Улирлын томуу болон коронавирус гэсэн хоёр халдвараас нэгэн зэрэг сэргийлэх хосолсон вакцин ирэх оны сүүл гэхэд бэлэн болж магадгүй гэнэ. Энэ талаар Гамалеягийн нэрэмжит эрдэм шинжилгээ судалгааны төвийн захирал Александр Гинцбург мэдээлснийг Регнум агентлаг дамжуулжээ. Гинбургийн өгүүлснээр, хосолсон вакцин гарган авах технологи хэдийнэ боловсруулагдсан, одоо эрдэмтэд томууны вирус болон COVID-19-ийн төрөл бүрийн штаммд дасан зохицуулах тал дээр ажиллаж байгаа гэнэ.
"Одоо бидэнд байгаа штаммууд дээр ажиллан, боловсруулж байна. Дараа нь шаардлагатай штаммуудыг оруулна. Эмнэлзүйн туршилтуудыг ирэх оны эхээр эхлүүлнэ" хэмээн Гинцбург мэдээлжээ.
Гамалеягийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны төв хосолмол вакцин гарган авахаар ажлаа эхлүүлсэн талаар Александр Гинцбург өнгөрсөн оны есдүгээр сард мэдээлж байлаа. Түүнчлэн Смородинцевийн нэрэмжит эрдэм шинжилгээ, судалгааны төв ч хосолмол вакцин гарган авахаар ажиллаж байгаа юм байна.