Х.Мөнгөн-Өлзий: Зүрхний хэм алдалтын эмчилгээг цаг алдалгүй Монголдоо нэвтрүүлж чадсан


Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрхний хэм алдагдалтай хүмүүст бичил пейсмейкер суулгах мэс заслыг хийж эхэлжээ. Өнгөрсөн наймдугаар сарын 28-нд зүрхний хэт цөөн цохилтыг тогтмолжуулах бичил суулгацыг амжилттай суулгаж, Монголдоо анх удаа энэ төрлийн эмчилгээг амжилттай нэвтрүүлж чадсан байна. Анхны мэс заслыг тус эмнэлгийн харьяа Зүрх судасны үндэсний төвийн дарга, зүрхний хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзий ахалж, баг бүрэлдэхүүний хамтаар хийсэн. Бичил пейсмейкер суулгацыг зүрхний хэм алдагдалтай судасны өөрчлөлттэй, халдварын болон цус алдах эрсдэл өндөр зэрэг шалтгаанаар уламжлалт пейсмейкер суулгах боломжгүй хүмүүст хийдэг байна.
undefined
Бичил пейсмейкер суулгах эмчилгээг олон улсад 100-150 сая орчим төгрөгөөр хийдэг, өртөг өндөртэй эмчилгээнд ордог байна. Тэгвэл Монголдоо энэхүү эмчилгээг нутагшуулж, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр эмчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Мөн УГТЭ энэ онд залуу хүмүүсийн дунд ихээр тохиолдох зүрхний цохилтын тоо түр зуур цөөрөх, хориг үүсэх төрлийн хэм алдагдлын эмчилгээг шинээр нэвтрүүлжээ.
Ингээд зүрхэнд бичил пейсмейкер суулгах мэс заслын багийн ахлагч, Зүрх судасны үндэсний төвийн дарга, зүрхний хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзийтэй ярилцлаа.
-Зүрхний хэм алдагдал гэж ямар өвчин болох талаар яриагаа эхэлье?
-Зүрхний хэм алдагдал дотроо үндсэндээ хоёр төрөл байдаг. Нэг нь зүрхний цохилтын тоо хэвийн хэмжээнээс олон байх, нөгөөх нь зүрхний цохилтын тоо цөөрдөг хэм алдагдал. Зүрхний үндсэн төв удирдлагын үйл ажиллагаа алдагдаад цөөхөн цохилж байж болно. Эсвэл зүрхний цахилгаан дамжуулах замуудын үйл ажиллагаа алдагдсанаас болоод цөөхөн цохилж болно. Зүрхний хэм алдагдал олон янзаар илэрдэг. Зарим хэм алдагдал дасгал хөдөлгөөн, хувь хүний амьдралын хэв маягаас болж илэрдэг. Зүрхний олдмол хэм алдагдал ч гэж бий. Явцын дунд, бусад өвчний шалтгаантай, эрсдэлт хүчин зүйлийн шалтгаанаар үүсэж байгаа хэм алдагдал, зарим нь төрөлхийн байдаг. Мөн удамшлын шинжтэй хэм алдагдал ч байдаг. Монголын хувьд хүн ам харьцангуй цөөхөн учраас удамшлын шинжтэй зүрхний хэм алдагдал харьцангуй цөөн. Зүрхний хэм алдагдалтай төрөх тохиолдол жилд 100 орчим бүртгэгддэг.
Харин олдмол шинжтэй, ялангуяа зүрхний цохилтын тоо цөөрөх төрлийн хэм алдагдлын эмчилгээг жилд 350-400 хүнд хийдэг. Сүүлийн үед амьдралын хэв маягтай хамааралтай, тогтмол хөдөлгөөн хийдэггүй, суугаа ажил хийдэг, ядрах, стресс зэргээс болоод хүний зүрх дэлсэх, олон цохилох төрлийн хямрал ихсэж байгаа. Ковидын дараагаас мэдэгдэхүй ихэссэн. Ковид бол маш хүнд халдвар байсан. Хүний бие махбодыг их ядрааж, энэ хэрээр зүрхний цохилтын тоог олшрох, даралт ихсэх, цус өтгөн болдог. Манай амбулаториор үйлчлүүлж байгаа нийт хүмүүсийн 60 гаруй хувь нь яг энэ төрлийн хэм алдагдалтай байна.
undefined
-Пейсмейкер гэж чухам ямар эмчилгээг хэлж байна вэ. Ямар хүн энэ эмчилгээг хийлгэж болох вэ?
