Сармагчны цэцэг өвчин дараагийн “Ковид” болох уу


Төв болон Баруун Африкийн нутгаар ихэвчлэн тархдаг Poxviridae овгийн Orthopoxvirus төрлийн вирусээр өдөөгддөг сармагчны цэцэг өвчний дэгдэлт олон улсад эрчимжиж байна. Ердөө сүүлийн хоёр сарын хугацаанд Их Британи, АНУ, Канад, Испани, Португаль, Швед, Итали зэрэг дэлхийн 50 гаруй оронд тархаж, 3400 тохиолдол бүртгэгджээ. Эмчилж, эдгээхэд хялбар ч, эрт илрүүлэхэд хүндрэлтэй гэгдэж байгаа сармагны цэцэг өвчнийг дараагийн “Ковид” болохоос өмнө илрүүлэх шинжилгээг эрчимжүүлэхийг ДЭМБ-аас анхааруулаад байна.
 

-ШИНЖЭЭЧИД САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ КОРОНАВИРУСИЙН ЭХНИЙ ҮЕ ШАТТАЙ ТӨСТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЖ БАЙНА-

Ширэнгэн ойн орчинд түлхүү тархдаг сармагны цэцэг гэх зоонозын өвчин хүнээс хүнд халдварласан тохиолдол маш ховорт тооцогддог гэнэ. Одоогоор сармагны цэцэг өвчний батлагдсан тохиолдлыг хянан эмчилж байгаа мэргэжилтнүүд уг өвчнийг агаар дуслын замаар дамждаггүйг мэдэгдсэн. Харин өвчтэй амьтантай харьцах, халдвартай хүний шарханд хүрсэн тохиолдолд халдварлах магадлал өндөр байгаа аж.

Сармагчны цэцэг өвчнөөр халдварласан үед илрэх шинж тэмдэг:

• Нүүр, ам, биеийн хэсэгт цэврүүт тууралт гарах,
• халуурах,
• тунгалгийн булчирхай хавдах,
• толгой өвдөх,
• булчин, үе мөчөөр өвдөх,
• бие арзайх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.
Сармагчны цэцэг өвчний эмнэл зүйн шинж тэмдэг 2-4 долоо хоногийн хугацаанд илэрч байгаа бөгөөд хөнгөн хэлбэрээр өвчилсөн тохиолдолд 2-3 долоо хоногт эдгэрдэг юм байна.
 
 

-САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМЭЭР УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, ЭМЧИЛЖ БОЛНО-

Сармагчны цэцэг өвчнийг эмчлэх тусгай эмчилгээ байхгүй байна. Уг өвчин генетик шинжээрээ салхин цэцэгтэй төстэй байдаг учир салхи цэцгээс хамгаалах зорилгоор боловсруулсан бэлдмэл, вирусийн эсрэг эм, вакцинаар халдвараас урьдчилан сэргийлж, эмчилж болох аж.
                 Эмчилгээний явцад нүүр, гарын алга, хөлийн ул, амны хөндий, бэлэг эрхтэн, нүдний салст бүрхэвч зэрэг биеийн хэсэгт гарсан тууралт хатаж унадаг. Зарим тохиолдолд тууралтаас сорив үлдэх, өвчний хүнд үед өвчтөний биеийн хэсэг өөрчлөгдөж, гажигтай болж болзошгүйг АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан анхааруулгад тусгасан байна.

СУДАЛГАА: Сармагчны цэцэг өвчний нас баралтын түвшин 3-6 хувь байдаг

Сармагчны цэцэг өвчнөөр халдварласан хүүхдүүдийн бие хүндрэх магадлал өндөр байдаг аж. Ингэхдээ хувь хүний дархлаа, халдварын хэмжээ, эрүүл мэндийн байдлаас шалтгаалдаг. Уг өвчин хүндэрч эхлэхэд бронхопневмони, сепсис, энцефалит, нүдний эвэрлэг бүрхэвчийн халдвар, хараа муудах зэрэг хоёрдогч халдвар илэрч байгаа юм. Өмнө нь буюу 1980-аад онд сармагчны цэцэг өвчнөөр халдварласан нийт хүн амын 0-11 хувь нас бардаг байсан бол шинэ судалгаагаар 3-6 хувь болсон байна.

-САРМАГЧНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙГ ТАХАЛ ГЭЖ ЗАРЛАЛАА-

Хамгийн сүүллийн мэдээллээр Турк, Сингапур, БНСУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлууд бүртгэгдээд байна. Эрх баригчдын зүгээс болзошгүй аюулаас сэргийлж, орон нутагтаа хэсэгчилсэн хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа юм.
                 ДЭМБ-аас эрдэмтэн, шинжээчдийн дунд шуурхай хурал зарлан хуралдаж, нийтийг хамарсан вакцинжуулалт хийх шаардлагагүй гэж үзсэн. Тэгвэл түүнээс хойш Африкийн орнуудад сармагчны цэцэг өвчний дэгдэлт гаарч, хэд хэдэн орон вакцин импортлох шийдвэр гаргаад байна. Мөн хамгийн сүүлд уг өвчнөөр халдварласан бага насны хүүхэд Нигери Улсад нас барсан юм.
ДЭМБ-аас илрүүлэх шинжилгээ эрчимжүүлэх, эрт илрүүлэхийг уриалж байгаа бол нөгөөтээгүүр ДЭМС буюу Дэлхийн эрүүл мэндийн сүлжээнээс сармагны цэцэг өвчнийг цар тахал гэж зарлаад байна. Сармагчны цэцэг өвчин бүртгэгдсэн олонх орон нь Африкийн нутгаар аялсан эсвэл тухайн орны жуулчныг хүлээн авснаар дэгдсэн учир олон улсын нислэг, жуулчин хүлээн авах асуудалд анхааралтай байхыг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байгаа юм.
 
https://ergelt.mn/news/27/single/22749

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан