Updown.mn сайт нь уншигчид даа зориулан “Нийгмийн сэтгэл зүй” булангаар мэдээлэл хүргэдэг билээ. Өнөөдөр бид Сэтгэцийн өвчин гэж юу болох, үүнд яагаад анхаарал хандуулах ёстой талаар бэлтгэсэн мэдээллээ хүргэж байна.
Сэтгэцийн өвчин нь тухайн хүний сэтгэл хөдлөл бодол буюу зан үйлд нөлөөлөн уламжлалт итгэл үнэмшил бие хүний зан чанарыг алдагдуулж өөрийнх нь болон гэр бүлийн амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг өвчин юм.
Бүгд сэтгэцийн өвчинд нэрвэгдэж болно
Насанд хүрсэн таван хүний нэг нь амьдралынхаа явцад сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай учирдаг гэж тооцоо гарсан байдаг. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд хэчнээн дэлгэрсэн байгааг харуулж байна. Хэн нь ч гэсэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж шаналж болно.
Сэтгэцийн өвчнүүд нийгмийн эрүүл мэндэд их дарамт үзүүлдэг
Дэлхийн бараг бүх өнцөг буланд байдаг эрүүл мэндийн төвүүдэд явуулсан судалгааны дүн нь тэнд үйлчлүүлж буй бүх насанд хүрэгсдийн 40 хувь нь ямар нэгэн сэтгэцийн өвчнөөс болж шаналдгийг харуулж байна. Хот, дүүрэг, хорооны эмнэлгийн үйлчилгээ авч буй хүмүүсийн ихэнх нь “Сэтгэц биеийн” буюу өөрөөр нэрлэж болох биемахбодийн тодорхой бус зовиураар ирж ханддаг. Энэ хүмүүсийн ихэнх нь жинхэнээсээ сэтгэцийн өвчтэй байдаг.
Сэтгэцийн өвчнүүд хөдөлмөрийн чадварыг маш их алдагдуулдаг
Сэтгэцийн өвчнүүд бие мах бодийн өвчнийг бодвол арай хөнгөн байдаг гэсэн түгээмэл ойлголт байдаг ч гэсэн тэд үнэндээ маш хүнд хөдөлмөрийн чадвар алдагдуулдаг. Эдгээр нь мөн амиа хорлох буюу осол гэмтлийн улмаас үхэлд хүргэх магадлалтай. Зарим хүмүүс сэтгэцийн өвчнөөс гадна биемахбодийн өвчнөөр давхар өвчилж байдаг бөгөөд ингэснээр сэтгэцийн өвчин нь биемахбодийн өвчнийг улам хүндрүүлж болно.
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлага хангахгүй байна
Ихэнх улс орнуудад сэтгэц гэм судлалын эмч, сэтгэл зүйч, сэтгэцийн эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүд маш их дутагдалтай байдаг. Эдгээр мэргэжилтнүүд сэтгэцийн маш хүнд эмгэгүүд /солиорол/-тэй хүмүүсийг эмчлэхэд ихэнх цагаа зарцуулдаг. Энэ төрлийн эмгэгүүд ховор байдаг боловч энгийн хүмүүс үүнийг л сэтгэцийн өвчтэй холбож ойлгодог. Илүү түгээмэл сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, тухайлбал сэтгэл гутрал буюу архинд донтох өвчтэй хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнээс зөвлөгөө авахаар ирэхгүй. Тэгэхээр анхдагч төвшинд тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн ажилтнууд эдгээр өвчнийг эмчлэх хамгийн их боломжтой байдаг аж.
Сэтгэцийн эрүүл мэндэд юу нөлөөлж байна вэ?
Дэлхийн олон нийгэмд эдийн засаг, нийгмийн эрс өөрчлөлтүүд явагдаж байна. Хурдацтай хөгжил, хотжилт, дотоод цагаачлал, орлогын төвшний зөрөө ихсэх, ажилгүйдэл ба хүчирхийллийн төвшин өсч байгаагийн үр дүнд нийгэм хамт олны нийгмийн бүтэц өөрчлөгдөж байна. Эдгээр хүчин зүйлүүд сэтгэцийн эрүүл мэндийг доройтуулахад нөлөөлж байна.
Сэтгэцийн өвчин ад үзэгдэхэд хүргэдэг
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн ихэнх нь үүнийг хэзээ ч хүнд хэлэхгүй. Нийгэм хамт олон, гэр бүлийнхэн сэтгэцийн өвчтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах нь элбэг байдаг. Мөн эрүүл мэндийн ажилтнууд ч тэдэнд өрөвдөн хайрлах сэтгэлээр ханддаггүй.
Сэтгэцийн өвчнийг энгийн, харьцангуй хямд төсөр аргаар эмчилж болно
Зарим сэтгэцийн өвчнийг “эмчилж” болдоггүй гэдэг нь үнэн. Гэхдээ хорт хавдар, чихрийн шижин, цусны даралт ихсэх, хэрлэгт үений үрэвсэл зэрэг биемахбодийн өвчнүүдийг бас эмчилж болдоггүй. Гэвч ийм өвчтэй хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулж болдогтой адил сэтгэцийн өвчнийг ч бас хөнгөвчилж болдог байна.
Дараагийн удаа бид Сэтгэцийн өвчин илрэх шинж тэмдгүүдийг хүргэх болно.
Бэлтгэсэн: Н.Батаа