дээд зэргээр ашиг тусыг нь хүртэхээр болгож идэх хэрэгтэй.

Үүний тулд махыг шарахгүйгээр жигнэж эсвэл ууранд болгож идэхийг зөвлөж байна. Махыг шарах явцад транс өөх тос ялгардаг. Сайн чанарын маханд хүний бие организмд хэрэгтэй маш их тэжээлтэй, ашиг тустай бодисууд агуулагдаж байдаг. Тухайлбал, 100 гр маханд агуулагддаг төмөр ургамлын гаралтай хүнсний төмрөөс тав дахин хурдан шингэдэг. Түүнчлэн амьтны гаралтай хүнс цайраар баялаг гэдгийг мартаж болохгүй юм. Хэрэв өдөр тутмын хооллолтоосоо махыг хасахаар шийдсэн бол D амин дэм тогтмол уух хэрэгтэй. Эс бөгөөс хумс хугарамтгай болж, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг тогтворгүйжиж, ажиллах эрч хүч багасч, ходоодны үйл ажиллагаа муудах зэрэг эрүүл мэндийн асуудлууд үүсдэг гэх дотрын эмч, хоол тэжээлийн мэргэжилтнүүдийн судалгаа гарсан байдаг. Тиймээс хамгийн зөв арга бол ямар нэг зүйлийг хэтрүүлэхгүй байж, бие организмаа сайн сонсох хэрэгтэй юм.

С.БАЯР

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан