ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин лхагва гарагт телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Оросын эрдэмтэд хорт хавдрын эсрэг вакцин гаргаж авахад ойртсон хэмээн хэлжээ. Тэрбээр энэхүү хорт хавдрын эсрэг вакциныг шинэ эриний дархлаажуулалт хэмээн тодорхойлжээ.
Тус вакциныг ямар төрлийн хавдрын эсрэг хэрэглэх талаар тодорхой нэмэлт мэдээлэл өгөөгүй байна. Харин тун удахгүй Орос улс дээрх вакциныг ашиглан эерэг үр дүнд хүрнэ хэмээн найдаж байна гэжээ. Түүнчлэн дэлхийн өөр хэд хэдэн орон болон томоохон компаниуд ижил төрлийн төслүүд дээр ажиллаж байгаа юм. Өнгөрсөн онд Их Британийн засгийн газар Германд төвтэй “BioNTech” компанитай хамтран 2030 он гэхэд 10 мянган өвчтөнд хийх “нарийвчилсан хавдрын эмчилгээ” хийхээр болжээ. Нарийвчилсан (хувь хүний) хавдрын эмчилгээ нь хүний генийн мэдээлэл болон хорт хавдрын генийн судалгаанаас гаргаж авдаг арга юм. Ингэснээр олон төрлийн хорт хавдрын үе шатуудад хувь хүний онцлог тохирсон эмчилгээг гаргадаг байна.
“Moderna” болон “Merck” зэрэг эм үйлдвэрлэгч компаниуд хамтран хорт хавдрын эсрэг туршилтын вакциныг бүтээгээд байна. Тэдний гаргасан сүүлийн судалгаагаар шууд үхэлд хүргэдэг хүнд хэлбэрийн арьсны хорт хавдар болох “меланома” –гийн дахилт, нас баралтын гурван жилийн туршилтын эмчилгээний дараа хоёр дахин буурсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр умайн хүзүүний хорт хавдар болон өөр хэд хэдэн хорт хавдар үүсгэгч хүний хөхөнцөр вирусын эсрэг тусгай зөвшөөрөлтэй зургаан вакцин, элэгний хорт хавдар үүсгэгч гепатит вирусын эсрэг вакцинууд байдаг. Ерөнхийлөгч В.Путин цар тахлын үеэр Оросын эрдэмтдийн бүтээсэн вакцин болох “Спутник”-ийн үр дүн, аюулгүй байдлын баталгаа болгож өөрөө анхны хэрэглэгч болж байжээ.