ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч, анагаах ухааны магистр Г.Ням-Одтой ярилцлаа.
-Монгол Улс умайн хүзүүний хорт хавдраар Зүүн Азийн бүстээ өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна. Үүний шалтгаан нь юунаас болж байна вэ?
-Монгол Улсад нийт эрхтэн тогтолцооны хавдрын хувьд умайн хүзүүний хавдар сүүлийн таван жилийн хугацаанд элэг, ходоод, уушги, улаан хоолойн хавдрын араас орж байна. Мөн тохиолдол ихтэй хавдрын тоонд ордог. Сүүлийн 10 жилийн хугацаанд жилд оношлогдож байгаа умайн хүзүүн хавдар дунджаар 390 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байна. 2019 онд 333 умайн хүзүүн хавдар оношлогдсоноос 149 нь хожуу шатандаа орсон. Монгол Улс 2012 оноос хөх болон умайн хүзүүний хавдрын эсрэг үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүгээр эмэгтэйчүүдийг энэ хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор 30-60 насныхан гурван жилийн зайтай сум, өрхийн эмнэлэгтээ үзүүлэх ёстой. 2012 оноос эрт илрүүлэг үзлэг хийснээс хойш сүүлийн 10 жилийн хугацаанд эрт илрүүлгийн үзлэгийн хөтөлбөрийн дундаж хувь 40 хүрэхгүй байгаа. 2019 онд хамрагдах ёстой эмэгтэйчүүдийн 38.6 хувь нь эсийн шинжилгээнд хамрагдаад үлдсэн 62 орчим хувь нь эсийн шинжилгээнд хамрагдаагүй.
-Яагаад хожуу шатандаа оношлогдоод байна?
-Хувь хүнээс хамаарч байна. Эсийн шинжилгээнд хамрагдаж үзүүлдэггүй. Мөн эрүүл мэндийн тогтолцоо, эрт илрүүлгийн хөтөлбөрт тодорхой хэмжээний асуудал байж магадгүй. Өндөр хөгжилтэй оронд эрт илрүүлгийн хөтөлбөрт умайн хүзүүний эсийн шинжилгээнээс гадна хүний хөхөнцөр вирус байна уу, үгүй юу гэдгийг үздэг тестийг 21 наснаас нь авдаг. Манай улсын хувьд эрт илрүүлгийн хөтөлбөр 30-60 насны хооронд гурван жилийн давтамжтай байгаа. Умайн хүзүүн хавдар үүсгэх олон шалтгаан бий. Дэлхий дахинд цөөн хэдэн хавдрын шалтгаан тодорхой болсон. Үүний нэг нь умайн хүзүүн хавдар байгаа. Умайн хүзүүний хортой хавдар үүнээс үүсэлтэй гэдгийг бүрэн судалсан буюу 100 хувь сэргийлэх боломжтой. Мөн тухайн эмэгтэй 16, 18 наснаас өмнө эрт бэлгийн харьцаанд орох, тамхи татах, жирэмснээс хамгаалах дааврын эмийг удаан хугацаагаар хэрэглэх, бэлгийн замын халдварт өвчнүүдээр өвчлөх нь эрсдэл болдог. Хоол хүнс, биеийн эрүүл мэнд, дархлааны асуудал байгаа.
Умайн хүзүүний хорт хавдар үүсэхэд хүний хөхөнцөр вирус үндсэн том шалтгаан болдгийг эрдэмтэд судлаад гаргаж ирсэн. Тухайлбал, дэлхийн 22 орны умайн хүзүүний хавдартай 1000 эмэгтэйгээс эдийн шинжилгээнд хүний хөхөнцөр вирус байна уу гэж үзэхэд 99.7 хувьд нь илэрсэн.
Тэгэхээр умайн хүзүүний хавдар үүсэхэд хүний хөхөнцөр вирус байна гээд дэлхий дахин судалсан. Үүний эсрэг 2006 онд Германы эрдэмтэн хүний хөхөнцөр вирусаар вакцин гаргаад 2008 онд Нобелийн шагнал хүртсэн.
-Хүний хөхөнцөр вирус яаж дамждаг юм бэ?