-Пейсмейкер  гэдэг нь хүний зүрхэнд суулгадаг, зүрхийг цөөхөн цохилох үед хэвийн түвшинд орох хүртэл нь олшруулдаг жижигхэн суулгац гэсэн үг. Зүрх цохилохоо болиод зогсох, цахилгаан дамжуулалт нь алдагдсан учраас зүрх зогсох, маш цөөхөн цохилох, ерөнхийдөө амь насны заалтаар пейсмейкер суулгах эмчилгээг хийдэг. Үндсэн пейсмейкер суулгацыг эгмийн доор, арьсанд суулгадаг. Арьс, өөхний цаад талаар суулгаад оёдог. Зарим хүнд уламжлалт пейсмейкерийг суулгахад халдвар үүсдэг. Мэдээж гаднын биет хүний биед орж байгаа учраас халдвар үүсэх эрсдэлүүд ямар ч хагалгааны үед байдаг. Мөн хүн болгон өөр өөрийн анатомийн бүтэцтэй байдаг. Зарим хүнд зүрх рүү чиглэсэн дээд хэсгийн судас байдаггүй. Тийм тохиолдолд уламжлалт аргаар пейсмейкерийг суулгах ямар ч боломжгүй. Өндөр настай хүмүүс, төрөл бүрийн халдварын эрсдэлтэй гэх мэт үндсэн пейсмейкер аппаратыг суулгах боломжгүй тохиолдлууд их байдаг. Ийм хүмүүст бичил пейсмейкер буюу зүрхэн дотор нь суулгаж болдог суулгацыг хэрэглэж эхэлсэн. Өнгөрсөн сард манай улсад нэвтэрч, анхны мэс заслыг амжилттай хийлээ.
Бичил пейсмейкерийг цавины судас руу гуурс хатгаж, тухайн гуурсаар дамжуулж зүрх рүү оруулж, бэхэлдэг. Ингээд цавины судсанд хатгалт хийж гуурс явуулсан хэсэг нь 1-2 хоногийн дараа эдгэчихнэ. Бичил пейсмейкер зүрхэнд ороод цусаар байнга угаагдах учраас биед ямар нэг халдвар өгөх эрсдэлгүй. Өндөр настай хүмүүст зүслэгтэй хагалгаа хийхгүйгээр зөвхөн судсанд нь хатгаад хийх учраас эрсдэлийг эрс бууруулдаг гэх мэтчилэн давуу талууд энэ аппаратад байдаг. Мөн хориглох эсрэг заалт байхгүй. Зүрхний хэм алдагдалтай бүх хүнд хийх боломжтой.
-Шинэ бичил пейсмейкерийг суулгасан хүний биеийн байдал одоо ямар байгаа вэ. Мэс заслын дараа ямар нэгэн хүндрэл, өөрчлөлт гарсан уу?
-Анхны хагалгаанд орсон хүний биеийн байдал сайн байгаа. Одоо хэвийн амьдралын хэв маягтаа орчихсон. Тухайн хүн зүрхний цохилтын тоо цөөхөн, зүрх нь гэнэт зогсдог байсан. Мөн зүрхний тосгуурын жирвэгэнээ зэрэг хавсарсан хэм алдагдлуудын улмаас цусны бүлэгнэлтийн эсрэг эм уудаг. Ийм учраас уламжлалт аргаар, үндсэн пейсмейкер аппаратыг суулгах бараг боломжгүй, суулгасан ч эрсэл их байсан учраас тухайн хүн бичил пейсмейкер аппаратыг суулгахыг сонгосон.
-Одоогоор хэдэн хүнд бичил пейсмейкер суулгах мэс заслыг хийгээд байна вэ?
-Анхны мэс заслаас хойш одоогоор дахин шинэ мэс засал хийгээгүй байна. Бичил пейсмейкер аппаратыг суулгах туйлын заалттай хүн ерөнхийдөө цөөхөн байдаг. Үндсэн пейсмейкер аппаратын суулгац илүү олон байдаг. Монгол Улс даяар жилд 450 гаруй пейсмейкер суулгах эмчилгээг хийдэг. Пейсмейкер суулгах эмчилгээг анх зүрхний мэс засалч эмч нар суулгадаг байсан. 2012 оноос хойш зүрх, судасны эмч суулгаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар пейсмейкер суулгах эмчилгээг Монголд 3, 4 эмнэлэг л хийдэг. Манай эмнэлэг дээр дийлэх нь буюу 300 гаруй пейсмейкер суулгах эмчилгээг хийдэг. Эдгээр бүх хүн өөрсдөө амь насны заалтаар ордог. Амь насны заалт гэдэг нь зүрх зогсох, нас барах эрдэл маш өндөр эрсдэл байгааг хэлнэ. Дийлэнх хүмүүс яаралтай журмаар үндсэн пейсмейкер эмчилгээнд орчихдог. Яаг өнөөдөр хүлээж байгаа хүн байхгүй. Гэхдээ ойрын хугацаанд гарч ирэх магадлал өндөр, мэдээж гарч ирнэ.
-Бичил пейсмейкер суулгах эмчилгээг олон улсад өндөр үнээр хийдэг юм байна лээ. Монголд энэ хагалгааг хийхэд төлбөрийн асуудлыг яаж шийдсэн бэ?
-Ер нь бичил пейсмейкер суулгах эмчилгээ бол маш өндөр өртөгтэй эмчилгээ. Олон улсад 100-150 сая төгрөгөөр хийдэг. Шинэ технологи учир эхний хагалгааны төлбөрийг УГТЭ хариуцсан. Үүнээс цааш бид эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх талаас нь хөөцөлдөж байгаа.
-Зүрхэнд бичил пейсмейкер суулгах хагалгаа хэр удаан үргэлжилдэг вэ. Хүн хүнийхээ онцлогоос хамаараад өөр байх уу?
-Хагалгааны процедурын нийт үргэлжилсэн хугацаа нь  хүнээ бэлтгэхээс эхлээд 40 гаруй минут байсан. Зүрхэн дотор оруулж суулгац дуусах хүртэл 20 минут болсон. Монгол Улсад энэ төрлийн хагалгаа хийх боломжтой, хагалгааны үргэлжилсэн хугацаа, хийж байгаа  процедур олон улсын жишигт хүрсэн байна гэдгийг харуулсан. Ингээд манай эмнэлэг цаашид энэ төрлийн хагалгааг Монголд хийх зөвшөөрөл авсан. Шинэ технологи нэвтрүүлэхийн тулд эмч нарыг маш их бэлтгэдэг. Жишээ нь би 2016 оноос хойш бэлтгэгдэж эхэлсэн. Энэ хагалгааг хийхийн тулд тодорхой давтамжтай сургалтад сууж, шалгалт өгөх ёстой. Ингээд шалгалтуудаа өгсний дараа туршлагажих хүртлээ олон улсын багатай хамтарч хагалгаа хийдэг. Нийтдээ 50-60 орчим хагалгааг олон улсын туршлагатай экспертүүдийн хяналт дор хийснийхээ дараа бие дааж хагалгаа хийнэ. Үүний дараагаар бичил пейсмейкер аппаратыг үйлдвэрлэгч байгууллагууд Монгол Улсад тухайн аппаратыг нийлүүлэх зөвшөөрөл өгсөн. Эх орондоо хийж байгаа анхны хагалгаанд гаднын экспертүүд ирж дахин хянадаг. Анхны хагалгааг гаднын экспертүүдтэй хамтарч хийсэн.
undefined
-Пейсмейкер аппаратын батарейн ажиллах хугацаа 10-15 жил шүү дээ. Үүний дараа яах вэ?
-Орчин үед  тусгай лидиум батарейнууд гараад ирсэн. Хэмжээ жижиг ч хүчин чадлын хувьд 10-15 жил туршид өөрийнхөө үйл ажиллагааг хадгалах чадвартай. Уламжлалт пейсмейкер суулгасан сорвийг дахин зүсээд,  батарейтайг нь сольчихдог. Бичил пейсмейкерыг зүрхэн дотор суулгах учраас батарейг солих боломжгүй. Иймд хажуу талд нь нэмж пейсмейкер суулгана гэсэн үг.
