Японы “Fujifilm” компанийн гарган авсан “Авиган” хэмээх томууны эм шинэ коронавирусээр халдварласан өвчтөнүүдийг эмчлэхэд үр дүнтэй эсэх нь хараахан тодорхой болоогүй байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Эрүүл мэндийн яаманд танилцуулсан “Авиган” эмийн эмнэлзүйн туршилтуудын эхний үр дүнгээс үзэхэд, уг эм коронавирусний тархалтыг бууруулдаг гэх тодорхой нотолгоо байхгүй байжээ. Халдвар авсан хөнгөн хийгээд шинж тэмдэггүй 86 хүн оролцсон эмнэлзүйн туршилтуудыг Айчи муж дахь “Fujita” анагаах ухааны их сургуулийн эмнэлэг болон бусад хүрээлэнд явуулсан байна.
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо “Авиган”-ыг коронавирусээр халдварласан хүмүүсийг эмчлэхэд ашиглах зөвшөөрлийг энэ сарын эцсээр олгоно хэмээн найдаж буйгаа өмнө нь илэрхийлсэн юм. "Энэхүү эмийг өндөр үр дүнтэй гэх нотолгоо одоогийн байдлаар байхгүй байна. Цаашид нарийвчлан судлах шаардлагатай" гэж “Jichi” анагаах ухааны их сургуулийн дэд профессор Дайсүкэ Тамүра мэдээлжээ.