Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл коронавирусийн эргэн тойронд хийж буй дэлхийн зарим судалгааны үр дүнг танилцууллаа.
АНУ болон Итали улсад хоорондоо хамааралгүй хийсэн судалгаагаар ижилхэн дүн гарчээ. Энэ нь 5 хүртэлх насны хүүхдийн хамар залгиурт вирус насанд хүрэгчдээс 10-100 дахин их байгааг тогтоожээ. Хүүхдүүд хөнгөн балархай хэлбэрээр өвдөж байгаа ч цаашдаа халдвар тараах эрсдэл өндөр байна. Мөн 14 хүртэлх насны хүүхдүүд насанд хүрэгчдээс 2 дахин илүү вирус тээх магадлалтайг тогтоосон.
БНСУ-ын эрдэмтдийн судалгаагаар халдварын 30 гаруй хувь нь шинж тэмдэггүй байгааг тогтоосон байна. Гэвч халдвар тараах эрсдэл нь адилхан байгааг онцолжээ.
БНХАУ-ын хоёр хотын эрх баригчид импортын хөлдөөсөн хоол болон хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илрүүлсэн байна. Тодруулбал, Бразилаас Шинжаан хот руу ирүүлсэн хөлдөөсөн тахианы далавч, Эквадороос Айхун муж руу тээвэрлэсэн сам хорхойноос коронавирус илэрчээ. Иймд, хүнсний бүтээгдэхүүнийг сайтар угааж хэрэглэх, түүнчлэн гүйцэд болгож идэх нь чухал гэлээ.