ВАШИНГТОН./CNN/.БНХАУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад/ДЭМБ/шинэ коронавирусний халдварын анхны тохиолдлуудын талаар өнгөрсөн 12 дугаар сард мэдээлснээс хойш уг халдвар дэлхийн 210 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 1511000 хүн халдвар авчээ.
Цар тахал Антарктидаас бусад бүх тивд тархсан бөгөөд одоогийн байдлаар бүртгэгдсэн халдварын тохиолдол болон нас баралтын дийлэнх нь анх халдвар дэгдсэн эх газрын Хятадаас гадна бүртгэгдээд байна.
Хятад улсын хувьд 11 сая оршин суугчтай Хубэй мужид халдвар хамгийн их тархжээ. Халдварын тохиолдлуудын ихэнх нь Хубэй мужийн нийслэл Ухань хотод бүртгэгдсэн бөгөөд халдварын тархалтыг тус хотын зэрлэг амьтны захаас үүдэлтэй хэмээн үзэж байгаа юм.
Эх газрын Хятадад халдварын шинэ тохиолдлын тоо буурсаар байгаа бол үүнээс гадна бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо нэмэгдэж, Итали, Испани, АНУ тэргүүтэй орнуудад халдварын олон тохиолдол бүртгэгдсээр байна. Тэдгээрээс АНУ-д халдвар хамгийн их тархсан бөгөөд сүүлийн мэдээллээр тус улсад 430 мянга орчим хүн халдвар авч, 14695 хүн нас барсан байна.
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, вирус хэр аминд халтай эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд оношлогдохгүй байж болзошгүй хөнгөн шинж тэмдэгтэй юм уу шинж тэмдэггүй тохиолдол маш олон байгаа ажээ.
АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучи вирусний нас баралтын түвшнийг 2 орчим хувь хэмээн үзсэн бол ДЭМБ уг үзүүлэлтийг 3.4 хувь гэж тооцоолсон байна.
Одоогоор халдварын голомт болоод байгаа АНУ-д халдварыг хязгаарлахын тулд олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ халдвараас үүдэлтэй хохирол, үр дагаврыг бууруулахад голчлон анхаарч байна. Тус улсад өнгөрсөн гуравдугаар сарын 25-ны байдлаар 180 сая хүн буюу нийт хүн амын тэн хагасаас илүү хувьд гэртээ байхыг үүрэг болгожээ.