Гэхдээ орчин үед хими судлалын салбар хурдацтай хөгжиж байна. Олон улсын хурлуудад бичил пейсмейкер аппарат хоёр, гурвыг хүний зүрхэнд суулгасны дараа яах талаар асуудал маш их яригддаг. Бид арван жилийн дараа ямар шинэ технологи гараад ирсэн байхыг мэдэхгүй. Бичил пейсмейкерээс илүү хүчин чадалтай аппарат гараад ирсэн байхыг үгүйсгэхгүй. Батарей бол санаа зовох асуудал биш гэж бодож байна. Сүүлийн үед өөрийгөө цэнэглэх чадвартай, зүрхний хананд уядаг пейсмейкэр хийхээр судалж байгаа. Зүрх агших үедээ өөрөөсөө цахилгаан ялгаруулдаг. Аппарат зүрхнээс ялгарч буй цахилгааныг хурааж, өөрийгөө цэнэглээд, буцаагаад зүрхээ ажиллуулна. Зүрх ажиллахад үүсэж байгаа энергийг хуримтлуулж, эргээд түүгээр зүрхийг ажиллуулна гэсэн үг. Энэ технологи нэвтэрвэл бид ирээдүйд батарейгүй пейсмейкер ашигладаг болж ч магадгүй. Энэ нь эмнэл зүйн судалгаа руугаа удахгүй орох гээд бэлтгэгдэж байгаа юм билээ.
УГТЭ зүрхний цохилтын тоо түр зуур цөөрөх, хориг үүсэх төрлийн хэм алдагдлын эмчилгээг шинээр нэвтрүүлжээ
-Зүрхний хэм алдаглын өөр эмчилгээ байдаг уу?
-Зүрхний мэдрэлжүүлэлтэд модуляци хийх, түлэх замаар зүрхний цохилтын тоог тогтворжуулах хагалгааг нэвтрүүлсэн. Зүрхийг мэдрэлжүүлж байгаа мэдрэл нь нэг бол олон цохиулдаг, нэг бол цөөхөн цохиулдаг. Аль нэг нь хэт давамгай  ажиллахаар зүрхний хэм алдагдал үүсдэг. Эдгээрээс нэг хүндрэлтэй, бидний шийдэж чадахгүй байсан хэм алдагдал нь залуу насныханд ихэвчлэн тохиох түр зуурын шинжтэй зүрхний цохилтын тоо цөөрөх, хориг үүсэх төрлийн хэм алдагдал байсан. Хэдий түр зуурын шинжтэй ч зүрх зогсох эрсдэлийг дагуулдаг. Ийм хэм алдагдалтай хүмүүст пейсмейкер буюу байнгын суулгац эмчилгээг хийлээ гэхэд дараа нь салгаад авчихаж болохгүй. Ирээдүйд засарч болзошгүй хэм алдагдалд байнгын суулгац суулгах нь учир дутагдалтай. Нөгөө талаас тэдгээр хүмүүст тохирох эмчилгээ байхгүй байсан. Сүүлийн гурван жил олон улсад энэ эмчилгээ маш эрчимтэй хөгжиж байгаа. Үүнийг цаг алдалгүй Монголдоо нэвтрүүлж чадсан нь маш том амжилт. Эмчилгээний явц нь судсаар гуурс суулгаж, гуурсаар дамжуулж тусгай төхөөрөмж явуулдаг. Ингээд зүрхний цахилгаан зургийг зураад, түүн дотроос нь зүрхийг мэдрэлжүүлж байгаа мэдрэлийн ширхгүүдийн төгсгөлийг олоод, тэр хэсэгт нь түлдэг. Ингэснээр хэт давамгай ажиллаад байсан мэдрэлүүдийн үйл ажиллагаа тогтворжиж эхэлдэг. Одоогоор бид энэ төрлийн эмчилгээг 6 хүнд хийсэн. Эмчлүүлэхээр хүлээгдэж байгаа хүмүүс ч байна. Ийм төрлийн хэм алдагдал залуу хүмүүст их тохиолдож байгаа.
 -Ковидын дараагаас зүрх өвддөг болсон гэж ярих хүмүүс цөөнгүй болсон. Үнэхээр ковид гэх өвчин зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт оруулсан уу?
-Яг ковидоос шалтгаалж хүний зүрх нь хаагдсан талаар ямар нэг судалгаа одоогоор алга. Харин ковидын явцад зүрхний булчингийн үрэвсэл үүсэж байгаа нь батлагдсан. Гэхдээ тохиолдлын хувьд бага. Ковидын үед түрүүн хэлсэнчлэн хүнд хэлбэрийн халдвар, бие махбод маш их ядардаг. Үүнтэй хамааралтайгаар архаг ядаргааны хам шинжид орох тохиолдлын тоо эрс нэмэгдсэн.
-Ярилцсанд баярлалаа.

https://itoim.mn/a/2024/09/29/health/aue?501966c79c3f0bea3ccde69c7e1eee16
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

640мл усны шид