-Энэ вирус нь бэлгийн замаар дамждаг. Бэлгийн хавьтлын үед эмэгтэй хүн эрэгтэйгээсээ, эрэгтэй хүн эмэгтэйгээсээ авдаг гэсэн үг. Эмэгтэй хүнд умайн хүзүү байдаг болохоор хавдар үүсгэдэг. Харин эрчүүд тээгч байдаг. Эрчүүдэд бас хавдар үүсэх эрсдэл бий. Энэ нь ам залгиур, шулуун гэдэс, эр бэлэг эрхтэний хортой хавдар үүсэх эрсдэл 20-70 хувьтай байдаг. Эмэгтэйчүүдэд ч гэсэн умайн хүзүүн хавдраас гадна үтрээ, бэлгийн их, бага уруул, ам залгиур, шулуун гэдэсний хавдар үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
-Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Хэдэн насныханд илүү тохиолддог юм бол?
-Хоёр урьдчилан сэргийлэлт бий. Нэгдүгээрт, анхдагч болон хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэж. Анхдагч урьдчилан сэргийлэлт нь хавдар үүсгэж байгаа хүний хөхөнцөр вирус бэлгийн замаар дамжиж байгаа учраас бэлгийн зан үйлийн өөрчлөлт буюу нэг бэлгийн хавьтагчтай байх. Хэрэв олон хавьтагчтай байх, нөгөөдөх нь цаанаа өөр олон хавьтагчтай байвал хүний хөхөнцөр вирусын халдвар авах эрсдэл нэмэгдэнэ. Хоёрдугаарт, тохиолдлын бэлгийн харилцаа байгаа үед бэлгэвч хэрэглэхийг зөвлөдөг. Мөн хүний хөхөнцөр вирусын вакцин. Өнгөрсөн оны байдлаар дэлхийн 122 оронд хүний хөхөнцөр вирусын эсрэг вакциныг 9-14 насны охидуудад хийж байна. Өндөр хөгжилтэй зарим оронд хөвгүүддээ хийж байгаа. Манай оронд вакцин байхгүй.
Анхдагч урьдчилан сэргийлэлтийн хувьд бэлгийн зан үйлийн өөрчлөлт, бэлгэвч хэрэглэ, вакцин тариул. Нэгэнт вакцин байхгүй үед хоёрдогч урьдчилан сэргийлэлт гэж байдаг. Монгол Улсын үндэсний хөтөлбөрт умайн хүзүүний хавдраас сэргийлээд 30-60 насны хооронд гурван жилийн зайтай эсийн шинжилгээ өгөх. Энэ хөтөлбөрт тогтмол хамрагдах хэрэгтэй. Үзүүлж байгаа эмэгтэйчүүдийн 50-60 хувь нь оношлогдож байгаагийн ихэнх нь өмнө нь шинжилгээ өгч байгаагүй, мэддэг ч өгөөгүй байдаг. Хамгийн элбэг тохиолдож байгаа нь 45-50 насныхан байна. 2019 онд 50-аас дээш насныханд илүү тохиолдсон. Учир нь өөрийгөө цэвэршчихээр эмэгтэйчүүдийн асуудал гайгүй гэж бодоод үзүүлдэггүй. Тиймээс хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн хувьд эсийн шинжилгээгээр товлолт нас буюу гурван жилийн давтамжтай өгч хэвших хэрэгтэй. Энэ вирусыг үздэг тест байдаг. Бэлгийн харилцаанд орсон хүн бүр хүний хөхөнцөр вирусын тестээр үзэж болно. Монголд албан ёсоор үндэсний хөтөлбөрт оруулаад үзэж байгаа юм алга. 2019 онд ХСҮТ хүний хөхөнцөр вирус байгааг тестээр үзэж байна. Улаанбаатар хотын ихэнх хувийн эмнэлэгт хүний хөхөнцөр вирусын халдвар байна уу гэдгийг төлбөртэй үзэж байгаа. Хувь хүн өөрөө хүсвэл энэ шинжилгээнд хамрагдаж болно. Үүнийг албан ёсоор эрүүл мэндийн даатгалд оруулаад умайн хүзүүний эсийн шинжилгээг үнэгүй авдагтай адил хөтөлбөрт нь албан ёсоор ороогүй. Дэлхийн өндөр хөгжилтэй оронд умайн хүзүүн хавдраас эрт илрүүлэх зорилгоор 21 наснаас нь эхэлж байгаа. 21 настай эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хөхөнцөр байна уу гэдгийг тестээр үзэхийн хажуугаар давхар эсийн шинжилгээ авдаг. Хэрэв тестээр үзээд байхгүй бол таван жил айлтгүй. Манайд энэ тест байдаг ч товлолт насанд нь оруулаагүй. Тухайн эмэгтэй эрт илрүүлгийн хөтөлбөр гэхээс илүү боломжтой бол жилд 1-2 удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байх хэрэгтэй.
-Эсийн шинжилгээгээ хаана өгөх вэ?
-Эмнэлэг гурван шатлалтай. Эхний шатлал нь Өрхийн эрүүл мэндийн төв. Үндэсний хөтөлбөрт тухайн амьдарч байгаа өрх, Улаанбаатарт бол дүүргийн өрхийн эмнэлэг, аймаг, сумын өрхийн эмнэлэгт үнэгүй хамрагдана. Өрх дээр авсан эсийн шинжилгээ өөрчлөлттэй гарвал сумынх аймаг руугаа, аймаг нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүд рүү, Улаанбаатарт өрхөд өгсөн эсийн шинжилгээнд өөрчлөлт гарсан бол дүүргийнхээ нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүд рүү явна гэсэн үг. Аймаг болон дүүргийн эмэгтэйчүүдийн эмч нь тухайн эсийн шинжилгээг үндэслээд дахиж авах уу, шаардлагатай бол ХСҮТ руу явуулна. ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн хавдар судлаач эмч үзээд тухайн эмэгтэйд дурангийн шинжилгээ хийгээд дараагийн арга хэмжээг авна.
Умайн хүзүүн хавдраар 30-аас доош насныхан ч өвчилж байна. Манайх гурав дахь шатлалын эмнэлэг болохоор эсийн шинжилгээ өөрчлөлттэй гарсан хүнд үнэлэлт дүгнэлт өгөх, мэс заслын асуудлыг шийднэ. Манай эмнэлэгт жилд 200 орчим эмэгтэй умайн хүзүүн хортой хавдрын мэс засалд ордог. Үүний 40-50 нь 30 доош насныхан хорт хавдрын урьдал эмгэгээр эсвэл хорт хавдрын мэс засалд орж байна.
Хоёрдугаарт, эрт илрүүлгийн үндэсний хөтөлбөрт бусад оронтой адилхан хүний хөхөнцөр вирусыг үздэг тестийг оруулах хэрэгтэй.
Энэ тест өндөр өртөгтэй. Гадуур 120 мянгаар хийдэг. Нийгэм өөрчлөгдөж байна. Нөхөн үржихүй, бэлгийн харилцааны нас залуужлаа. 2019 онд ХСҮТ-д бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байгаа эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь 19-өөс доош насны охид байна.
-Монголын эмэг-тэйчүүдийн холбоотой хамтраад хавдрын эсрэг төсөл хэрэгжүүлсэн гэсэн. Энэ талаар?
-Жил бүрийн нэгдүгээр сард дэлхийн умайн хүзүүний хавдартай тэмцэх өдөр мөн жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд дэлхийн хорт хавдартай тэмцэх өдөр болдог. Энэ өдрийг тохиолдуулаад Монголын эмэгтэйчүүдийн холбооноос ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасагтай хамтран 21 аймаг, есөн дүүргийн 330 гаруй эмэгтэйг хамруулсан “Умайн хүзүүн хавдрын эрт илрүүлгийн ач холбогдол” сэдэвтэй хоёр өдрийн цахим лекцийг зохион байгуулсан. Бид “НОРЕ” төслийг эхлүүлсэн, цаашид ч үргэлжилнэ. Аймаг, дүүрэг, 330 гаруй суманд эмэгтэйчүүдийн холбоодын гишүүд байдаг. Энэ гишүүд харьяалагдах өрхийн эмнэлгүүд, эмэгтэйчүүдэд эрт илрүүлгийн талаар зааж мэдснээ зөвлөх, мэдээ мэдээллийг хүргэх юм. Ингэснээр умайн хүзүүн хавдрын эрт илрүүлгийн ач холбогдлыг танилцуулах, эсийн шинжилгээнд хамрагдах хувь, боломжийг нэмэх юм. Бидний зорилго бол эмэгтэй та умайн хүзүүн хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор эсийн шинжилгээндээ хамрагдаж хэвшээчээ гэдэг гол санаа байлаа. Цар тахал намжвал Эмэгтэйчүүдийн холбооны санаачлагаар 21 аймаг, 330 сумыг хамарсан умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой лекц, сургалт, семинарыг хийнэ. Эмэгтэйчүүдийн холбоо эмэгтэйчүүдийн хавдар гэхээс илүү нийт хавдарт ач холбогдол өгч энэ талаарх мэдээ мэдээллийг иргэдэд хүргэнэ.
Р.ОюунЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин