Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон дөрвөн тосгоны эрүүл мэндийн төв энэ сарын 17, 18, 24, 25-ны бямба, ням гарагт 11:00-16:00 цагийн хооронд ажиллахаар болжээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатарын мэдээлснээр нийслэлд томуугийн өвчлөлийн 60 хүртэлх хувийг зургаа хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Өвчин нь хүндэрч эмнэлэгт хэвтсэн иргэдийн 80 гаруй хувь нь мөн энэ насныхан байна.
Сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлт арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос оргил үедээ хүрч байжээ. Энэ үед эмнэлгийн дуудлага 325-аас тав дахин нэмэгдэж, 1,592 орчимд хүрсэн байна.
Иймд нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн 29,315 хүүхдийг томуугийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөжээ. Мөн томуугийн дэгдэлтийн үед өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх гэрийн эргэлтийг 60 хувьд хүргэхээр ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа нутаг дэвсгэрийнхээ бага насны хүүхэдтэй өрхүүдтэй утсаар холбогдох юм.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ томуугийн эсрэг вакцинд хамруулахын тулд харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандах боломжтой. Харин эмнэлэгт очих боломжгүй тохиолдолд эмч, сувилагчдаас бүрдсэн явуулын баг гэрээр очиж вакцин хийхээр зохицуулжээ.
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалтын явц 90 гаруй хувьд хүрээд байна.
















































