Санхүүжилтгүйн улмаас зогсоосон эрт илрүүлэх үзлэгийг орон даяар дахин эхлүүлэхээр бэлдэж буй талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Тэрбээр “Урьдчилан сэргийлэх үзлэгийг энэ удаа илүү оновчтой буюу хүн амын нас, хүйс, тодорхой бүлэгт тулгуурлан явуулна. Тодруулбал, бүх нярайг скрининг шинжилгээнд хамруулах юм. ЭХЭМҮТ бодисын солилцооны 20 гаруй өвчнийг илрүүлдэг оношилгооны аппараттай болсон. Үүний тусламжтайгаар жилд төрж буй 60 гаруй мянган нярайг эл оношилгоонд хамруулна. Дөнгөж төрсөн хүүхдийн тавхайд ганцхан хатгаад л шинжилгээ авч, үүнийгээ ЭХЭМҮТ-д илгээх юм. Мөн онош нь тодорхойгүй, жиндээ хүрдэггүй, зүрхний гажиг, түнхний мултрал, нярайн шарлалтын хүндрэл зэргийг илрүүлнэ. Цэцэрлэг, сургуульд суурилсан бага насны хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийг үргэлжлүүлнэ. Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэнд болон биеийн хөгжилд нь илүү анхаарч ажиллана. Хорт хавдрын эрт илрүүлгийг илүү оновчтойгоор хийхээр төлөвлөсөн. В, С вирусгүй, архаг халдваргүй хүн элэгний хавдраар өвчлөхгүй. Иймд вирустэй, эсэхийг илрүүлэх нь чухал. Ходоод, уушги, умайн хүзүү, хөхний хорт хавдрыг илрүүлэхдээ эрсдэлтэй бүлэгт суурилна” гэв.
Ч.Цэлмэг
https://www.unuudur.mn/a/279964














































