Израилд “Pfizer”-ийн вакцин хийлгэсэн 600 мянга гаруй хүнд хийсэн судалгаагаар 21 хүн “COVID-19”-ийн улмаас эмнэлэгт хүргэгдсэнээр уг вакцин 95 хувийн үр дүн үзүүллээ гэж тус улсын “Maccabi” эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагаас мэдээлжээ.
Хэдийгээр энэ нь урьдчилсан дүн хэдий ч “Pfizer/BioNTech”-ийн вакцин өнгөрсөн жил явуулсан эмнэлзүйн туршилтынхтайгаа ижил үр дүн үзүүлж байгааг харуулжээ. “Maccabi” 602 мянган гишүүнийхээ мэдээлэлд дүгнэлт хийхэд долоон хүнд халдвар хүндээр, гурван хүнд дунд хэлбэрээр, 11 хүнд хөнгөн хэлбэрээр илэрч эмнэлэгт хэвтсэн байна.
“COVID-19”-ийн улмаас эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүд бүгд 50-иас дээш насны хүмүүс байсан бөгөөд тэн хагас нь архаг хууч өвчтэй байсан гэж “Maccabi” эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Идо Хадари мэдээлсэн байна.
Мөн вакцин хийлгэсэн 602 мянган гишүүний 608 нь “COVID-19”-өөр халдварлажээ. “Maccabi” гишүүдээ тогтмол шинжилгээнд хамруулаагүй бөгөөд халдвар илэрсэн хүмүүсийн 35 хувь нь шинж тэмдэг илэрсэн тул шинжилгээ өгсөн бол үлдсэн 65 хувь нь халдвар авсан хүнтэй ойр байсан тул шинжилгээ хийлгэжээ.
“Maccabi” энэхүү дүнг вакцин хийлгээгүй 528 мянган гишүүнийхээ үзүүлэлттэй харьцуулахад тэдний 20621 нь халдвар авчээ. Тус байгууллагын дүгнэлт нь Израилын “Clalit” эрүүл мэндийн байгууллагын өнгөрсөн ням гарагт танилцуулсан дүгнэлттэй/94хувь/ойролцоо байжээ. “Pfizer”-ийн вакцин эмнэлзүйн туршилтаараа мөн ижил үр дүн үзүүлсэн билээ.