Г.АНАР: Элэгний В вирус нь халдвартай эх төрөх үед нярайд халдах болон бэлгийн замаар халдах нь их байна

ДЭМБ-аас жил бүрийн 7 сарын 28-ны өдрийг “Дэлхийн гепатитын өдөр” болгон жил бүр өөр өөр уриатайгаар элэгний эмгэг, түүний хүндрэлүүдээс сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулан тэмдэглэж өнгөрүүлдэг. Энэ жил “Бүү хүлээ, оношлуул, эмчлүүл” гэсэн уриан дор дэлхийн өнцөг булан бүрт энэхүү өдрийг тэмдэглэж байна. Тэгвэл бид энэ удаад элэгний В вирусийн халдвартай жирэмсэн эхийн хяналт, эмчилгээ, эхээс урагт дамжих халдвараас хэрхэн сэргийлэх талаар Гастроэнтерологийн төвийн эмч, АУ-ны доктор Г. Анараас тодрууллаа.  
-Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өчигдөр болсон “Дэлхийн гепатитын өдөр”-ийн талаар товчхон мэдээлэл өгөөч.
-Сайн байна уу. Өчигдөр дэлхийн элэгний үрэвсэлтэй тэмцдэг өдөр тохиосон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилж, зохион байгуулдаг тус өдөр энэ жил 20 дахь жилдээ зохиогдож байна. Монгол улсад элэгний өвчний нас баралт бүх нас баралтын 20 орчим хувийг эзэлдэг. Статистикаас харахад манайд элэгний өвчин дэлхийн дунджаас зургаа дахин их, элэгний хавдрын нас баралтаар дэлхийд номер нэгт байдаг. Элэгний В, С , D вирус Монгол улсад маш өргөн тархсан байдаг учраас Монголын эрүүл мэндийн салбарт, ард иргэд, гэр бүлүүдэд их том ачаалал, өвчин зовлон, уй гашууг авчирдаг. Энэ өвчинтэй зөвхөн анагаах ухаан, эмч нарын зүгээс тэмцээд зогсохгүй, өвчтөнүүд нь өөрсдөө мэдээлэлтэй, хариуцлагатай байж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, арга хэмжээ авах ёстой. Дэлхийн хепатиттэй тэмцэх өдөр нь хүн амд өвчний талаар мэдээлэл өгөх, эрүүл мэнддээ анхаарал тавихад нь туслах зорилготой өдөр юм.
-Хепаттит өвчинд хамгийн их эрсдэлтэй хүмүүс бол жирэмсэн эхчүүд байдаг. В вирустай жирэмсэн эхчүүд энэ вирусээр өвчилж жирэмсэлсэн тохиолдолд гарах асуудлууд болон сөрөг үр дагавар ямар байх вэ? Энэ талаар?
-Монгол улсын элэгний хавдар, хатуурлын шалтгааны бараг 95 орчим хувь нь элэгний В, С, D вирусээс шалтгаалдаг. С вирус бол эмээр эмчлэх боломжтой болсон. В болон делта вирус бол том асуудал хэвээрээ байгаа.
Хамгийн эхлээд бид халдвар тархах нөхцлийг зогсоох хэрэгтэй. Халдвар тархах хоёр зам байдаг. Нэг нь халдвартай эхээс төрөх явцад нярай халдвар авах тохиолдол. Нөгөөх нь насанд хүрсэн залуучууд бэлгийн замаар авах, бохир мэс заслын багаж, гоо сайхан гэсэн замуудаар дамждаг. Монгол Улс шиг В вирус өргөн тархсан газар бол эхээс хүүхдэд дамжих зам нь хамгийн чухал халдварын зам болдог. Энэ замыг таслан зогсоож байж бид халдвараа хяналтад авч чадна. Монголчуудын дунд насанд хүрсэн хүмүүсийн 10 гаруй хувь нь В вирусын халдвар авсан, архаг халдвартай гэж яригддаг. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд ч гэсэн их өндөр тоотой байдаг. Жирэмсэн болсон бол хамгийн түрүүнд жирэмснийхээ хяналтад ороорой. Жирэмсний хяналтад ороход хамгийн түрүүнд В, С  вирусын шинжилгээ авдаг. Хэрвээ В, С вирусын түргэвчилсэн шинжилгээ эерэг гарвал, ПСР-ийн шинжилгээ өгнө. В, С вирусийн эмийг улсаас үнэгүй, хөнгөлттэй үнээр өгч байгаа. Бүх шинжилгээнүүд даатгалд хамрагдсан. Тэгэхээр та бүхэн санхүүгийн асуудалд санаа зовохгүй, энэ өвчнөөс өөрийгөө хамгаалж болох юм шүү. Зөвхөн өөрийгөө биш үр хүүхдээ, гэр бүлээ хамгаалах боломжтой шүү гэдгийг хэлмээр байна.
-Жирэмсний хэдээс хэдэн сартайд эмчилгээг эхлэх вэ? Ямар төрлийн эмчилгээг, хэдий хугацаанд хийх вэ? Энэ нь урагт ямар нэгэн сөрөг нөлөө байгаа юу?
-Хэрвээ В вирус нь идэвхжилттэй гарсан бол жирэмсэн эх В вирусын эм ууж, төрөхөөсөө өмнө вирусийн ачааллыг бууруулах хэрэгтэй. Өндөр ачаалалтай байвал нярай халдвар авах эрсдэл нь өндөр байна.
Тиймээс ДЭМБ-ын зөвлөж байгаагийн дагуу жирэмсний зургаан сараас  хойш Тенафовир гэдэг эм уухыг зөвлөдөг. Энэ нь урагт гаж нөлөөгүй. Хоёрдугаарт, хэрвээ В вирустай,  хүүхэд төрүүлж байгаа бол вакциныг тариулахаас  гадна төрөх замаар халдвар авах эрсдэлийг бууруулдаг Хеппабэ вакциныг тариулах хэрэгтэй.
Энэ тариа нь сүүлийн үед манай улсад эрчтэй нэвтэрч байна. 2019 оноос  хойш Эрүүл мэндийн сайдын тушаалаар энэ вакциныг хийхийг зөвлөж байгаа. Хэрвээ та вирустай байгаад, таны төрөх эмнэлэг дээр Хеппабэ гэдэг тариа байхгүй бол өөрийнхөө мөнгөөр ч болтугай аваад хүүхдэдээ хийлгээрэй.  Энэ вакцин нь эхээс урагт халдах халдварыг 80–90 хувь хамгаалах чадалтай.
-Хүүхдэд халдварлах тохиолдол төрөх замаар тохиолддог гэж байна. Үүнээс гадна, ихсээр дамжин урагт халдах боломжтой юу?
-Боломжтой. Гэхдээ халдвартай эхээс гарч байгаа бол хүүхэд нь халдвартай гэсэн үг биш. Эх нь В вирусийн  халдвартай байгаад хүүхэд нь халдваргүй гарах тохиолдол олон байдаг. Гэхдээ төрөх үед олон л зүйл болж болно. Цус  холилдох, ихэс цус алдах зэрэг зөндөө хүндрэл гарч болно, тэр болгонд авах эрсдэл бий.
-Ямар нэгэн халдварт өвчний үед дөнгөж төрсөн нярайг хөхөөр хооллохыг хориглох заалтууд байдаг. Элэгний В вирустай хүн хүүхдээ төрүүлчихээд хөхөөрөө хооллох боломжтой юу? Ер нь хөхний  сүүгээр В вирус дамжина гэсэн ойлголт байгаа юу?
-Дамжих эрсдэл байдаг. Гэхдээ ДЭМБ-ын зөвлөж байгаагаар В вирусийн халдвартай бол хүүхдээ хөхөөр хооллож болно гэж зөвлөж байгаа. Мэдээж, хөхний толгой хагарах, цус гарах зэрэг өөр олон шалтгаанаар халдвар авах эрсдэл бий. Тэр эрсдэлийг бууруулахын тулд Хеппабэ вакциныг дахин хийхийг зөвлөөд байгаа юм. Мөн хүүхэд зөвхөн ээжээсээ биш, ах дүү нараасаа ахуйн замаар авч болно. Тийм учраас хамгаалалтаа хийгээрэй, вакцинаа тариулаарай гэж дахин дахин хэлмээр байна. Эхийн сүүгээр хооллож байгаа хүүхэд бол их олон давуу талтай байдаг.
Тэр олон давуу талыг алдахгүйн тулд  хүүхдээ хөхөөрөө хоолло, вакцинаа хийлгэ гэж зөвлөж байна.
-Урьдчилан сэргийлэх үзлэгийг хаана, хэрхэн хийлгэх боломжтой вэ?
-Дээр хэлсэнчлэн, халдвар тархах хоёр чухал зам байдаг. Нэг нь бол эхээс  хүүхдэд  халдах, хоёр дахь нь залуучууд, ялангуяа 20–30 насны залуучууд хамгийн их В вирусийн халдвар шинээр авч байна. Үүнийг судлаад үзэхэд, ихэнхдээ шалтгаан тодорхойгүй буюу юунаас болж авснаа мэдэхгүй байна гэж хүмүүс  ярьдаг. Би шүдээ янзлуулаагүй, би эмэгтэйчүүдийн эмнэлэгт очоогүй, би хагалгаа хийлгээгүй, би шивээс хийлгээгүй, би цус хийлгээгүй гэж хэлдэг. Тэгэхээр энэ нь ахуйн замаар ч юм уу бэлгийн замаар авах магадлал өндөр байна аа гэсэн үг. Хэрвээ та 2000 оноос өмнө төрсөн бол В вирусийн шинжилгээг өрхийн эмнэлэг дээрээ өгөөрэй. В вирусийн дархлаа бага байвал гурван тун вакцинаа хийлгээрэй. Гурван тун нь нийлээд 15,000 төгрөгийн өртөгтэй. Өөрөөр хэлбэл 15,000 төгрөг төлөөд элэг солих хагалгаанаас урьдчилан сэргийлж чадна гэсэн үг. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд В, С  вирусийн түргэвчилсэн тест, В, С вирусийн ПСР шинжилгээ болон эмнүүд нь бүгд даатгалаар үнэгүй хийгдэж байгаа. Тэгэхээр өрхийн эмч дээрээ  оч, шинжилгээгээ өг, хэрэгтэй бол ПСР-аа өг, бүр шаардлагатай бол эмээ уу. Заавал биеэр нь тарсан, хавдар болсон хойно нь, эсвэл гэдэс нь усаар дүүрсэн үедээ ирэх биш наана нь  арга хэмжээ авах хэрэгтэй. Та энэ бүхнийг мэдэх юм бол арга хэмжээ авч болно.
Монгол улсын анагаах ухаанд элэгний өвчнүүдтэй тэмцэх бүхий л арга байна. Вакцинаас авахуулаад элэг шилжүүлэн суулгах мэс засал хүртэл ЭМД-д хамрагдсан байгаа.
Мэдээж ачаалал бий, гэхдээ сэтгэлээр унаж гутралгүйгээр өөрийнхөө эрүүл мэндэд идэвхтэй бүтээлчээр хандаж шинжилгээгээ өгөөд оношлогоогоо хийлгээрэй гэж зөвлөе. Өөрөөр хэлбэл хүлээх  хэрэггүй, шинжилгээндээ хамрагдаж эмчилгээгээ  хийлгэх  хэрэгтэй.
-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл