Хөххотод “оторлосон” тэмээчин айл

“Усны тунгалаг, өвсний соргогийг даган нүүнэ” гэхээс “зах зээлийг даган нүүнэ” гэхийг та сонсож байсан уу?

 

 

 

Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа баруун хошууны малчин Энхбуян зах зээлээ даган Хөххотод “оторлож ирсэн” нь орчин цагийн малчид цаг үеийнхээ өнгийг дагаж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэн урагшилж буйн бодит жишээ болжээ.

 

Өвөр Монголын Алшаа аймгийн Алшаа баруун хошууны Алтанцог сумын Наранбулаг багаас Хөххотын Аовэй адууны соёлын суурин орчим “оторлож” ирсэн тэмээчин айлын эзэн Энхбуянтай бид намрын налгар өдрүүдэд уулзсан юм.

 

 

- Хөргүүртэй машин өдөр бүр нэг удаа ирдэг. Бид ингэний сүүгээ үүгээр хүргүүлдэг. Зарим хүмүүс өөрсдөө ирж шууд аваад явдаг. Бид энэ оны зургадугаар сард арав гаруй тэмээтэйгээ Хөххотын орчимд ирсэн. Завсрын наймайчин дамжуулахгүйгээр ингэний сүүгээ шууд борлуулдаг болсон байна гэж Энхбуян танилцууллаа.

 

2019 оны үеэр Энхбуян хүүхдээ Хөххотод сургуульд оруулахаар ирэхдээ Хөххотод олон хүн мөнгөтэй, худалдан авах эрэлттэй хэдий ч шинэ ингэний сүү худалдаж авах газар ховор байгааг анзаарчээ.

“Тэр үед зарим хүн намайг Алшаа, Хөххотын хооронд байнга зорчдогийг мэдээд ингэний сүү захиалж эхэлсэн. Захиалга нь өдөр ирэх тусам нэмэгдсэн” гэж тэрээр ярив.

 

Ингээд Энхбуян Хөххотын орчимд ингэний сүү борлуулахаар шийджээ. Хэдэн жилийн шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд энэ жил Хөххотын ойролцоох Аовэй адууны соёлын балгасны орчмоос хэсэг нутгийг жилд 60 мянган юаниар түрээслэн авч, мөн 20 гаруй мянган юанийн хөрөнгө оруулалт хийжээ.

 

“Бид ингээг өдөрт хоёр удаа сааж, өдөрт 30-35 килограмм ингэний сүү борлуулдаг. Мөн Гувийн улаан тэмээ компанитай хамтран ажиллаж, ингэний сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай ингэний сүү Хөххотын Монгол хот зэрэг хэд хэдэн худалдааны газраар дамжин зах зээлд гардаг. Одоогоор ингэний сүүний үйлдвэрлэл захиалгын эрэлтийг хангаж чадахгүй байна” гэж Энхбуян хэллээ.

 

Өдгөө Энхбуян Хөххотод олон хэрэглэгчтэй болж, хоёр сарын хугацаанд 10 мянга гаруй юанийн үнэ бүхий ингэний сүү борлуулжээ. Үүнээс гадна тэрээр Аовэй адууны соёлын суурины аялал жуулчлалын нөөцийг ашиглан гэр буудал ажиллуулж, зугаа цэнгэлийн төрөл бүрийн боломж бүрдүүлснээр жуулчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх шинэ сонголтыг бий болж байна.

 

“Хот суурин газрын зах зээл том. Хаашаа харсан ч орлого олох боломж их бий. Өдгөө би ингэний сүүгээ зарахаас гадна тэмээний махтай бууз, хорхог зэрэг Алшаа нутгийн онцлогтой хоол хүнс борлуулж байна. Мөн зургаан тэмээгээ жуулчдад унуулах зэргээр орлогоо нэмэгдүүлж байна” гэж Энхбуян ярив.

 

 

Редактор : Б.АРИУХАН
Зохиогч: ГАО ХУНЛЯНЬ, З.НАМАГ
Эх сурвалж : ӨМӨС
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан